Х.Алтанхуяг: Ардчилсан намын даргад Н.Алтанхуяг, Х.Тэмүүжин нарын нэр яригдаж байна

0

Ардчилсан намын Үндсэн дүрмийн хорооны гишүүн Х.Алтанхуягтай ярилцлаа.


-АН-ын Нийслэлийн намын хорооны дарга ирэх тав дахь өдөр тодорно. Энэ талаар та мэдээлэл өгөхгүй юу. Сонгох дүрэм журам гэхчлэнгээр?

-Нийслэлийн намын даргын сонгуулийг дотоод сонгуулийн хороо зохион байгуулна. нэр дэвших эрх нь гишүүдэд нээлттэй байдаг. намын хорооны даргыг бүх гишүүн дундаас сонгодог. одоогийн явж байгаа сонгууль нь нийслэлийн намын хорооноос сонгох процесс явж байна. нэг ёсондоо дүрмийн бус үйл ажиллагаа явж байна.

-Хэн хэн нэр дэвшихээр байгаа вэ?

-НИТХ-ын төлөөлөгч т.батцогт, м.тулгат, Д.Бадарсан гурав нэр дэвшиж байгаа.

-Нэр дэвшигчид ямар шалгуур хангасан байх ёстой байдаг вэ?

-Дэнчин буюу сонгуулийн зардлын төлбөрийг төлсөн байх ёстой. мөн мэдээж намын гишүүн байх ёстой. Ийм л хоёр шалгууртай.

-Та ярианы эхэнд дүрмийн бус үйл ажиллагаа явж байна гэсэн. Ямар учиртай юм бэ?

-Дотоод сонгуулиуд их будилаантай байгаад байна. Лу.Гантөмөр дарга анх сонгогдоход л дүрмийн бус байсан. тодруулбал, Үндэсний бодлогын хорооны гишүүд нь саналын эрхгүй, татвараа төлөөгүй, хоёр гурван талд байсан хүмүүсийг цуглуулсан. тэр хүмүүс нь анх Лу.Гантөмөрийг сонгосон байдаг.

Тухайн үед ҮБХ-ны гишүүд, намын нөлөө бүхий удирдлагууд юу гэж харсан бэ гэхээр хоёр гурван талд хуваагдчихсан. Гэрчилгээ, тамганы асуудал маргаантай байгаа учраас ямартаа ч намаа нэг болгож авъя гэдэг үүднээс тухайн үед дүрмийн бус сонголтыг хийж нүдээ аньж, чихээ бөглөж байгаад Лу.Гантөмөрийг гаргаж ирсэн.

Саяхан аймаг, дүүргийн намын дарга нарыг сонгох процесс явсан. Энэ процесс дээр анхан, дунд шатанд байгаа гишүүдийн зүгээс намын даргыг дүрмийн бусаар сонгогдчихоод одоо бидэнд яагаад ийм шаардлага тавьж байгаа юм бэ. Дүрмийн бус ийм зүйл болж байна гэж маш их яригдсан. Гэхдээ тэр сонгуулийг хүчээр явуулаад дууссан. Хүчээр хийсэн дүрмийн бус үйл ажиллагаа ардаа дандаа маргаан дагуулдаг. Энэ нь намын эв нэгдэл хагаралд хүчтэй нөлөөлдөг. Үүнээс үүдэж одоогийн байдлаар хотын хэмжээнд тав зургаан дүүрэг маргаантай. Мөн тав зургаан аймаг маргаантай байна. Энэ мэтээр маргаантай асуудлууд байна. Одоог хүртэл хэл ам нь дуусаагүй байдалтай байхад Нийслэлийн намын хорооны даргын сонгуулийг мөн дүрмийн бусаар хийх гэж оролдож байна.

Ер нь дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэж. Намын даргыг дүрмийн бусаар сонгочихоор доошоогоо бүх юм дүрмийн бусаар явдаг байдал руу шилждэг юм байна. Тиймээс бүх зүйлийг дүрмийн дагуу болгохын тулд намын даргаа дүрмийн дагуу сонгох үйл ажиллагаа явуулах шаардлага үүсч байна. Тэгэхгүй бол нийслэлийн намын хорооны даргын сонгууль мөн адил маргаантай байвал ард нь бөөн хэл ам болно. Ялагдсан хүмүүс нь дүрмийн бус байсан гэхчлэнгээр буцаад намын хагарал руу явна. Тиймээс энэ бүхнийг эртнээс хэлж яриад байгаа юм.

-Ер нь олон нийт болоод намын гишүүдийн дунд Нийслэлийн намын хорооны дарга болон генсек анхаарлын төвд байсаар ирлээ. Хэдийгээр генсекийг намын дарга шууд томилдог ч гэлээ танай намын генсек ер нь хэзээ тодрох төлөвтэй байна вэ. Тодорхойгүй удаж байгаа шалтгаан нь юу байна?

-Нийслэлийн намын хорооны даргын сонгуулийн дараа генсекийг тодруулна гэсэн яриа байгаа. Намын дарга генсекийн нэрийг ҮБХ-д санал оруулдаг. Өөрөөр хэлбэл, Намын даргын бүрэн эрхийн асуудал байдаг.

Лу.Гантөмөр дарга сонгогдсоноосоо хойш 10 гаруй сар өнгөрлөө. Одоог хүртэл генсекийн асуудлаа шийдэж чадахгүй байгаа нь энэ хүнд эрх мэдэл байна уу, үгүй юу гэх эргэлзээ төрж байгаа юм.

ҮБХ-д генсекийн нэрийг оруулж ирж томилуулаад үйл ажиллагаа явуулах боломж байсан. Сонгууль болоход зургаахан сарын хугацаа үлдлээ. Гэтэл генсек томилогдоогүй байна. Генсек бол намын гал тогоог хариуцдаг чухал үүрэгтэй субъект. Намын гал тогоог удирдах генсек одоог хүртэл томилогдоогүй байгаа учраас намын үйл ажиллагаа үндсэндээ зогсонги байдалтай байна.

-Лу.Гантөмөр даргыг солих асуудал ер нь нэлээд хүчтэй байх шиг байна. Ер нь намын даргыг огцруулах асуудал анх хаанаас, яагаад гарч ирсэн юм бэ?

-“Үндэсний жигүүр” анх энэ асуудлыг гаргаж ирсэн. Энэ хүн ажлаа хийхгүй байна. Өнгөрөгч хавраас хойш намын байрандаа ирсэнгүй. Сонгууль болоход зургаахан сарын хугацаа үлдчихээд байхад өдөр бүр намын ажлаа хийх байтал өнөөг хүртэл намын үйл ажиллагаанд оролцохгүй, намын өдөр тутмын үйл ажиллагааг хангахгүй байна. Манлайлах чадвар энэ хүнд алга. Ардчилсан нам үнэхээр сөрөг хүчин баймаар байгаа бол сөрөг хүчнийг удирдаж авч явах манлайлалтай, хүчтэй, зоригтой, лидер хэрэгтэй байна. Энэ хүнийг огцруулах гэхээр хүнд байна. Учир нь тодорхой хэмжээнд эв нэгдлийг хангасан. Тиймээс өөрөө өргөдлөө өгчих. Та сөрөг хүчнийг манлайлах чадвар алга. Эв нэгдлийг тодорхой хэмжээнд хангасан учраас таныг жагсаалтад оруулъя. Огцруулбал жагсаалтад ч орж чадахгүй, байхгүй болно. Тиймээс хүндэтгэлтэй хандаад жагсаалтад оруулъя. Бид хүчтэй лидерээ тавья. Сонгууль хаяанд ирчихлээ гэсэн асуудлыг тавьсан. Энэ асуудал нь нэлээд газар авч гишүүдийн дунд яригдсан. Ингээд ҮБХ-ны гишүүд хоорондоо ярилцаж, манлайлж чадахгүй, ажлаа хийхгүй байна гэдэгт бүгд санал нэгдсэн. Энэ бүр сүүлдээ УИХ-ын гишүүдийн түвшинд, лидерүүдийн түвшинд яригдсан. Сүүлдээ нийгэм рүү гарлаа л даа. Ингээд нийгэмд хүртэл энэ хүнийг солих ёстой гэсэн асуудал яригдаж эхэллээ.

-Лу.Гантөмөр дарга ямар хариу хэлсэн бэ?

-Ямар нэгэн байдлаар өөрөө хариу өгөөгүй байгаа. Ер нь янз бүрийн хүмүүстэй уулзаад явж байгаа юм билээ. Хүмүүс ч гэсэн та өргөдлөө өгчих. Тэгэхгүй бол судалгаагаар рейтинг маш муу гарч байна. МАН-ын рейтинг унахад манайх өсөх ёстой. Манай намын рейтинг унаад байна гэдгийг С.Баярцогт дэд дарга хүртэл хэлсэн байгаа шүү дээ. Рейтинг өсөхгүй байна. Та ажлаа өгчих гэдэг саналыг бүгд л тавьж байгаа. Өөрөө бол ямар нэгэн байдлаар хариу өгөөгүй байна. Фракцуудын түвшинд сольё гэдэг яриа явагдсан. Бүгд Лу.Гантөмөр даргыг шахаж байгаа.

-Ер нь цаг хугацааны асуудал л болчихоод байгаа юм байна шүү дээ?

-Тийм, тийм. Лу.Гантөмөр дарга солигдох нь цаг хугацааны асуудал болсон. Гишүүд дэмжигчид ч шахаж байна. Олон нийт ч шахаж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагууд ч “МАН дийлдэхгүй боллоо. Сөрөг хүчин хүчтэй баймаар байна. Та нар ажлаа хийдэггүй намын даргаа солиоч” гэсэн мэдээ, нийтлэлийг гаргаж байна шүү дээ. Гэтэл Лу.Гантөмөр дарга ярилцлага өгөхдөө “МАН-тай зодолдмооргүй байна. Зодолдохгүй” гэсэн. Сөрөг хүчний намын дарга ийм юм яриад зогсож байхад намын гишүүд яаж МАН-тай тэмцэлдэх юм бэ. Энэ бүхэнд АН-ын нийт гишүүд их эгдүүцэж байгаа. Дунд шатнаас маш их гомдол, өргөдөл ирж байгаа.

-Лу.Гантөмөр даргын оронд Н.Алтанхуяг даргыг намын даргаар томилох гэж байгаа гэсэн мэдээлэл бий. Энэ мэдээлэл бодитой юу?

-Н.Алтанхуяг даргыг сонгох тухай асуудал яригдаж байгаа нь үнэн. Учир нь Лу.Гантөмөр дарга муу ажиллаж байгаа учраас өмнө нь намын дарга байсан хүнийг сонгох тухай яригдаж эхэлсэн. Энэ хүн сайн ажиллаж байсан бол хуучин намын даргаа буцааж намын даргаар тавья гэх асуудал яригдахгүй байх байсан. Энэ хүний үнэлэмж нийгэмд ямар хэмжээтэй байгаа нь үүнээс тод харагдана.

Хөдөө орон нутагт намын дэд дарга нар ажиллаж байна. Гэтэл орон нутагт Лу.Гантөмөр гэдэг хүнийг танихгүй байна. Ийм байхад Ардчилсан нам сонгуульд ялах тухай ойлголт байхгүй шүү дээ. Аливаа нам ялалт байгуулахад, тэр тусмаа томсгосон тойрогт намын дарга рейтингийн 50 хувийг авч ирдэг. Гэтэл Лу.Гантөмөр даргыг хүн танихгүй байхад бидэнд ялах ойлголт байхгүй гэж ярьж байгаа.

-Намын даргад Н.Алтанхуяг даргаас өөр ямар хүний нэр яригдаж байгаа вэ?

-Х.Тэмүүжингийн нэр яригдаж байгаа. Мөн УИХ-ын гишүүдээс байвал яах вэ гэж яригдаж байгаа. УИХ-ын гишүүн хүн намын дарга байвал манлайлах чадвар нь илүү байх болов уу гэсэн зүйлийг намын гишүүд ч, нийгэм ч ярьж байна.

-Намын даргыг соливол дараагийн сонгууль үндсэн журмын хүрээнд явагдах уу. Дээд шүүх яах бол?

-Лу.Гантөмөр дарга дүрмийн бусаар сонгогдсон. Үүнээс хойш ҮБХ татвараа төлж саналын эрхтэй болсон. Тиймээс дүрмийн дагуу ҮБХ бий болсон гэсэн үг. ҮБХ-ноос намын даргыг сонговол дүрмийн дагуу намын дарга гарч ирнэ гэсэн үг. Ингэвэл Дээд шүүх хүссэн ч, эс хүссэн ч бүртгэж авах үүрэгтэй. Дээд шүүхэд бүртгүүлэх боломж нээлттэй.

-Өмнө нь Дээд шүүх бүртгэхгүй бөөн л юм болсон. Дахиад давтагдвал яах вэ?

-Өмнө нь хоёр талд тамга, тэмдэг гэрчилгээ тусдаа байсан. Нэг талын намын даргыг өргөн барихаар нөгөө тал нь гомдол гаргачихдаг байсан. Хоёр тал хоорондоо гомдол гаргахаар Дээд шүүх бүртгэж авахгүй байсан. Үүн дээр эрх баригч нам оролцдог хандлага байсан байх. Гэтэл одоо нам нэг болсон. Тамга, гэрчилгээ, ҮБХ, бүх зүйл нэг учраас үүн дээр ямар нэгэн этгээдээс гомдол гаргах боломжгүй. Тиймээс бүрэн эрхийнхээ дагуу ҮБХ намын даргаа сонгох нь нэг өдрийн асуудал. Лу.Гантөмөр дарга өргөдлөө өглөө тухайн өдөр нь нэр дэвшигчид нэрээ өгнө. ҮБХ сонголоо. Дүрмийн дагуу намын даргаа сонголоо. Дээд шүүхэд бүртгэлээ. Энд эрх баригч ч юм уу ямар нэгэн хүн, нам оролцох боломжгүй. Өмнөх цаг үеэс өнөөдрийн нөхцөл байдал өөр болсон өөр шүү дээ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *