Л.ГАНТӨМӨР: ЭВЛЭНЭ ГЭДЭГ ДАЙТАХААС ХҮНД ЮМ БАЙНА
АН-ын дарга Л.Гантөмөртэй ярилцлаа.
-2024 оны сонгууль хаяанд ирлээ. АН ямар стратегитай энэ сонгуульд оролцох вэ?
-Сүүлийн хоёр сонгуульд ардчилсан хүчнийхэн ялагдсанаар Монголд дарга нийгэм үүсчихээд байгаа. Дарга нийгмийг задлаж, монголчууддаа эрх чөлөөг нь буцааж аваачих, хувийн хэвшил Монголын хөгжлийг тодорхойлдог болох тэр зүг рүү гол бодлогоо чиглүүлнэ. АН үнэт зүйлээ хамгаалсан сонгууль болно. АН боловсролд суурьтай улс төр хийнэ гэж үйл ажиллагааны зарчмаа тодорхойлж байгаа. Боловсрол төвтэй гэж ойлгож болно. Нөгөөтэйгүүр үзэл санаан дээрээ суурилсан улс төрийн хүчин байна гэдгээ илүү тодотгож байгаа. Энэ үзэл санаагаа бид илүү төгөлдөржүүлж, үндэсний хэмжээний стратегиа гаргаж байгаа. Үндэсний хэмжээний стратеги бол “Өргүй Монгол”. Энэ “Өргүй Монгол” стратегийг үе шаттайгаар хэрэгжүүлнэ гэсэн зорилттой ажиллаж байгаа. АН аль ч сонгуулиар Монголын өрийг нимгэлэх, өрийн дарамтыг алга болгох гэдэг чиглэлийг барьж оролцоно.
-Өрийн дарамтгүй Монголыг яаж хэрэгжүүлэх юм, Монгол Улсын нэг иргэн яг одоо хэдэн төгрөгийн өртэй байгаа вэ?
-Өнөөдөр Монголын зовлон өр болчихоод байна. Өрийн тааз маш өндөр байна. ДНБ-д эзэлдэг хувь хэмжээ замбараагүй болчихлоо.
Нэг хүнд оногдож байгаа өрийн хэмжээ өнөөдөр 33 сая төгрөг байна. АН-ын алсын хараа бол Монгол Улс өргүй болъё, Монголын иргэнээ өрийн дарамтнаас чөлөөлье гэж байгаа юм. Ер нь өрийг үүсгэж байгаа гол хүчин зүйл бол Монгол Улсын төсөв байгаа. Төсвийг жилээс жилд зузаалж байгаад ширээн дээр байгаа Монголын эдийн засгийг дарга нар өөрсдийн халаасанд хийчихэж байна.
Хувийн хэвшилд мөнгө үлдэхгүй байна. Ингэхээр мөнгөний бодлого нь өндөр гараад, жишээлбэл төсөв 27 их наядаар батлагдах юм бол бодлогын хүү 13 хувьтай байна. Зах дээр банкнаас очдог мөнгө алга болно. Банк зээл өгөхөө болихоор хадгаламж зээлийн хоршоо, банк бус санхүүгийн байгууллагын зээл иргэд дээр очно. Дээр нь ломбардны хүү төлөх ажил гарна. Өөрөөр хэлбэл банкны хэвийн зээлээр ард түмнээ хангаж чадахгүй байна гэсэн үг. Банкны хэвийн зээлээр ард түмнээ хангадаг болохын тулд бидний дэвшүүлж байгаа “Өрийн дарамтгүй Монгол” хэрэжих ёстой. Ингэхийн тулд төсвөө танах хэрэгтэй, Засгийн газрынхаа бүтцийг багасгах хэрэгтэй, дарга нарынхаа тоог багасгах хэрэгтэй, захиргааны зардлаа хасах хэрэгтэй, дарга нарынхаа тоог цөөлөх хэрэгтэй. Мэдээллийн технологийн эрин зуунд амьдарч байгаагаа маш сайн ойлгож, үйл ажиллагаагаа явуулах шаардлагатай. Төрийн байгууллагын зохион байгуулалтын зардал 3 их наяд буюу нэг тэрбум ам.доллар даваад явихлаа. Үр дүнгүй хөрөнгө оруулалт мөн л 3 их наяд давчихсан. Энэ нь монголчуудын төлж байгаа татвар, монголчуудын бүтээж байгаа баялгийг бүгдийг нь төр засаг хамаад хамсан мөнгөө дарга нар өөрсдийн хэрэгцээнд зориулдаг ийм дүр зурагтай болоод найман жил боллоо. Энэ чигээрээ яваад байвал Монгол улам өртэй болно, нэг хүнд оногдох өрийн хэмжээ хэдэн арван саяар дахиад нэмэгдэнэ. Тэгэхээр АН төсвөө багасгая, ард түмний мөнгийг хэмнэе, илүүдэл гарвал үүнийгээ хөгжлийн бодлогод зориулъя л гэж байгаа юм. Хоёрдугаарт мөнгөний бодлогоо сулруул, бодлогын хүүгээ бууруулаад явах ёстой. Мөнгөний бодлогоо зөв болгоод, инфляцийг зөв онилох ёстой. Үнийн өсөлтийг тавиад туучихлаа, одоо хэлэлцэж байгаа төсвийн төслийн дагуу 27 их наядыг зарцуулбал энэ үнийн өсөлт бүр гаарна. Монголын эдийн засаг бол хэрэглээний эдийн засаг, уул уурхайн эдийн засаг болчихоод байгаа. Гуравдугаарт,т санхүүгийн зах зээлээ бид хөгжүүлэх хэрэгтэй. Хөрөнгийн биржийг зөв зохион байгуулбал уул уурхайн томоохон компаниуд, Эрдэнэт, Эрдэнэс Тавантолгой гэх мэт дарга нарын халаасанд орчихоод байгаа компаниудыг ард түмэндээ өгч чадна.
-Төсвийн төсөл, Мөнгөний бодлогыг УИХ яг одоо хэлэлцэж байна. Энэ төслийг харахад “Өрийн дарамтгүй Монгол” болох та нарын дэвшүүлээд байгаа стратеги хэрэгжих магадлал харагдах нь уу?
-Монголын УИХ дээр одоо бол эрүүл хүн бараг харагдахгүй байна. Бүгдээрээ сонгуульд хэрхэн сонгогчдоо авлигадах вэ, хэрхэн юм хийсэн дүр эсгэх вэ гэсэн уралдаан, буянтны дүрээр очиж санал авах гэсэн галзуурал явж байна. Ийм байхад эрүүл саруул бодлого гарна гэдэгт би итгэхгүй байна. АН-ын кноп хэтэрхий цөөн учир нөлөөлөх боломж бага байна. Бид ирэх сонгуульд ялалт байгуулаад төсвийн тодотгол хийх нь ойлгомжтой харагдаж байна. Шууд гэрээнүүдийг бид наадмын дараа бүгдийг нь цуцлах ажил гарах нь ээ. Үргүй зардлуудыг бүгдийг нь буцаах ажил гарах нь. Би та нарыг ажилтай болгох гэж байна, би бүтээн байгуулах гэж байна гэсэн одоогийн их хурлын гишүүдийн солиоролд автахгүй байхыг дашрамд хувийн хэвшлийнхэндээ би сануулчихъя. Дараа нь хохирол гэж хэмжээ дамжаагүй юм гарч ирнэ ээ, авлигын хэрэг гэж ар араасаа цуварна. Ногоон автобусын дээрэм шиг юм үе шаттайгаар гарах гээд байна.
-Наадмын дараа бид төсөв тодотгоно гэж та ярилаа. Ялна гэж сонгуульд оролцох нь улс төрийн намуудын зорилго байх нь тодорхой. АН-ын рейтинг судалгаануудаар ямар байгаа вэ?
-АН-ын үндсэн дэмжигчид дэмжинэ гэдгээ байнга хэлж байгаа. Монголын ард түмэндээ юу зорьж байгаагаа ил тодоор ярина. Монголын ард түмнийхээ саналыг сонсоно. Энэ өрийн сүлжээг бид ард түмэнтэйгээ нийлж л устгана шүү дээ. Бүх хүн өрийн сүлжээнд орчихсон байгаа. Нэг нь нөгөөдөө зээлтэй. Ломбард, банк бусад зээлтэй, хүүгийн хүүгийн дарамтад орчихсон. Энэ байдлаас хэдүүлээ яаж гарах вэ гэдгээ ард түмэнтэйгээ нүүр тулаад ярилцаж чадах юм бол асуудалгүй ялалт байгаа.
Монгол бол төв Азийн цээжинд байгаа эрх чөлөөний сувдан арал шүү дээ. Энэ сувдан арлыг алдах уу, хамгаалж авч үлдэх үү гэдэг тулаан бол ирэх сонгууль. Монголчууд өөрсдийн эрх чөлөөг хамгаалах сонголтыг хийнэ гэдэгт миний хувьд эргэлзэхгүй байгаа.
Хамгийн гол нь энэ сонголтын дараа бид хэлсэн үгэндээ хүрэх, амласан зүйлээ хийх, ард түмнийг хуурахгүй байх, Монголд жинхэнэ ардчиллыг нутагшуулах гээд маш олон даалгавар ард нь байгаа.
-Удахгүй нүүрсний хэргийн сонсгол болох гэж байна. АН-ын байр суурийг сонсъё. Танай намын гишүүд энэ хэрэгт бас холбогдсон байгаа.
-Хулгай луйвартай холбогдсон УИХ-ын гишүүдийг хамгаалах зүйл бидэнд байхгүй. Нүүрсний хэрэг дээр маш тодорхой зүйл байгаа. Ковидын үеэр тээврийн үнийг хэн өсгөв. Хэн өсгөж тэндээс маш их мөнгийг дээрэмдэв гэдэг эхний том асуултад заавал хариулт олох хэрэгтэй. Бөмбөлөг гэдэг юмыг зохион байгуулаад тэндээс хөрөнгөжсөн хүмүүсийг шалгах учиртай. Дээр нь бүртгэлгүй нүүрс ачсан асуудал. Хятад талдаа хүн нь баригдаад, цаазын ял сонссон ийм тодорхой хэрэг. Монголын талаас гаргасан хүмүүс нь бас тодорхой байгаа шүү дээ. Энэ асуудлыг илчлэх учиртай. Дээр нь өнгөрсөн хугацаанд гаргасан нууц гэрээнүүдийг бүгдийг ил болгоол дарга төвтэй төрийн бүгдийг нуудаг хаадаг, нууцын тамгаар далдалдаг энэ явдлыг илчлэх хэрэгтэй.
-АН-ын дарга болсноосоо хойш та иргэдтэй хэр уулзсан бэ, Монголын эдийн засаг, иргэдийн амьжиргаа ямархуу байна гэж энэ уулзалтаас дүгнэж байгаа вэ?
-Гандуу байна, гундуу байна. Гэхдээ зориг зүрх мөхөөгүй байна. Өөрт нь боломж байгааг уулзсан хүн бүхэн хэлж байна. Боломжоо эдлэмээр байна. Харамсалтай нь өөрт байгаа боломжоо эдлэх гэхээр хажуугаар төр засаг орж ирээд байна. Төрийн дэмжлэгтэй хүмүүс орж ирээд бидний боломжийг булаагаад байна гэж байна. Ажлаа хийгээд явж байхад хажуугаар нэг хурган дарга орж ирээд хамаг ажил нураагаад байна. Иргэд ганц л зүйл хэлж байгаа. Тэр нь төрийн дарамтыг алга болгооч ээ гэдэг хүсэлт. Төрийн нэр барьсан хулгайчдаас салгаж өгөөч ээ, ялангуяа төрийн албыг цэвэрлэх гэдэг зүйл нэлээд яригдаж байна. Боловсролгүй хүмүүсээр төрийн алба дүүрэх нь ээ гэдэг шүүмжлэл их байна. Жишээлбэл, ногоон автобусын хулгай гарахад төрийн албан хаагчид оролцсон гэдэг нь их тодорхой харагдаж байна. Төмөр зам дээр нэг нөхөр 7 тэрбум төгрөг халаасалчихсан л байж байсан, Эрдэнэт үйлдэрийн нэг жижиг дарга нь бас 7 тэрбум төгрөг халаасалчихсан байсан. 7 тэрбум төгрөг гэдэг бол нэг сургууль барих мөнгө шүү. Бүтэн сургууль нэг хурган даргын халаасанд л явж байна гээд бод доо. Иргэд бол боломжоо эдлэмээр байна, хичээж байгаад сайхан амьдармаар байна. Төрийн дарамтыг л алга болгочих гээд байгаа юм.
-Төрийн албыг цэвэрлэх АН-ын стратеги юу байх юм?
-Боловсрол төвтэй улс төр хийнэ л гэж байгаа юм, бид. Боловсролтой хүмүүсийг төрийн албанд оруулдаг үндсэн системийг нутагшуулах ёстой юм билээ. Яавал арын хаалгаар төрийн албанд ордог байдлыг халах вэ гэдгийг бодох хэрэгтэй. Боловсролтой хүмүүсийнхээ үнэлэмжийг нэмэгдлүүлэх хэрэгтэй. Мэдээж хугацаа орно. Гэхдээ арын хаалгаар төрд орсон, боловсролгүй хүмүүсийг цэвэрлэх хэрэгтэй. АН-д ч ийм нөхөд байгаа бол төрийн алба руу зүтгэж болохгүй. Боловсролтой, тэгээд түмэн олны төлөө сэтгэл зүрхээрээ ажиллана, үйл хэргээ ард түмний төлөө зориулна гэсэн хүмүүсээ л төрийн албанд оруулдаг тогтолцоог хойшлуулахгүйгээр эхлүүлнэ.
-АН-ын үнэт зүйл Монголын жирийн иргэнд яаж нөлөөлөх вэ?
-Ардчиллын хамгийн үнэт зүйл бол эрх ёөлөө. Шүүхийн шударга тогтолцоо бий болж байж эрх чөлөөгөө эдэлнэ, эдийн засгийн эрүүл тогтолцоо бий болж байж эрх чөлөөгөө эдэлнэ. Яг одоогийн дарга нийгэмд байгаа шиг үг хэлснийхээ төлөө яллагддаг, уриалан дуудсаныхаа төлөө хэрэгтэн болдог, асуудал дэвшүүлснийхээ төлөө ад үзэгддэг байж болохгүй. Ард түмэн дээрээ суурилсан төрийг байгуулах нь Үндсэн хуулийн ерөнхий зарчим. Шударга ёсыг, ардчилсан зарчмыг, хүнийг ялгаварлахгүй байхыг үйл ажиллагааныхаа үндсэн зарчим болгон ажиллах ёстой байхгүй юү. Ардчиллын үнэт зүйл гэж эрх чөлөөгөө л хэлж байгаа юм. Эрх чөлөөгөө бүрэн эдлэхийн тулд яах вэ гэхээр өргүй Монголд л эдлэх юм байна гэдгийг бид хэлээд байгаа юм. Өртэй хүн өөдөлдөггүй, өттэй ямаа таргалдаггүй гэж үнэхээр үнэн үг юм байна. Төр өр үүсгэж байна. Төр ард түмнээ бодлогоороо өрийн сүлжээнд оруулж байна. УИХ өөрөө төсөв батлахдаа монголчуудыг өрөнд оруулж байна, УИХ хөрөнгө оруулалтыг татахгүй байснаараа ард түмнээ өрөнд оруулж байна.
-Төрийн халамжаас АН яаж ангижрах юм. Халамж нөгөө талдаа ядуурлыг улам дэвэргэдэг…
-Олон халамжаас бид татгалзана. Төрийн нүсэр бүтцийг хална. Стратегийн, илүү ухаалаг бүтэц рүү шилжихгүй бол төрийн захиргааны үйлчилгээний алба дарга нарын анги болж хувирсан байна. Гол асуудал энд байна. Төрийн нүсэр бүтцийг алга болговол ард түмэн аяндаа чөлөөрнө. Төрийн нүсэр бүтэц иргэдийнхээ амьдралыг самраад байна.
-Төрийн нүсэр бүтэц гэхээр хамгийн түрүүнд Засгийн газар л харагддаг л даа. Танай нам яллаа гэхэд таны Засгийн газар цомхон байж чадах уу?
-Бид “Өргүй Монгол”-ын төлөө үнэнчээр зүтгэе л гээд байгаа юм. Үүний төлөө хувийн болоод намын эрх ашгийг хойш тавья. Үндэсний эрх ашиг дээрээ нэгдье. Төр ингэж бузартсан үед цаашаа явахгүй гэдгийг бүх хүн хэлээд байгаа. Загас толгойноосоо өттөг. Сайд нарын тоо эрс багасгах хэрэгтэй, агаентлагуудыг нэгтгэх ёстой. Үйлчилгээ цахим руу шилжих учиртай. Хувийн хэвшилд зах зээлийг нь гаргаж өг, орон зайг нь гаргаж өг. Дэмжихгүй юм аа гэхэд битгий садаа бол хувийн хэвшлийнхэн хэлээд байгаа нь үнэн шүү дээ.
-Өнгөрсөн хоёр удаагийн сонгуулиар ялагдсан шалтгаанаа АН яг юу гэж тодорхойлсон бэ?
-Нэгдүгээрт дотоод эв нэгдлээ хангаж чадаагүй, хоёрдугаарт үзэл санаасаа ухарсан, гуравдугаарт юуны төлөө явж байгаа гэдэг стратегиа гаргаагүй. Ийм алдаанууд байсан учраас бид өргүй Монгол болъё гээд стратегиа зарлаж байгаа юм. Мэдээж нэг өдрийн дотор хийж чадахгүй. Урт хугацаанд, үе шаттайгаар гэхдээ заавал хэрэгжүүлэх ёстой.
-Дотоод эв нэгдлээ хангахын тулд АН юу хийж байгаа вэ?
-Бүх хүний оролцоог л бий болгож байгаа. Оролцоогүйгээр хасаад л, цавчаад л байх юм бол нам сулраад л байна. Намын дарга гэдэг нэг хүн дээр эрх мэдэл төвлөрүүлэхгүйгээр эрх мэдлийг хувааж байршуулж байгаа. Жишээлбэл, олон дэд даргатай болгож салбаруудыг хариуцуулж байгаа. Бодлого гаргахад оролцуулж байгаа. Тэр бодлогоо ард түмнээрээ хэлэлцүүлээд явах боломжийг нь нээж байгаа. Ер нь оролцоо байвал л хүмүүс хагаралддаггүй юм байна. Гадаа хаяад, гадуурхаад эхлэхээр л хагаралддаг юм байна. Хоёрдугаарт стратеги дээрээ нэгдэж чадвал хагаралддаггүй юм байна. Бүгд оролц, бүгд оролцохдоо стратеги дээрээ нэгдмэл байя гэж байгаа. Монголыг өргүй болгох гэдэг дээр үнэнч бай, өр тавьсан үйл ажиллагааг битгий санаачил, Монголыг өрөнд оруулах алхам битгий хий. Харин одоо нэгэнт үүсчихээд байгаа өрийг байхгүй болгох дээр ухаанаа уралдуул гэж байгаа юм. Экспорт нэмбэл болно, үйлчилгээний чанар сайжирбал болно, шударга ёс тогтоовол болно. Хяналтын механизм гэдэг юм алга болсон болохоор хулгай гаараад байна. 600 ногоон автобус худалдаж авахад Монголын төрөөс хэн ч хянаагүй. Энэ бол аюул. Төр хяналтгүй болчихсон. Хянадаг бүтэц нь ажиллахаа больчихсон. Мэдээлэл байхгүй, бүгд нууцалсан.
-Хянах боломж уг нь УИХ дахь цөөнхөд байгаа.
-10-хан гишүүнтэй ш дээ. Гэхдээ зүгээр суухгүй. Ногоон автобус нэрээр хийсэн дээрэм дээр мөрдөн шалгах хороо байгуулахыг бид шаардаж байгаа. Бэрхшээл байна. Ковидын сонсгол хийе гэхээр мэдээлэл өгөхгүй байна. Монгол Улс бол бүхэлдээ дарга төвтэй улс болчихсон, дарга нар нь бүр хэтэрхий олуулаа болчихсон байна. Ард түмнээрээ ярьж байна шдээ. Төрд орсон бүхэн олигархи болсон байна. Найман жил засагласан энэ том хүчний өмнөөс АН-ын аравхан гишүүний тэмцэл юу ч болохгүй байна. Бид эрх барьж байж энэ бүхнийг ил болгох юм байна, нууц болгоныг гаргах юм байна, хяналттай төрийг байгуулах юм байна. Би жишээ нь АН ялбал хяналтын механизмаа цөөнхөд өгнө гэж байгаа. Хууль зүйн сайдыг цөөнхдөө өгнө гэдэг байдлаар хяналтын механизмаа хэрэгжүүлнэ. Өөрсдөө эрх барьчихаад өөрсдийн намын хүнээр хянуулна гэдэг томилгоог хийхгүй. Ямар ч байсан Хууль зүйн сайдаар Засаг өөрийгөө хамгаалуулаад, прокуророор өмөөрүүлээд, шүүхээр хамгаалуулж байгаад ногоон автобусын хэрэг хийгээд байж болохгүй гэдэг нь харагдаж байгаа биз дээ. Шүүхийн бие даасан байдал асар чухал юм байна, прокурорын бие даасан байдал асар чухал юм байна, тагнуулын хараа хяналт асар чухал юм байна, энэ болгоныг бие даалгах гэдэг бол хяналтынг механизмийг амилуулах хүчин зүйл юм байна.
-АН-ын дарга болгон руу дотроосоо ноцдог явдал имиж болтлоо давтагдлаа. Танай нам дотоод асуудлаа дотроо шийдэж яагаад чадддаггүй юм бэ?
-Ардчиллыг нухчин дарах нь гаднын бодлого. Тийм учраас ингэж олон давтагдаад байгаа юм. Энэ бол Монголын эрх чөлөөний өөдөөс явж байгаа сум. Нөгөө талдаа шүүмжлэл бол байх л асуудал. Намын дарга энэ шүүмжлэлийг эергээр хүлээж аваад үйл ажиллагаандаа дутагдал байгаа бол засаад явах ёстой.
-Танай нам ерөнхий нарийн бичгийн даргаа томилохгүй нэлээд удлаа. Үүнээсээ болоод та нэлээд шүүмжлэлд өртөж байх шиг байна. Таны халаасанд ямар нэр байгааг сонирхмоор байна. Ерөнхий нарийни бичгийн даргадаа та ямар шалгуур тавьж байгаа юм бэ?
-Хамтын бүтцээ бид өнгөрсөн хугацаанд угсраад авлаа. Хамгийн гол зүйл бол хамтын удирдлага. Улс төрийн зөвлөлтэй болчихлоо. Улс төрийн зөвлөл эрх мэдлээ өөр дээрээ авсан МАН-тай харьцуулаад байх шиг байна. МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга мөнгөө ч мэддэг, хүнээ ч мэддэг, бүх юмныхаа дарга байдаг. АН бол Улс төрийн зөвлөл дээрээ тэр “ мэдэх” гэдэг зүйлээ татаад авчихсан. Ерөнхий нарийн бичгийн дарга томилохоос чухал асуудал бол бүх гишүүдийнхээ оролцоог хангах. Үүнийгээ өнгөрсөн хугацаанд хийлээ. Гантөмөр гэдэг хүний дарангуйлал энэ намд тогтож болохгүй биз дээ. Хүсэхгүй байгаа юм, хүсэхгүй байтугай хийхгүй байгаа юм. Бүгдээрээ оролц л гээд байгаа. Бүгдийн оролцоогоор дамжуулан дараах үедээ боломжийг нээж байгаа. Залуу үедээ боломж олгож байгаа. Би хувьдаа гал тогоо хариуцдаг, өдөр тутмын үйл хэргийг хариуцдаг ерөнхий нарийн бичгийн даргаа залуу хүнээр харж байгаа.
-АН-ын эв нэгдэлгүй байдал нам доторхи фракцуудаас эхэлсэн. Гэтэл АН энэ фракцуудаа хумиж, дотоод эв нэгдлээ хангахын оронд шинэ тутам фракцуудаар бүл нэмээд л байгаа харагдах юм. Фракц заавал АН-д байх ёстой юу?
-Манай дүрэм дээр албан ёсоор фракц гэдэг зүйл байхгүй. Намын үйл ажиллагаа сая сүүлийн хэдэн жил доголдлоо шүү дээ. Нам хуваагдлаа, талцлаа, намгүй ч боллоо. Тамга тэмдэг нь ч хаана байгаа юм бүү мэд л байлаа. Аймгийн намын дарга ч гэж байхгүй байлаа, намын хорооны гишүүд ч байхгүй боллоо. Энэ жилээс сэргэж байна, нэгдэж чадлаа. Энэ үйл явц дунд АН-д олон клубууд мэндэлж байгаа. Клубуудын үйл ажиллагааг харахаас фракц мэт боловч үйл ажиллагаа нь тодорхой бодлого дээр төвлөрч байгаа. Бодлогыг олуулаа нийлээд хэлэлцэх гэж клуб болон нэгдэж байгаа. Муу юм биш. Болдогын хэлэлцүүлгүүд хийдэг клуб харин ч байх ёстой. Намын даргын хувьд нэг л зарчим хэлж байгаа. АН-ын гишүүд бид энэ хүнд цаг үед эрхэм зорилго бол Монгол Улсын хөгжил дэвшил шүү. Тийм учраас Монголыни эрх ашиг номер нэг шүү. Монголын эрх ашгийн дараа АН-ын эрх ашиг байгаа шүү, тэрний дараа наад клуб найз нөхөд, өөрийгөө бодоорой л гэж байгаа. Энэ зүйлийг манай С.Зориг агсан их эртээ хэлчихсэн л байдаг. Тэр үед ч ийм зүйл байж л байсан байна шүү дээ. Гэтэл хувийн эрх ашгийг хөөдөг, дарга нийгмийг үүсгэдэг нам ямар байгааг бид бүгд л харж байна.
-Намаа нэгтгэхэд хамгийн бэрхшээлтэй байсан нь юу вэ?
-Хамгийн том бэрхшээл бол ойлголцол. Ер нь эвлэх гэдэг дайтахаас хүнд юм байна. Их муудчихсан хоёр хүнийг уулзуулаад суух хамгийн хүнд юм байна. Дайтах бол, хэрүүл хийх бол амархаан. Эвлэх, ойлголцох гэдэг бол асар их тэвчээр шаарддаг юм байна. Гэхдээ АН чадсан.
-МАН-ын дарга нар жагсаалтад орохгүй ээ, тойрогт очиж нэр дэвшинэ гэсэн чигтэй байгаа юм шиг байна. Танай намын хувьд тийм зорилго, зорилт байгаа юу?
-Үндсэн хуулийнхаа үзэл санааг их сайн харах хэрэгтэй. Пропорциональ элементийг оруулж ирж байгаа шалтгаан бол намынхаа үзэл санааг хамгаалах хүмүүсээ оруул аа л гэж байгаа юм. АН-ын үзэл санааг хамгийн сайн хамгаалж чадах, “Өргүй Монгол”-ын төлөө тууштай зүтгэж чадах эцсээ хүртэл сууж чадах, ард түмний мөнгийг хэмнэж чадах, төрийн түшээ байснаараа ядуу амьдралтай болно оо гэдгээ ойлгож чадах тийм хүмүүсийг жагсаалтад оруулна. Жагсаалтад “Өргүй Монгол”-ын төлөө эцсээ хүртэл явж чадах хүмүүс, эрх чөлөөний талд хатуу зогсож чаддаг хүмүүс, Монголын хөгжил дэвшлийн тал дээр хатуу байж чаддаг хүмүүс, Монголын эрх ашгийг нэгдүгээрт тавьж чаддаг хүмүүс л орно.