Нүүрсний сонсгол: Авсан хүн нэг тамтай, алдсан төр арван тамтай!
Шатахууны хомсдол, цахилгаан эрчим хүчний хязгаарлалт, Х.Нямбаатарын гэнэтийн шийдвэр гэх мэтчилэн олны нүд, чих ондоо асуудлууд дээрх төвлөрөхтэй зэрэгцэн Төрийн ордны нүүрсний хулгайн хоёр дахь шатны нээлттэй сонсгол эхэллээ. Нийтдээ таван хоног үргэлжлэх уг сонсголд 268 хүнийг гэрчээр дуудсан агаад тэдэн дунд АН, МАН-ын нэр бүхий томоохон улстөрчид камерын өмнө “байцаалт” өгнө. Жишээ нь, Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Зам тээврийн сайд асан А.Гансүх, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхла, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар нарын улстөрч гэрчээр оролцох юм. Гэхдээ, гэрчээр дуудагдсан бүх хүн нүүрсний хэрэгт холбоогүй гэсэн үг биш агаад гэрчийн тоо нэмэгдэж магадгүйг Хянан шалгах түр хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээлсэн юм.
Энэ удаад Тавантолгойн бүлэг ордын 98 хувийг дангаар эзэмшдэг, төрийн өмчид “Эрдэнэс Тавантолгой” дээр гарсан нүүрсний хулгайн хэргийг нээлттэй сонсголоор авч хэлэлцэх юм. Анх, 2010 онд Сү.Батболдын Засгийн газраас газрын доорх нүүрсээ эдийн засгийн эргэлтэд оруулах үүднээс Тавантолгойн бүлэг ордын зүүн ба баруун Цанхимд үйл ажиллагаа явуулах “Эрдэнэс Тавантолгой” компанийг байгуулсан агаад тус компаний 1072 ширхэг хувьцааг иргэддээ эзэмшүүлсэн юм. Тэр цагаас хойш “Эрдэнэс Тавантолгой” нь “Эрдэнэт үйлдвэр”-ийн адил ялсан намын өмч, нам, намын улстөрчдийн үнээ, гахай болж хувирсан байдаг.
“Эрдэнэс Тавантолгой”-гоос нүүрс хулгайлаагүй улстөрчийг Монголоос хайснаас өвсөн дотроос зүү хайсан нь бараг амархан байж магадгүй.
Ерөнхийдөө өнгөрсөн 13 жил дээр дооргүй, жижиг томгүй нүүрсээ тонож, хулгайлж идэцгээжээ, иржээ. Нүүрсний хулгайн дэргэд Хөгжлийн банкны луйвар ердөө задгай мөнгөний хэрэг болох нь нүүрсний сонсголоос сонсоход тодорхой байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь өнгөрсөн 13 жилийн хугацаанд Цанхийн уурхайгаас эрчим хүчний зориулалт бүхий 9.1 сая.тн, коксжих шинж чанартай 105 сая.тн, нийт 114 сая.тн нүүрс олборлосон гэдэг нь гаалиар гарсан бүртгэлтэй тоо юм. Харин бүртгэлгүйгээр 5.2 сая тонн буюу таван тэрбум ам.долларын нүүрс хил давсан болохыг “Эрдэнэс Тавантолгой” болон “Тавантолгой” ХХК-ийн нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа, экспортын талаарх мэдээллийг өгч буй хянан шалгагч нүүрсний сонсголын үеэр хэлсэн. Энэ нь Монголбанкны нэрлэсэн ханшаар нэг ам.доллар 3419 төгрөг гэж тооцоод үүнийг 5 тэрбумаар үржүүлэхэд 17 орчим их наяд төгрөг болно. Ийм их мөнгө эдийн засагт орж ирсэн бол өнөөдөр шатахууны хомсдол, цахилгаан эрчим хүчний хязгаарлалтад өртөхгүй байх боломж бидэнд байжээ. Ядаж л эрүүл мэнд, боловсролын хүртээмж үйлчилгээ сайжрах байсан нь гарцаагүй.
Ерөөсөө нүүрсний экспорт, тээвэрлэлт өнгөрсөн хугацаанд зах замбараагүй явж ирсэн, үүнийг нь далимдуулаад улстөрчид ханаж, цадахгүй хулгайлсан нь тодорхой. Улс нь “гуйлгачин”, улстөрчид нь улсаасаа баян явж ирсний нэг нууц энэ л байж. Төрийн өмч эзэнгүй өмч байдгийн бас тод жишээ энэ юм.
Тэрчлэн тээвэрлэлт нь хүртэл үнэ, тарифын хувьд хувь, хувьсгалын компаниуд асар зөрүүтэй. Энержи ресурс” компани гэхэд Ухаахудагаас-Цагаан хад хүртэл нэг тонн нүүрсийг нэг ам.доллараар тээвэрлэдэг. Цагаан хаднаас-Ганцмод хүртэл тээврийн зардалд таван ам.долларыг төлдөг байсан бол “Эрдэнэс Монгол” компани Тавантолгойгоос-Цагаан хад хүртэл нэг тонн нүүрсийг 16-18 ам.доллараар, Цагаан хаднаас-Ганцмод хүртэл 57 ам.доллараар тээвэрлэдэг байсан гэнэ. Ковидын үед бөмбөлөг тээвэрлэлтийн өртөг 1000-2000 юань хүрсэн тохиолдол ч байна. Энэ мэтээс харахад “Эрдэнэс Тавантолгой” хулгай, луйврын үүр овоохой л байсан хэрэг.
Нүүрсний олборлолт, экспорт, тээвэрлэлт, төмөр замын бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөр гээд яаж мөнгө угаах уу, унагах уу гэж улстөрчид нь бараг өдрийн бодол, шөнийн зүүдээ манах шахуу явсан ирсэн бололтой. Үнэндээ өнгөрсөн хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” нүүрсээ сорчлоод дууссан, тээвэрлэж байгаа нүүрсний 20-30 хувь нь шороо. Компани байгуулагдсан 13 жилийн турш нүүрсээ зөвхөн ухаад зараад байсан болохоос боловсруулж зарсан алга. Нүүрс боловсруулах үйлдвэр нь өдгөө ч ашиглалтад ороогүй гэхээр үүний ард хэн нэгэн улстөрчийн хувь эрх ашиг байсан гэсэн үг. Монголын улстөрчид улсын эрх ашгаа адагт, хувийн эрх ашиг нь нэг тавьж ирсэн нь “Эрдэнэс Тавантолгой”-н энэ мэт үйл ажиллагаанаас харагддаг.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ жилийн өмнө буюу 2022 оны дөрөвдүгээр сарын 5-нд олон нийтэд хандаж мэдээлэл хийхдээ “Эрдэнэс монгол” ХК-тай холбоотой асуудлыг ил гаргаж тавьсан. Тэрбээр төрөөс гадуур хяналтгүй их хэмжээний мөнгө эргэлдэж байгааг, энэ хэрэгт эрх мэдэлтнүүд холбоотой болохыг, тэд нэг тонн нүүрснээс 60-70 ам.долларын зөрүүг цавчиж ирснийг онцолж байлаа. Олны анхааралд энэ хэргийг өртүүлэх сонирхол ч Л.Оюун-Эрдэнэд байсан биз. Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, Ж.Мөнхбат гээд Ардын намын журмын нөхөд нь өдгөө нүүрсний хулгайн хэргийн яллагдагчаар татагдсан бий. Анд нөхдийнхөө авлига, хулгайн эсрэг хийх тэмцлээсээ алхам ухрахгүй болохоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зарлаж байв. Хамгийн гол нь өнөөдрийн элдвийн шуугиан, дуулианд авталгүй нүүрсний сонсголд нүд, чихээ тавъя. Улсаа тоносон, луйвардсан улстөрчид юу ярихыг нь анхааралтай үзье. Хэн, хаанаас яаж нүүрс хулгайлсныг иргэд мэдэх эрхтэй!