Б.Жавхлан: Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэлд 3.4 их наяд төгрөг зарцуулна
2024 оны улсын төсөв батлагдсантай холбоотой УИХ, Засгийн газар болон Сангийн яамнаас мэдээлэл хийлээ.
Сангийн сайд Б.Жавхлан:
-Монгол Улс түүхэндээ анх удаа төсвийн давсан орлогоороо тодотгол хийж байна. Үүнээс 1.5 их наяд нь энэ жилийн сүүлийн хагаст цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэхэд зориулсан зардал байлаа. Ингээд төсвийн гүйцэтгэлээрээ орлого биелээд явж байна. Ирэх жил эдгээр цалин хөлсний нэмэгдлийг бүтэн жилээр нь баталгаажуулж, төсөвт оруулах суурь зардал нь 3.4 их наяд төгрөг болж байгаа. Энийг хэн ч халамж гэж хэлэхгүй байх. Бид цар тахал, дэлхийн геополитикийн дайны нөхцөл байдалтай нүүр туллаа. Өнгөрсөн 2019 оныг хүртэл жил болгон цалин, тэтгэврээ дор хаяж 6-8 хувь нэмдэг байсан бол сүүлийн гурван жилд баланс алдагдсан. Тэр бүр нэмж чадаагүй. Инфляци ч өндөр байсан. Тийм учраас энийг бид эхний боломжоороо нэмж байгаа юм.
Ирэх жилийн 4.9 их наяд төгрөг дээр нэмэгдсэн зардлын 3.4 их наяд төгрөг нь цалин, тэтгэвэр, тэтгэмжийн нэмэгдэл. Мөн 20-иад хувь нь ирэх жилээс хэрэгжих Боловсролын багц хууль, Нийгмийн даатгалын багц хуулиудын шууд зардалд зарцуулна. Ирэх жил нэг удаагийн арга хэмжээ болох Олимп, УИХ-ын сонгууль болно. Мөн Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын нөхөн олговрыг өгнө.
ЖДҮ-ийг хөгжүүлэх санг төсвөөс санхүүжүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Сүүлийн таван жилийн хугацаанд өөрийн эх үүсвэрээр санхүүжээд явж байгаа.
Архидан согтууруулахтай тэмцэх сан 2022 оны долдугаар сард шинээр нэмэгдсэн. Сангийн журам 2023 оны нэгдүгээр сард гарсан. Энэ санд найман тэрбум төгрөг төвлөрсөн.