Хордсон нутаг, хоёр толгойтой тугалын эрэлд…

0

Дорноговь аймгийн Улаанбадрах суманд уран олборлосноор хоёр толгойтой тугал, эрүүгүй ишиг, сохор ботго, явж чадахгүй төл гарч эхэлсэн тухай малчдын төлөөлөл гэсэн “пайз”-тай нэгжээд хүн нэг хэсэг байсхийгээд хэвлэлийн хурал зарладаг байв. Ердөө арав хүрэхгүй жилийн өмнөхөн юм. Арга ядахдаа УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ерөнхий сайд байхдаа Дорноговь аймагт өөрөө очиж, нөхцөл байдалтай танилцаж байсан нь 2013 он. Уг мэргэжил нь физикч, басчхүү их сургуулийн багш хүн явсан тэрбээр уран тойрсон асуудлаар бусдаасаа хавь илүү  ойлголттой, сайн гадарлах нэгэн. Гэхдээ л Засгийн газрын тэргүүний хувиар Дорноговь аймагт ажилласан албан томилолтын үеэр өнөөх хоёр толгойтой тугал олдоогүй.

Эсрэгээрээ Улаанбадрах суманд уранаас болж мал амьтан хорогдоогүй, нутгийн иргэдэд хийсэн үзлэг шинжилгээгээр ионжуулагч цацраг болон хүнд металлын нөлөөллөөс үүдэлтэй өвчлөл, эмгэг өөрчлөлт илрээгүй болохыг лабораторийн эцсийн дүгнэлт баталсныг Ерөнхий сайд Н.Алтанхуяг өөрийнхөө амаар мэдэгдэж байлаа. Бэлчээрээс авсан хөрс, усны дээжийн химийн найрлага нь ч зохих стандартын хэмжээнд байгааг эл дүгнэлтэд дурдсан байдаг. Ингэж л уранаар дамжсан нэг хэсгийн хардлага, эргэлзээ бас болгоомжлол нийтийн дунд намжсан түүхтэй. Малчдаар дамжуулж Монгол Улсын үндэсний язгуур эрх ашгийн төлөө тууштай тэмцдэг тэрхүү бүлгийнхэн ч эрчим хүчний шинэ эх үүсвэр бүхий цахилгаан станц тэргүүтэй гадаадын хөрөнгө оруулалттай дараагийн төсөл, хөтөлбөр рүү буйр сэлгэж, өөр нэгэн шалтаг, шалтгаан олох ээлжит “ав”-даа мордсон юмдаг. Гацаасан нь ч бий, гаднын нөлөөгөөр гацаасаар өдийг хүрсэн нь ч бас байна. Гагцхүү тэдгээрээс, он цагийн хэлхээсээр нь хөөж үзвэл 26 жилийн турш хамгийн хүлээцтэй хэрнээ тэсч үлдсэн цорын ганц төсөл нь Францын “Орона” группийн хөрөнгө оруулалттай Дорноговь аймагт хэрэгжүүлж буй ураны төсөл. 

Гараанаас хамт хөдөлсөн Казахстан гэхэд 2005-2006 онд тогтвортой олборлолтоо эхлүүлж, өдгөө дэлхийд тэргүүлэгч улс болтлоо томорчээ. Зөвхөн ураны олборлогч байгаад зогсохгүй атомын цахилгаан станц барих гэж буйгаа зарласан нь саяхан. Үндсэндээ улс төрийн тогтворгүй байдал, иргэдийн мэдээлэлгүй, мэдлэггүй оюун санаанд туйлсан дотоодын болон гаднын захиалга, зааварчилгаатай эсэргүүцлийн цаана Монгол Улс энэ салбарт дэлхийд монополь болох боломжоо алдаж, хөгжлөөс даруй 26 жилээр хоцорчээ. Үр дүнд нь дөрвөн уулынхаа дунд бүгсэн нийслэл нь агаарын бохирдол гэсэн халаглалын таних тэмдэг болж, Монгол Улсын баруун бүс нь эрчим хүчний хараат байдалтайгаа хэдэн арван эвлэрч ирэв. Алдагдсан боломжийн өртөг гэдэг эргээд нөхөгдөхгүй, нөхөх ч боломжгүй учраас алдаанаасаа сургамж аваад урагшлах нь бидэнд хэрэгтэй, ирээдүйд дэмтэй.

Яг ийм агуулгаар Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон “Их долоо”-гийн уулзалтаас анх удаагаа Улаанбаатарт шууд ирж Монгол Улсыг эрчим хүчний хараат байдлаас салахад дэмжлэг үзүүлж, хамтарч ажиллахаа мэдэгдсэн нь энэ оны тавдугаар сар. Улмаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Францад хийсэн албан ёсны айлчлалын үеэр шууд Монголын Засгийн газар, “Орано майнинг” компани хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд хоёр тал гарын үсэг зурснаар уран олборлох асуудлыг 17 жилийн дараа төр, засгийн түвшинд эцэслэсэн юм. Гэдэг нь 1997 онд хайгуулын ажлаа эхлүүлж асан “Орона” групп 2006 онд “Дулаан-Уул”, 2010 онд “Зөөвч-Овоо” ордыг илрүүлснээр 100,345 тн ураны нөөцтэйгөөр бүртгэгдээд байгаа юм. Дэлхийд хамгийн томд орох 10 том ордын нэгийг аль 2010 онд илрүүлсэн хэрэг. 

Эл үеэс хойш дотоод, гадаадын дам эсэргүүцэлтэй нүүр тулж, хоёр толгойтой тугал хүртэл “эх барьсан”-аа иргэдийн ой тоонд шигтгэж явсаар  сая л хоёр улсын Ерөнхийлөгчийн түвшинд харилцан тохиролцсоноор уран тойрсон хардлага, эсэргүүцэл ул болж 2024 оноос үйлдвэрийн барилга угсралтын ажлыг эхлүүлэх нь цаг хугацааны л асуудал болов. Хоёр тал Хөрөнгө оруулалтын гэрээгээ энэ ондоо багтааж баталж гэмээн Монгол Улс олборлох үйлдвэртэй болоод зогсохгүй баруун болон зүүн цэгээрээ 40 км-ээр алслагддаг Казахстантай ураны нийлүүлэлтээр бодит өрсөлдөгч нь болно гэсэн үг. 

“Дулаан-Уул”, “Зөөвч-Овоо” ордын тусгай зөвшөөрлийг эзэмшигч “Бадрах Энержи” компанийн гүйцэтгэх захирал Марк Мелеардийн тодотгосноор 2021 оны долдугаар сараас 2022 оны арванхоёрдугаар сар хүртэл туршилтын олборлолт явуулж 10 орчим тн U үйлдвэрлэжээ. Ингэхдээ газар ухахгүй, хүнд машин, механизм ажиллуулж хүрээлэн буй орчинд тоосжилт үүсгэхгүйгээр газар доорх усан олборлолтын технологийг ашигласан байгаа юм. Ураны олборлолтоор дэлхийд тэргүүлдэг Казахстанд ч энэ технологийг ашигладаг гэнэ. Өөрөөр хэлбэл, газрын гүн рүү цооног байгуулж, ус соруулсныг тусгай зориулалтын саванд шилжүүлэн боловсруулах замаар хүхрийн хүчилтэй хольж, уран олборлодог технологи. Газрын гүний хоёроос гурван давхрагын дор буй хатуу хэлбэрт байгаа ураныг хүхрийн хүчил уусгасан усанд шингээж соруулсны дараагаар ялгаж авах процесс үргэлжилдэг. 

Хайгуул хийхээс эхлээд уран олборлож, үйлдвэрлэлийн шат дамжлага руу шилжүүлэх бүх үйл явц нь байгальд ямар нэгэн сөрөг нөлөөгүй энэ технологийг энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг бүх компаниуд ашигладаг. Хөрсний хуулалт хийдэггүй, давхаргын усыг шавхдаггүй, хүрээлэн буй орчиндоо ямар ч хор хөнөөлгүй суурилуулсан цооногоороо дамжуулдаг учраас өртөг багатай. “Зөөвч-Овоо” ордод 145-155 метрийн гүнд зургаан цооногийг байрлуулж, 18 сарын хугацаанд туршилтын олборлолт явуулжээ. Нутгийн иргэд, хүн, малын ундаалдаг хөрсний давхаргын бус түүнээс доош хамгийн багадаа 140 метрийн гүнд байгаа ашиглах ямар ч боломжгүй эрдэсжилт өндөртэй усыг үйлдвэрлэлд хэрэглэсэн нь энэ. Ашигласан усандаа дахин хүхрийн хүчил хийж цооногоор дамжуулан буцааж уранаа уусгаж, эргэлдүүлэх процессыг тасралтгүй явуулдаг болохоор хаягдал гарахгүй. Яг ийм зарчмаар усаа дахин ашиглаад явах хэрэг. Бусад уул уурхайд ашигладаг технологитой харьцуулахад байгаль нь ашиглахад ямар байсан олборлолт дуусахад унаган төрхөөрөө л үлдэнэ. 

Онцлоход ураны туршилтын олборлолт явуулсан нэг жил, зургаан сарын хугацаанд хүн, малын эрүүл мэндэд ямар нэгэн байдлаар сөрөг нөлөө үзүүлсэн нөхцөл байдал илрээгүй гэнэ. Тэнд ажиллаж байгаа 104 ажилтнуудад ч мөн адил. Уран хортой юу гэвэл хортой. Гэхдээ 96 хувь нь монголчууд, 30 хувь нь орон нутгийн иргэдээс бүрддэг “Бадрах Энержи” компани туршилтын олборлолт явуулсан 18 сар хугацаанд тэндэхийн ажилтнууд хордож, түрүүчээс нь цацрагт идэвхит бодис илрэх хангалттай цаг үе. Хоёр толгойтой тугал ч хэдэн арваараа гарч, аймаг, сумын биш улсын хэмжээний асуудал болтлоо томрох байв. Гэвч тэгсэнгүй, тийм зүйл ч болсонгүй. Эсрэгээрээ Улаанбаатар Парис хоёрын хооронд хоёр удаа зорчих хэмжээний буюу маш бага цацраг илэрснийг хэд хэдэн удаагийн лабораторийн шинжилгээгээр тогтоожээ. Өөрөөр хэлбэл, байгалийн уран нь альфа цацраг ялгаруулах хэмжээний төлөв байдалд байдаг аж. Энэ нь бичгийн цагаас цаасыг ч нэвтэлж чадахааргүй үзүүлэлт.

Тэгэхээр уран олборлолтоос улбаатай хоёр толгойтой тугал, гурван хөлтэй ишиг тэргүүтэн нь зүгээр л хэн нэгний бодож олсон, олон нийтийг төөрөгдүүлэх гэсэн зохиомол дэгсдүүлэлт төдий юм. Адаглаад адилхан цаг хугацаанд эхлүүлсэн ч олборлолтоороо дэлхийд тэргүүлж, одоо атомын цахилгаан станцын тухай ярьж суугаа Казахстан Улс үүний бэлээхэн бас бодит жишээ нь. Үнэхээр хүн, мал нь хордож, байгаль орчин нь сүйтгэгдсэн бол тогтвортой олборлолт явуулсан 2005-2006 онд иргэд нь эсэргүүцэж, босоод бараг Төрийн эргэлт хийчихсэн л байгаа. Улсынх нь хөгжилд хэрэгтэй, дэмтэй болоод л тэнд олборлогчоос үйлдвэрлэгч рүү шилжихээ зарлаж, атомын цахилгаан станц барих тухай яриад сууж байгаа юм.  

“Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Францад хийсэн албан ёсны айлчлалын үеэр тус улсын Геологийн албатай сансрын болон хайгуул судлалын салбарт хамтрах санамж бичигт гарын үсэг зурсан. Ураны хайгуул өөрөө онцлогтой. Сансрын хиймэл дагуулаас үздэг болсон байна. Санамж бичгийн хүрээнд хиймэл дагуулаас хайгуул хийнэ. Хөрөнгө оруулалтын гэрээг амжилттай хийвэл Монгол Улс ураны салбарын том тоглогч болно. Казахстан улс дэлхийн хамгийн том тоглогч. Бидний хувьд Казахстанаас хамаагүй сайн нөхцөл тохирсон” гэдгийг “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал С.Наранцогт хэлнэ лээ. Нэг үгээр, Монгол Улс хиймэр дагуултай болсон үеэс ураны хайгуулыг өрөмдлөг явуулахаас илүүтэй товчлуур дараад л сансраас явуулах боломж бидэнд нээгдэх нь. 

Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж, төслийг албан ёсоор эхлүүлснээр хоёр тэрбум ам.доллар улс, орон нутгийн төсөвт, татвар, хураамж хэлбэрээр төлөх тооцоо бий. Үүнээс 1.6 тэрбум ам.доллар нь шууд хөрөнгө оруулалт хийнэ. Үүнийгээ дагаад үндсэн 800, шууд бусаар 800 нийт 1600 ажлын байр орон нутагт бий болно. Зөвхөн уран олборлоод зогсохгүй Канад, АНУ, Герман, Казахстан тэргүүтэй оронд үйл ажиллагаа явуулдаг Францын “Орона” группийн 70 жилийн туршлагад үндэслэж Монгол Улс дотооддоо цөмийн физикийн мэргэжилтэн бэлтгэх боломж нь нээгдэнэ. Эцсийн дүндээ эрчим хүчний хараат байдлаас салж, хүрэн нүүрснээс татгалзах замаар хүлэмжийн хийг бууруулах дэлхий нийтийн чиг хандлага, үндсэн зорилт руу хамт алхах нь бидэнд, Монгол Улсад хэрэгтэй. 

Байгалийн уранаас гаргаж авсан 100 грамм шар нунтаг нэг вагон буюу 60 орчим тн нүүрснээс эрчим хүч гаргаж авахтай тэнцдэг гэж үзвэл уг төсөл стратегийн ач холбогдлын хувьд ямар үр ашигтай гэдэг нь ойлгомжтой. Цаашлаад Оюу Толгойтой дүйх хэмжээний “Гуравдагч хөрш”-ийн, тэр дундаа цөмийн зэвсэгтэй НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн таван гишүүн орны нэг Францын Төрийн өмчийн “Орона”-тай албан ёсоор түншлэх нь БНХАУ, ОХУ гэсэн хоёр их гүрний дунд оршин буй Монгол Улсад дараа дараагийн томоохон хөрөнгө оруулалт орж ирэх бодит баталгаа болно.

Төгсгөлд нь “Мэдээж уран хоол биш учраас ууж идвэл хортой хортой. Гэхдээ ураныг ууж идэх гэж олборлодоггүйг хэзээ ойлгох ард түмэн бэ?” хэмээн бичсэн цөмийн физикч Н.Тэгшбаярын үгийг дахин сануулах нь бодит үнэнээс хол зөрөхгүй. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *