АНУ-ын Хууль зүйн яамны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

0

Авлигатай тэмцэх газрын дэд дарга, эрхэлсэн комиссар Г.Азжаргал өнөөдөр АНУ-ын Хууль зүйн яамны Олон улсын Прокурорын хөгжлийн туслалцаа, сургалтын албаны Ази, Номхон далайн бүс нутгийн захирал Еи Тин Воо тэргүүтэй Холбооны мөрдөх товчоо, Мансууруулах бодис, хууль сахиулах асуудал хариуцсан товчооны төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Эрхэлсэн комиссар Г.Азжаргал Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагааг танилцуулав. Тухайлбал Авлигатай тэмцэх газар 2007 онд үүсэн байгуулагдсанаас хойш эхний 10 жилд дунджаар 80-200 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг байсан бол сүүлийн 5 жилийн хугацаанд жилд дунджаар 1700 хэргийг мөрдөн шалгаж байна. Мөн 2013 онд шүүхээр 10 хэрэг шийдвэрлүүлсэн бол 2022 онд хэргийн тоо 188-д хүрсэн бөгөөд хохирол нөхөн төлүүлэлтийн тухайд 2014 онд 2 тэрбум орчим төгрөг байсан бол өнгөрсөн 2022 онд 2,3 их наяд төгрөгийг нөхөн төлүүлж, улсын төсөвт хуримтлуулсан байна. Авлигатай тэмцэх газар нь сүүлийн жилүүдэд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлсний үр дүнд өнгөрсөн оны байдлаар эрүүгийн гурван хэрэгт гадаад улсаас 12,2 сая ам доллар буцаан авсныг онцлов.

АНУ-ын төлөөлөгчид Авлигатай тэмцэх газрыг үйл ажиллагаа явуулж буй харьцангуй богино хугацаандаа асар өндөр үр дүнд хүрснийг өндрөөр үнэлж, бүс нутгийн хэмжээнд бусад улсын ижил чиг үүрэгтэй байгууллагуудад сайн туршлагаа хуваалцан ажиллахыг санал болгов.

Авлигатай тэмцэх газар нь АНУ-ын Төрийн департментын санхүүжилтээр 2012 оноос хойш Дэлхийн банкны Хулгайлагдсан хөрөнгө буцаах санаачилга (StAR)-тай Монгол Улсын хууль сахиулах салбарын албан хаагчдын чадавх сайжруулах чиглэлээр энэ оныг хүртэл хамтран ажилласан.  Мөн АНУ-ын Олон Улсын мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх товчоо (INL)-ны санхүүжилт, дэмжлэгээр Олон улсын хөгжлийн эрх зүйн байгууллага (IDLO) –аар дамжуулан “Монгол Улсын тогтолцооны шударга ил тол байдал” төслийг хэрэгжүүлж байна.

Уулзалтын үеэр талууд цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцсон бөгөөд уулзалтын төгсгөлд Эрхэлсэн комиссар Г.Азжаргал Америкийн Нэгдсэн Улсын Хууль зүйн яам, Холбооны мөрдөх товчоо нь Авлигатай тэмцэх газрын шалгаж буй эрүүгийн тодорхой хэргүүдэд үр дүнтэй хамтран ажиллаж ирсэнд талархал илэрхийлэв.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *