Х.Тэмүүжин: АТГ-ын шалгаж буй хэргийг УДШ-д төвлөрүүлснээр Ерөнхийлөгч хамгийн том эрх мэдэлтэн болно
АН-аас Батлан хамгаалах яамны сайд Г.Сайханбаярыг огцруулах шаардлагыг хүргүүлж байгаа талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин,
“Монгол Улсад авлига дэндүү хавтгайрчихсан. Авлигатай тэмцэх нэрийн дор өрсөлдөгчөө намнах, улс төрийн өөр үзэл бодолтой хүмүүсийг өрсөлдөөнөөс гаргах байдлаар ажиллах нь шударга зүйл биш. Авлигатай тэмцэх дагнасан шүүхийг өмнө нь судалж үзэж байсан.
2015 онд дэлхийн 15 гаруй улсад Авлигын дагнасан шүүхтэй байсан. Харин 2022 онд дахин 9 улсад Авлигын шүүх нэмэгдсэн. Үр нөлөөг нь харвал энэ төрлийн шүүх байгуулснаар энэ улсуудад авлига буурсан гэх үнэлгээ огт гараагүй. Харин эсэргээрээ улс төрийн өрсөлдөгчөө авлигын хэргээр намнахад зориулсан сонгуулийн цикл дотор улс төрчид нэг нэгнээ намнадаг гар хөл нь болдог шүүхийн тогтолцоо болж хувирсан байдаг.
Гэвч энэ шүүхийг манайд байгуулах асуудал яригдаж, анхан шатны давж заалдах шатны шүүхээр шийдвэрлүүлнэ гэдэг нь сөрөг хүчнийхээ онилсон хүмүүсийг шоронд явуулах, дургүй хүмүүсээ авлигын хэргээр амыг нь хаах ганц боломж нь гэж харж байна. Давж заалдах шатны шүүхэд эрх мэдлийг нь шилжүүлж өгч, дээд шүүхэд эрх мэдлийг төвлөрүүлэх замаар маш богино хугацаанд хэргээ шийдэх юм байна.
Хамгийн аюултай нь 2019 оны ҮХНӨ-д энэ асуудал яригдаж байсан. АТГ-ын мөрдөж байгаа хэргийг Дээд шүүхэд төвлөрүүлэх байдлаар Монгол Улсын Ерөнхийлөгч хамгийн том эрх мэдэлтэн болж хувирна. Ерөнхийлөгчийн гарт Дээд шүүх гэдэг алх бариулбал бүх улс төрд явж буй улс төрийн нөлөө бүхий хүмүүс хадаас болж хувирна гэдэг үгийг 4 жилийн өмнө хэлж байсан. Учир нь үе үеийн ерөнхийлөгчөөс ийм далд санаа гардаг байсан. Хөшигний ард байнга гардаг байсан.
Харамсалтай нь ХЗДХ-ийн яам энэ санаачилгыг гаргалаа. Өөрөөр хэлбэл ҮХ-д байгаа алдаатай заалтыг ХЗДХ-ийн яам гаргаснаараа өмнө нь бүх Ерөнхийлөгчийг хонгил угсардаг гэж шүүмжилдэг байсан бол одоо байгаа Ерөнхийлөгчид маш хурдтай ажилладаг, богинохон супер хонгилыг угсрах боломжийг бий болгож өглөө” гэв.