Ж.Ганбаатар иргэдийг тайвшруулснаас хойш 11 хоног өнгөрлөө, юу ч өөрчлөгдсөнгүй

0

Өнгөрөгч есдүгээр сарын сүүлээр ОХУ газрын тосны зарим бүтээгдэхүүн болон шатахууны экспортоо тодорхой улсуудад хязгаарласан. Үүнтэй холбогдуулан Монгол Улсад ч шатахууны импорт хязгаарлалтад орох вий гэх болгоомжлол үүсэх болсон. Харамсалтай нь, энэхүү болгоомжлол бодит байдал болж хувираад удаж байна.

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар арванхоёрдугаар сарын 11-нд “Шатахуун тасалдаж, иргэдэд хүндрэл учруулж байгаад хүлцэл өчье” хэмээсэн.

Гэвч тэр өдрөөс хойш бүтэн 11 хоног өнгөрчихсөн ч, шатахуун хэвийн болоогүй хэвээр. Харин “шатахуун энэ сарын 18-нд хэвийн болчихно” гэсэн хугацаа нь даруй тав хоног хэтэрчихлээ. Улмаар арванхоёрдугаар сарын 18-нд Ж.Ганбаатар сайд дахиад “Шатахуун, дизелийн хангалт байгаа ч түгжрэлд түгээж хүрэлцэхгүй байна” гэж хэлсэн байдаг.

Бодит байдал дээр иргэд “АИ92 байхгүй хэрнээ АИ95 байдаг. 100 мянган төгрөгөөр авсан бензинээр 100 км л явж байна. Гурав дөрвөн цаг дугаарлаад ч шатахуун авч чадалгүй харьж байна” гэхчлэн бухимдсаар байна.

АИ-92 шатахуунаар машинаа цэнэглэх хүсэлтэй иргэд ШТС-ууд тойрч явсаар олохгүй эсвэл авч чадахгүй хэвшил тогтоод удлаа. 

Салбарын сайд Ж.Ганбаатар дахин ам нээгээгүй. Таг чиг.

Бодит амьдралаас өөрөө аль хэдийнэ тасарсан мөртөө шатахууны нөөцийн талаарх хэдэн тоо цээжилж хэлчхээд чимээ имээгүй суух болсон. “Бид түүхэндээ байхгүй их шатахуун авч хадгалсан. Манай улсын хэрэглээ эрс өссөнтэй л холбоотой” гэж яриад өөрийгөө өмөөрсөн. Түүнчлэн АИ92-ийн үнэ нэмэгдвэл ажлаа өгнө гэсэн байдаг. Тэгвэл түүнийг огцрох хэмжээнд асуудал хүндэрчхээд байна.

Түүний ажлыг Эрчим хүч, Зам тээврийн яамныхан хийж явна. Тодруулбал, тээвэр, шатахуун, эрчим хүчтэй холбоотой асуудлаар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтар нар яаралтай томилолтоор өчигдөр өглөө ОХУ-руу явсан. Тэд ямар мэдээлэлтэй ирэхээс нөхцөл байдал шалтгаалахаар байна.

Өчигдөр байдлаар “ОХУ-аас 840 воган шатахуун гарсан замдаа яваа, Сүхбаатар өртөөнөөс Улаанбаатар чиглэлд 100 гаруй воган ирж яваа бөгөөд татан авалтыг хурдасгасан” гэж АМГТГ-аас мэдээлсэн.

Энэ шатахуунууд хэзээ ирж, нийслэлчүүдийн нурууг тэнийлгэх вэ.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *