Шаардлага хангаагүй компанийг “ЭТТ”-ийн Бортээгийн уурхайн гэрээт олборлогчоор тендерт шалгаруулсан гэв

0

Бортээгийн уурхайн гэрээт олборлогчийг сонгох тендер шалгаруулалтыг шинжлэн судалж байна. 

Өнөөдрийн сонсголын эхэнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захиалагчтай Бортээгийн уурхайн олборлогчийг сонгох тендер шалгаруулалтын талаар шинжээч дүгнэлтээ танилцуулав.

Шинжээчийн дүгнэлт: Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордод “Эрдэнэс Тавантолгой” ХК Цанхи, Онч, Хараат Бортээг, Бортолгой, Оорцогийн тусгай зөвшөөрлийг эзэмшиж байна.

Тус компани 2010 оноос Цанхийн уурхайг ил уурхайн аргаар олборлож эхэлсэн бөгөөд Бортээгийн чулуун нүүрсний ордыг 2022 оноос ил уурхайн аргаар олборлохоор үйл ажиллагаагаа төлөвлөн, зохион байгуулжээ.

Бортээгийн ордын нөөцийн хувьд Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолын хүрээнд хийгдсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үнэлгээгээр 3.7 их наяд төгрөг гэж байсан бол 2023 оны есдүгээр сарын биржийн тонн тутмын үнэээс нэгжийн нийт өртгийг хасч тооцсон дүнгээр 404 их наяд төгрөг байхаар байна.

“Эм Эм Маркет” ХХК 2019 онд “Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордын Бортээг /өмнөд/ хэсгийн MV-011956 тоот тусгай зөвшөөрлийн талбай дахь нөөцийг ил уурхайн аргаар ашиглах ТЭЗҮ үндэслэл” боловсруулах үйлчилгээ үзүүлэгийг сонгсон шалгаруулах тендерт шалгарч 527.9 сая төгрөгийн үнийн дүнтэй ЭТТ-2019/630 дугаартай гэрээг байгуулсан бөгөөд 2020 онд УУХҮЯ-ны дэргэдэх Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулж хүлээлгэж өгсөн.

Энэхүү ТЭЗҮ-г үндэслэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2021 оны “Худалдан авах ажиллагааны төлөвлөгөө”-нд “Бортээгийн уурхайн олборлогч”-ийг сонгох төсөл, арга хэмжээг 715.9 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгээр баталсан.

“Бортээгийн уурхайн олборлогчийг сонгон шалгаруулах” нээлттэй тендер шалгаруулалтыг цахим хэлбэрээр гурван удаа зохион байгуулжээ. 

Эхний тендерийг Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд тусгаснаар компанийн санхүүгийн боломжгүй болсон, дээд газраас шийдвэрлэсэн гэсэн 2 үндэслэлээр тендерийг цуцалсан.

  1. Тендер нь нүүрс баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагаа эхэлтэл хөрөнгийн эх үүсвэр шаардлагагүй байсан.
  2. Дээд газрын шийдвэр гэдэгт албажсан тайлбар, албан бичиг зэрэг ямар нэг үйлдэл хийгдсэн баримт байхгүй байна.

Дээрх хурлын тэмдэглэлээс үзэхэд тендер шалгаруулалтыг зогсоох үндэслэл бүхий бодит шаардлага, шалтгаан нөхцөл тогтоогдохгүй байна.

Хоёр дахь удаагаа зарлагдсан тендер шалгаруулалтад “Си -Ар Найнтээн бюро Монголиа” ХХК 799.8 тэрбум төгрөгийн үнийн санал, “Монголиа контракт майнинг сервис” ХХК, “Өсөх зоос алтан говь” ХХК, “Спэйшлмайнинг сервис” ХХК-ийн түншлэл 707.0 тэрбум төгрөгийн үнийн санал тус тус ирүүлсэн байна. Харин захиалагч тал болох “Эрдэнэс Тавантолгой” ХХК  нь Үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн тендерээс татгалзжээ.

Түүнчлэн “Монголиа контракт майнинг сервис” ХХК, “Өсөх зоос алтан говь” ХХК, “Спэйшлмайнинг сервис” ХХК-ийн түншлэл Сангийн яаманд тендерээс татгалзсан Захиалагчийн шийдвэр үндэслэлгүй тухай гомдол гаргасан боловч 2021 оны есдүгээр сарын 13-ншы өдрийн 4/442 дугаартай албан бичгээр гомдлоосоо татгалзах тухайн мэдэгдсэн байна. Шинжээчийн дүгнэлтээр тухайн тендер шалгаруулалтын шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул Захиалагч тал бүх тендерээс татгалзсан нь хуульд нийцсэн байна.

Ингээд “Эрдэнэс Тавантолгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирал 2021.09.15-ны өдрийн А/350 дугаар тушаалаар “Бортээгийн уурхайн гэрээт олборлогч”-ийг сонгон шалгаруулах үүрэг бүхийн үнэлгээний хороог шинэчлэн байгуулжээ.

Гурав дахь тендерийг 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тендер хүлээн авч, нээхэд цорын ганц оролцогч болохн “Монголиан контракт майнинг сейрвис” ХХК, “Таван хур” ХХК, “Админерал” ХХК, “Спейшлмайнинг сервис” ХХК-уудын “МТАС” түншлэл 715.9 тэрбум төгрөгийн үнийн санал ирүүлсэн.

Үнэлгээний хороо тендерийг хянаж үзээн “МТАС” түншлэлийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн гэж үзэж, 2021 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүлж, 11 дүгээр сарын 17-ны өдөр гэрээ байгуулсан байна.

Тендер сонгсон шалгаруулалтыг үнэлбэл “МТАС” түншлэл шалгарах боломжгүй байсан нь баримтуудаар нотлогдож байна.

Уг үйл ажиллагааг тухайлсан этгээдэд зориулан, хуулийн хүрээнд явагдсан гэж харагдуулах зорилгоор ЭТТ ХК-ийн 2021 оны хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд суулгаж, улмаар тендер шалгаруулалт зохион байгуулсан байж болзошгүй байна.

Түр хорооны дарга Б.Энхбаяр:

-Үнэлгээний хорооны гишүүн, “ЭТТ” ХК-ийн Геологи уул уурхайн хэлтсийн дарга Д.Уужимсайхан гэрчээс асуулт асуумаар байна. 440 их наяд төгрөгийг борлуулах эрхийг нэг компанид олгодог та ямар эрхтэй хүн бэ?  Бортээгийн уурхайд онцгой эрх олгогдсон байгаа юм. Зах зээлийн ханшаар борлуулах эрх олгосон байгаа юм. Хэн танд ийм үүрэг даалгавар өгсөн бэ?

 “ЭТТ” ХК-ийн Геологи уул уурхайн хэлтсийн дарга Д.Уужимсайхан:

-Би 2018 оноос хойш “ЭТТ” ХК-д ажиллаж байгаа. 2020 онд ТЭЗҮ-ийг яаралтай батлуулах шаардлага гарсан. Үүнд 300 сая төгрөгийн төсөв батлаад, тендерийн үйл ажиллагааг зарлаагүй байсан. Тухайн үед Бортээгийн ордын хайгуул, судалгааны ажил хийгдээд, нөөц батлагдсан байсан.

Үүний дагуу ТЭЗҮ боловсруулахаар ажилласан. ТЭЗҮ батлагдсаны дараа ордыг ашиглах асуудал танилцуулагдаад төсөв, мөнгө нь батлагдаад явсан. Сүүлийн жил гаруйн хугацаанд нүүрсний хулгай гэх асуудал дэлгэрснээс хойш би маш олон хуулийн байгууллагад, олон асуудлаар шалгагдаж байна. Ажлаа л хийж байна гэж бодож явсан. Эргээд харахад маш олон төслүүдэд төр засгийн шийдвэрээр ажиллаж явжээ.

Энэ олон төсөл, ажлыг нуруун дээрээ үүрч яваад санхүүгийн асуудалд орсон. Тиймээс Бортээгийн ордоос нэмэлт орлого олох компанийн шийдвэр гарсан. Тэндээс олсон мөнгөөрөө томоохон төслүүдээ санхүүжүүлэх тухай л яриа юм.

ТУЗ-ийн тогтоолоор энэ асуудал шийдвэрлэгдсэн. ТУЗ-ийн тогтоолын хүрээнд үнэлгээний хороон дээр яригдаад энэ асуудал шийдэгдсэн.

440 их наяд төгрөгийг мэдэхгүй. ТУЗ-аас баталсан 715 сая төгрөгийн нүүрс олборлох гэрээнд гарын үсэг зурсан. Төлбөрт нь нүүрс өгөх гэрээг хийж гүйцэтгэсэн. Халаасандаа 1.5 тэрбум төгрөг хулгайлж идсэн гэдэг нэр зүүж байна. Уулын ажлын төлөвлөгөө нь компанид нэг ч төгрөгийн алдагдалгүй, ашигтай бизнес төлөвлөгөө байсан гэв. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *