АВЛИГА, АЛБАН ТУШААЛЫН ХЭРГҮҮД НЬ АТГ-Т “ОВООРСОН” УИХ-ЫН ГИШҮҮН Ц.АНАНДБАЗАРЫН БАГА ТЭНГЭРИЙН АМНЫ ХАУСУУДТАЙ ТАНИЛЦ
АЛБАН ТУШААЛТНУУД АЛТ, НҮҮРС, АВЛИГЫН МӨНГӨӨ БОГДХАН УУЛЫН АМАНД БЕТОНОН “ШИРЭНГЭ” БОЛГОЖ, МӨНГӨ УГААЖ БАЙНА.
“Эргэлт” сэтгүүл Дархан цаазат Богдхан уулын амны газрыг дамлаж зарсан газрын наймаачдыг, хувийн харш, хаус хотхон босгосон хууль завхруулагчдыг, хариуцлага тооцохгүй хамгаалж, хамтарч ирсэн эрхтэн, дархтнуудыг хөдөлшгүй баримтаар танилцуулж байна. Бид Богдхан уулын 28 амыг зүүнээс нь баруун тийш “самнаж”, тэдгээр аманд баригдсан 3.2 их наяд төгрөгийн үнэтэй, 2500 орчим хаус, харш, барилгын эздийг шүүж, хамгийн “том” эзэнтэй 40 хаус хотхон, 10 орон сууцны хотхон, 20 гаруй хувийн харшийг танилцуулахаар бэлтгэлээ. Дамаа, сүүлийн дөрвөн жил авлигачин албан тушаалтнууд, алт, нүүрснийхэн, оффшорчид, койнчид хэлэлцэж тохирсон юм шиг Богдхан уул руу хошуурцгааж, хаус, хотхонуудыг хаяа нийлүүлэн барьцгаасан байгааг онцлох нь зүйтэй байх.
Богдхан уулын Бага тэнгэрийн ам бүхэлдээ буюу нийт 65 га газар УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын ээж З.Бямбаагийн “Нью тур” ХХК-ийн эзэмшилд байдаг. УИХ-ын гишүүн Ц.Анандбазар Бага тэнгэрийн аманд 160 айлын тансаг зэрэглэлийн амины хаус, 172 айлын гурван орон сууц барьж, худалдсан. Зөвхөн нэг амины хаус нь л гэхэд 4-5 тэрбум төгрөгийн үнэтэй буюу 160 айлын хаус гэж тооцвол 720 тэрбум төгрөгөөр зарсан тооцоо гарна.
УИХ-ын гишүүн Ц.Анандбазар “Сод Монгол групп” ХХК-иараа төрд шатахууны “шахаа” хийж, Хөгжлийн банкнаас зээл авч, “Нүүрсний хулгай”-н хэрэгт ч нэр холбогдсон. Тэгэхээр Бага тэнгэрийн амыг хаус хотхон, орон сууцны хороолол болгосон санхүүжилт нь олон эх үүсвэртэй гэсэн үг. Тухайлбал, Ц.Анандбазар 2017 онд “Сод Монгол групп” ХХК-аараа Хөгжлийн банкнаас 669.8 сая иенийн зээл авсан. Өнгөрөгч нэгдүгээр сард болсон УИХ-ын Түр хорооны Хөгжлийн банкны нээлттэй сонсголын үеэр УИХ-ын гишүүн Ц.Анандбазарыг Хөгжлийн банкнаас авсан зээлийнхээ тодорхой хувийг зориулалтын бусаар зарцуулсан гэж дүгнэсэн байдаг. Түүнчлэн, УИХ-ын гишүүн Ц.Анандбазар “Сод монгол групп” ХХК, “Мэргэн ван” ХХК, “Интерстандарт нефть” ХХК-аараа төрд, тэр тусмаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “МИАТ” ТӨХК-д жил тутам хэдэн зуун тэрбум төгрөгийн шатахууны “шахаа” хийж ирсэн. “Эрдэнэс Тавантолгой” ХК-д зөвхөн 2020 оноос хойш 12 тэрбум төгрөгийн шатахуун “шахсан” баримт бий. Мөн УИХ-ын гишүүн Ц.Анандбазар УИХ-ын дарга асан З.Энхболд хуйвалдаж, “нүүрсний хулгай”-н хэрэгт хамтарч оролцсон сэжүүрүүд илэрч, шалгагдаж байгааг АТГ-аас зарлаад байгаа билээ.
Эх сурвалж: Ergelt.mn