АТГ-аас улаан автобусны худалдан авалтыг шалгаж эхэлжээ

0


Нийслэлийн автозамын түгжрэлийг шийдэх ажлын хүрээнд нийтийн тээврийн парк шинэчлэлт хийхээр нийслэлийн өмнөх удирдлагууд “хичээсэн” ч талаар болов. Парк шинэчлэлтээр БНСУ-д үйлдвэрлэсэн их багтаамжийн 600, дунд оврын 50, 160 цахилгаан гээд нийт 810 цоо шинэ автобус нийслэлчүүдэд үйлчилж эхлэх байсан боловч энэхүү том амбиц алсрав. 

Дуулиант ногоон автобусны хэрэгтэй зэрэгцэн улаан автобусны асуудал ургах нь. 

Их багтаамжийн дизель хөдөлгүүртэй улаан автобус 224 ширхэг худалдан авахаар  БНХАУ-ын Нанжин хотод байдаг “Golden Dragon” компанитай нийслэл 2022 он аравдугаар сарын 11-ны өдөр гэрээ байгуулсан байдаг.

Хотын удирдлагууд  “Xiamen golden dragon bus”-ний нэг бүрийн үнийг 561,081 юань буюу 265 сая төгрөг гэж олон нийтэд танилцуулж байсан билээ. Гэвч нийслэлийн 2022 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайлангаас харахад, нийслэлийн удирдлагуудын танилцуулсан дээрх дүнгээс аудитын дүгнэлтийн мөнгөний хэмжээ нийт найман тэрбум төгрөгөөр давж байна. 

Тодруулбал, нийлүүлэгч БНХАУ-ын “Xiamen golden dragon bus” үйлдвэрийн автобусны нэг бүрийн үнэ 640,781 юань гэж Аудитаас тогтоожээ. Өөрөөр хэлбэл, нэг автобусны үнэ 265 сая төгрөг бус 302 сая төгрөг болж байна. 

Одоогоор улаан автобусны мөнгийг төлж дуусаагүй аж. Өнгөрсөн хугацаанд нийт гурван удаагийн гүйлгээ хийжээ.

 Гэрээнд заасны дагуу 2023 оны зургадугаар сарын 25-наас 2024 оны арванхоёрдугаар сарын 25-ныг хүртэлх хугацаанд нийлүүлэх гэрээний хуваарьтай ч 2023 оны гуравдугаар сард багтаан 224 автобусыг бүрэн нийлүүлж авчээ. Ийн хугацаанаас өмнө яаравчуулсан нь ямар учиртай вэ? 

Түүнчлэн аудитын дүгнэлтэд улаанбуснууд бүрэн нийлэгдсэн ч техникийн тодорхойлолтод заасан “хөдөлгүүрийн эзэлхүүн 9000сс байхаар байхад 8400сс хүчин чадалтай нийлүүлэгдсэн, хурдны хайрцаг нь автомат гэж заасан байхад механик, хөгжлийн бэрхшээлтэй иргэний бууж, суух тусгай механик төхөөрөмжийг автоматжуулсан байхаар тусгасан ч гар ажиллагаатай зэрэг зөрчлүүд илэрчээ. 

Тэгвэл АТГ-аас улаан автобусны худалдан авалтыг шалгаж эхэлсэн байна. 

Нөгөөтэйгүүр ногоон автобусыг оруулж ирсэн “Тэнүүн-Огоо” компанитай байгуулсан гэрээг цуцалж, тус компаниас дахин автобус авахгүй гэдгийг хотын шинэ удирдлагууд онцолсон.  “Тэнүүн-Огоо” компанийн дансанд байгаа 11 тэрбум төгрөгийг царцааж, компанийн нэр дээрх өмч хөрөнгийг царцаажээ. Урьдчилан шилжүүлсэн мөнгөн дүнг нэхэмжилсэн. Мөн нийтийн тээвэр худалдан авах олон улсын нээлттэй тендер зарласан билээ.

Эх сурвалж: Zarig.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *