Шинэ Хархорум хот төр захиргааны төв болно

0


Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. 
Шинэ Хархорум хотыг бүтээн байгуулах Үндэсний хорооны хурал өнөөдөр болж, шинэ хотын бүтээн байгуулалттай холбоотой хэрэгжүүлсэн ажлаа танилцуулав.


Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулах зарлиг гаргаснаа өнгөрсөн жил Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний түүхт 111 жилийн ойн өдөр болгон зарласан билээ.

Ерөнхийлөгчийн зарлиг гарсны дараахан Засгийн газраас 2023 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр “Орхоны хөндийд хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлж, УИХ нэгдүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдаанаар уг тогтоолын төслийг баталсан юм. Ерөнхийлөгчийн зарлигт эртний нийслэл Хархорум хотыг сэргээн байгуулж, Монгол Улсын хөгжлийн шинэ төв байгуулах тухай тусгасан.

Шинэ Хархорум хотыг бүтээн байгуулах үндэсний хороог Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн ахалдаг. Үндэсний хорооны дэргэдэх Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааг Улаанбаатар хотын ерөнхий архитектор байсан Н.Нацагдорж даргалан ажилладаг ба тус хорооны хурал өнөөдөр болж, шинэ хотын бүтээн байгуулалттай холбоотой хэрэгжүүлсэн ажлаа танилцуулав.

Шинэ Хархорум хотыг Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд 189 мянган га газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, 500 мянган хүн амьдрахад зориулан төлөвлөх юм.

Хархорум хотын замын байгууламжийн 70 хувийг явган болон дугуйгаар зорчих, нийтийн тээвэрт, 30 хувийг автомашины хөдөлгөөнд зориулна. Ажлын байртай уялдуулан орон сууцжуулалт, соёл урлаг, бусад үйлчилгээг нэвтрүүлэх ба өндөр технологи нэвтрүүлсэн, хог хаягдал, дэд бүтцийн асуудлаа бүрэн шийдвэрлэсэн ухаалаг хот байгуулах гэнэ.

Шинэ нийслэл нь төр захиргааны төв болно. Ерөнхийлөгчийн ордон, Хархорум хотын захиргаа байгуулна. Засгийн газар болон яамдуудыг үе шаттайгаар нүүлгэн шилжүүлнэ. Олон улсын байгууллагууд, Элчин сайдын яамд, эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхээр хэмээн төлөвлөжээ.

Улаанбаатар хотыг 9800 га талбайд төлөвлөсөн бол Хархорум хот 25780 га төлөвлөлтийн талбайтай. Хотын төв цэгийг товлон өнгөрсөн есдүгээр сард геодезийн тэмдэг тавьсан бөгөөд төв цэгээс эхлэн бусад төлөвлөлтүүдээ хийнэ. Төв цэгт 360 метрийн диаметр бүхий хүрэл цутгамал дурсгалын байгууламжийн бүтээн байгуулалтыг 2024 онд эхлүүлэх юм байна.

Ерөнхийлөгчийн ордныг 60 га талбайд байгуулах бөгөөд эзэнт гүрнийг төлөөлсөн дөрвөн хүндэтгэлийн танхим бүхий гурван давхар барилга барих аж. Ордныг “Өндөр толгой” хэмээх газарт байгуулахаар товлосон учир “Өндөр ордон” гэж нэрлэхээр тогтсон байна.

Олон улсын зэрэглэлийн нисэх буудлыг хотын төвөөс 50 км-ийн дотор байгуулна. Мөнх хааны үед Хархорум хотын суу алдар дэлхий даяар түгэн мандсан түүхтэй тул нисэх буудлыг “Мөнх хаан” гэж нэрлэхээр төлөвлөжээ. Хөшигийн хөндий дэх “Чингис хаан” нисэх буудал зургаан гарцтай бол “Мөнх хаан” 18 гарцтайгаар төлөвлөсөн байна.

Одоогоор шинэ Хархорум хотын үзэл баримтлал, ерөнхий төлөвлөлтийг хийж буй аж. Усны гидрогеологийн судалгаа, хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, ТЭЗҮ, дэд бүтцийн ажлын зураг төсөл боловсруулах ажилд 64 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай гэсэн саналаа БХБЯ-нд хүргүүлжээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *