“Нэг Монгол”, МоАХ хоёрыг сөрөх хүч Лу.Гантөмөрт бий
Нийслэлийн АН-ын дарга өнөөдөр тодорно. Лав л М.Тулгат, Т.Батцогт, Д.Бадарсан нар өрсөлдөнө. Ийм мэдээлэл бий. Тэд АН-д хүчтэй байгаа гурван фракцаас нэр дэвшиж буй юм. Эх сурвалжуудын мэдээллээр, Нийслэлийн АН-ын даргаар хэнийг хэн дэмжиж байгаагаас АН дахь цаашдын үйл явдлууд хөврөх бололтой.
Тодруулбал, сүүлийн үед бие биеэ налж, элгэмсэх болсон “Нэг Монгол” болон МоАХ-ныхон “нэг сонголт” хийж магадгүй юм байна. Хэрэв тэгвэл АН дахь улс төр хурцдана. АН ч гэж дээ, намын одоогийн удирдлагуудад хүнд тусна. Тэдэн рүү “гал” чиглэнэ. Гэхдээ Лу.Гантөмөр нар АН-ын даргаас амархан буучихгүй байх магадлал өндөртэй. Хэдийгээр “…Байн байн олон хоногоор алга болж, намын ажлыг хаядаг” гэж намынхандаа шүүмжлэгддэг ч тэргүүн дэд даргаас нь эхлээд АН-ын ажлыг төвөггүй, бат зохицуулдаг артай. Тэр утгаараа, Лу.Гантөмөр бол “Нэг Монгол”, МоАХ-ныхон нийлээд босоод ирэхэд сөрөөд зогсох хүчтэй гэсэн үг.
Гэхдээ тэд зүгээр байхгүй бололтой. Тэгэх бэлтгэлээ ч хангагдсан мэдээлэл байна. МоАХ-ны Онц их хурал зарлагджээ. 2023 оны арванхоёрдугаар сарын 20-нд болох аж. Тэр хурлын “хэлэлцэх асуудал” бараг тодорхой болсон. Өмнө нь яригдсан. Одоо хэвээр байна. Юу гэвэл, тэд “…Баярцогтыг огцруул” гэсэн шаардлага өгнө. Хүлээж авахгүй бол “…Лу.Гантөмөрийг хамт огцруулна” гээд тэмцлийн хөдөлгөөн өрнүүлээд эхлэх тухай энд тэнд яригдах болов. Тэгээд ч тэдэнд Лу.Гантөмөрийн дараагийн дарга бэлэн бий. Нэг үгээр хэлбэл, “…Хэн нь хаана байна вэ” гэдгийг Нийслэлийн АН-ын даргын сонгууль харуулахаар болоод байна.
Б.ГАРЬД
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2023 ОНЫ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 17. БААСАН ГАРАГ. № 230 (7215)