ШҮҮХИЙН ТОЙМ: О.Мөнхжинг 30 хоногоор цагдан хорьсон үндэслэл
ЯЛЛАГДАГЧ О.МӨНХЖИНД ЦАГДАН ХОРИХ ТАСЛАН СЭРГИЙЛЭХ АРГА ХЭМЖЭЭ АВСАН үндэслэлийн тухай шүүхийн тоймыг хүргэж байна.
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, 2023.02.14 № 2023/ЦХШЗ/ 158
Тоймын дугаар, огноо: 05, 2023.02.14
Санамж: “Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.”
Нийслэлийн Прокурорын газрын яллагдагч О.Мөнхжинд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ирүүлсэн саналыг өнөөдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцлээ.
Яллагдагч О.Мөнхжинд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах тухай прокурорын дээрх саналыг хянаж үзэхэд яллагдагч О.Мөнхжинд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэж болзошгүй үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа” үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтыг хангах, түүнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх үүднээс яллагдагч О.Мөнхжинд урьд 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2023 оны 02 дугаар сарын 14-ны өдрөөс эхлэн 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Тойм бэлтгэсэн: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг