“Ногоон автобус”-ны хэрэгт 25 хүний яллагдагчаар татсан бөгөөд үүний дөрөв нь гадаад улсын иргэн байгаа аж
БНСУ-ын “Zyle daewoo” үйлдвэрээс “Евро 5” хөдөлгүүртэй, 100 ширхэг ногоон автобусыг энэ намар оруулж ирсэн ч “Евро 2” хөдөлгүүртэй, хуучин автобус болох нь тогтоогдсон.
Үүнтэй холбоотойгоор Хотын дарга, түгжрэлийн сайд нар албан тушаалаасаа огцорч, “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал болон Нийслэлийн нийтийн тээврийн газрын дарга тэргүүтэй олон хүн шалгагдаж, цагдан хоригдож байгаа.
Тэгвэл “Ногоон автобус”-ны хэрэгт одоогоор 25 хүний яллагдагчаар татаад байгаа бөгөөд үүний дөрөв нь гадаад улсын иргэн байгаа гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ. Харин албан бус эх сурвалж уг хэрэгт яллагдагчаар татагдсан албан тушаалтан дунд ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар, “Тэнүүн Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуяг нарын хүмүүс байгаа гэдгийг хэлж байгаа юм. Мөн Солонгос улсын иргэдийг уг хэрэгт холбоотойгоор яллагдагчаар татаад байгаа аж.