УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар СБД-т байрлах цэцэрлэгт хүрээлэнгийн бүх модыг хядаж, орон сууцны хорооллоо өргөтгөж эхэлжээ
Улаанбаатар хотын түгжрэл төвлөрлөөс эхтэй. Төвлөрлийг бууруулахгүй л бол мянга авто замаа өргөсгөөд, хэдэн зуун тэрбумаар нь автобусны парк шинэчлэлт хийгээд түгжрэл буурах нь юу л бол. Төвлөрөлд гол нөлөөлж буй хүчин зүйл нь хотын төв цэгт олон давхар орон сууцны хороолол баригдаж буй явдал юм.
Гэвч УИХ-ын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар хотын төв цэгт олон давхар орон сууцны хороолол сүндэрлүүлж буй талаар бид өмнө нь мэдээлж байлаа.
ВИДЕО:
https://www.facebook.com/plugins/video.php?height=476&href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2FIsee.mn%2Fvideos%2F23916038571375834%2F&show_text=false&width=476&t=0
Тодруулбал, УИХ-ын гишүүн, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хороо, Циркийн урд тус бүр нь 30 орчим давхар, олон блок орон сууцны хороолол барьж буй. Нийт 13,316 м2 талбай бүхий тус газарт өмнө нь “Автобус бааз-3” үйл ажиллагаагаа явуулдаг байсан. Гэвч 2021 онд Ж.Ганбаатарын үүсгэн байгуулсан “Камдер” ХХК “Автобус бааз-3” болон бусад обьектыг худалдаж авснаар тус баазад ажилладаг 700 хүний эрх ашиг хөндөгдөж байна гэх мэдээлэл тухайн үед гарч байв.
– УРД ТАЛЫН 1400 ОРЧИМ ГА ТАЛБАЙН БҮХ МОДЫГ ХЯДАЖ, БАРИЛГАА ӨРГӨТГӨЖ ЭХЛЭВ –
Тэгвэл тус газрын урд талын 1400 орчим га талбайг Ж.Ганбаатар сайд өөрийн эзэмшлийн “Камдер” ХХК-ийн охин компани болох “Их эрэл өргөө” ХХК-ийн нэр дээр сүүлд эзэмшилдээ авч, бүх модыг нь хядаж, орон сууцны барилгаа өргөтгөж эхэлжээ.
Тэгвэл Монгол Улсад мөрдөгдөж буй барилгын норм, дүрмийн дагуу орон сууцны барилга өөр хоорондоо болон орчны барилга байгууламжийн зай хэмжээ нь 5 давхар барилга бол урд талаараа 21 метр, хөндлөн талаар 12 метр байх ёстой гэж заасан байдаг. Гэтэл энэхүү барилга нь 30 орчим давхар орон сууцны хороолол барина гэх боловч машины зогсоол, ногоон байгууламжийг хядаж, төв замд тулган, зай завсаргүй бетонон ширэнгэ босгож эхэлжээ.
Уг нь Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 6.5 дугаар зүйлд хотын төлөвлөлт, барилгажилтын норм, дүрэмд заасан хүн амын нягтралын хязгаарыг давсан газарт инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламж барихаас бусад зориулалтаар шинээр газар эзэмших, ашиглах эрх, барилга байгууламж барих зөвшөөрөл олгохгүй гэж заасан байдаг.
Гэвч бодлогоос давсан шийдвэр, хуулиас давсан эрх мэдэл байгаагийн нэг жишээ энэ болж, Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний эсрэг үйл ажиллагаа явуулж, цэцэрлэгт хүрээлэнг хяджээ. Энэ мэт хотын төв цэгт зай завсаргүй, замд тулсан бетонон ширэнгэ босгож буй нь төвлөрлийг улам бүр нэмэгдүүлж, 0 зогсох эрсдэл үүсгэж болзошгүй байна.
Эх сурвалж: isee.mn