Ж.Батаа: Хөгжлийн Банк Эксим банк болох боломж бүрдлээ
Хөгжлийн Банкны гүйцэтгэх захирал Ж.Батаатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
– Одоогоос хоёр жилийн өмнө Хөгжлийн банкны нөхцөл байдал маш хүнд байсан. Банк байх уу, үгүй юу гэдэг асуудалтай нүүр тулаад байсан үетэй харьцуулахад өнөөдөр нөхцөл байдал ямар байна вэ?
– 2022 оны нэгдүгээр сарын 20-нд Хөгжлийн банкнаас чанаргүй зээлүүдээ олон нийтэд зарлаж байлаа. 2022 оны долоо, наймдугаар сард Монголбанкнаас манай банканд шалгалт орж, тухайн шалгалтын дүн арванхоёрдугаар сард нь албан ёсоор банкан дээр ирсэн. Нийт зээлийн 55 хувь нь чанаргүй ангилалд багтсан байсан. Зээлүүд дээр нэлээд олон талын судалгаа хийсэн л дээ. Зарим зээлийн тухайд маш олон жил үргэлжилсэн. Бүр 2012 оноос олгогдсон ч буцаан төлөгдөөгүй зээлүүд байсан. Чанаргүй зээлийн эргэн төлөлтүүд дээр анхаарч ажилласан.
Ер нь тухайн үед Хөгжлийн банкны нөхцөл байдал нэлээд хүндэрсэн гэдгийг бүгд мэднэ. Зээлийн багц болон төвлөрөл харьцангуй өндөр банк шүү дээ. Гэтэл чанаргүй зээлийн хэмжээ 55 хувиас даваад явчихна гэдэг бол дампуурлын дохио юм. Төв банкнаас хяналт шалгалтыг хийхдээ олон улсын стандарт, холбогдох дүрэм журмын дагуу зээлийн эрсдэлийн сан байгуулахыг шаардсан. Энэ үзүүлэлтээр бол банкны өөрийн хөрөнгө, авлагын харьцаа зэрэг санхүүгийн үзүүлэлтүүд бүгд муу, дампуурах хэмжээнд хүрсэн дүр зураг харагдаж байлаа. Банкны өөрийн хөрөнгийн хүрэлцээ 0,3 хувьтай гарсан.
Энэ нь чанаргүй зээлүүд дээр эрсдэлийн сан байгуулбал банк өөрийн хөрөнгөгүй үлдэнэ гэсэн үг. Олон улсын банк санхүүгийн системд бол энэ харьцаа 9 хувиас дээш байхыг зөвлөдөг. Гэтэл Хөгжлийн банкных 0,3 хувь болчихсон байсан нь асуудал бүр нэлээд хүндэрсэн гэсэн үг л дээ. Тэгээд банкны зүгээс энэ асуудлаар олон нийт, хэвлэл мэдээллийнхэнд хандсан. Тэднээс дэмжлэг хүсэж, Хөгжлийн банкны зээлийн асуудлыг анхаарлын төвд оруулсан. Засгийн газрын зүгээс ч анхаарсан. Парламентаас Хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулж хоёр сар орчим ажиллаж асуудлыг дүгнээд Хянан шалгах түр хороог байгуулсан.
Хууль хяналтын байгууллагынхан ч нэлээд эрчимтэй ажиллагааг явуулж, ер нь тал бүрээс Хөгжлийн банкны үйл ажиллагааг хэвийн хэмжээнд хүргэх дээр идэвх санаачилга гаргаж ажилласан.
– Хөгжлийн банкийг авч үлдэхэд олон нийтийн дэмжлэг маш чухал үүрэг гүйцэтгэсэн. Зээлийн эргэн төлөлт, сонсгол, шүүх хурлууд гээд бүх процесс дээр хяналт тавьж ажилласан гэж хардаг?
– Тэгэлгүй яах вэ. Олон нийтийн хяналт ямар хүчтэй гэдгийг Хөгжлийн банканд дээр болсон үйл явдлаас харж болно. Засгийн газар, хууль хяналтын байгууллагынхан ч холбогдох шийдвэрүүдийг түргэн шуурхай гаргаж байв. Засгийн газраас 220 дугаар тогтоол гаргаж, төрийн өмчит компаниудын зээлийг шийдэх гаргалгааг холбогдох яамдад хүргүүлсэн. Энэ дагуу эргэн төлөлтүүд шуурхай хийгдээд явж байна.
– Хэрэв асуудал хүндэрч, банк дампуурлаа зарласан бол эдийн засагт ямар нөхцөл байдал үүсэх байсан бол?
-Хөгжлийн банк бол 100 хувь төрийн өмчит банк. 1,2 их наяд төгрөгийн дүрмийн сантай. Хэрэв тухайн үед банк дампуурсан бол Засгийн газар цаашлаад татвар төлөгчид дээр маш их ачаалал үүсэх байлаа. Өр төлүүлэх ажил цаг хугацааны хувьд ч амаргүй байна. Энэ банк гаднаас голдуу дунд, урт хугацааны санхүүжилтийг зээл болон бонд хэлбэрээр босгож, 10 гаруй жил үйл ажиллагаа явуулсан. Энэ хугацаанд гадаад дотоодын хөрөнгө оруулагчдад танигдах, итгэлийг нь хүлээх амар байгаагүй. Тэгэхээр өнгөрсөн 10 жилд ажилласан тэр олон хүний хүч хөдөлмөр нэг өдрийн дотор байхгүй болно гэдэг үнэхээр харамсалтай байна биз дээ. Монголын эдийн засгийн түүхэнд хар мөр болж үлдэх байв. Энэ эрсдэлээс бид олон талын оролцоо, хүч хөдөлмөрөөр гарч чадсан.
– Хөгжлийн банкийг ийм хүнд нөхцөл байдалд хүрсэн шалтгааныг янз бүрээр тайлбарладаг. Та юу гэж хардаг вэ. Мөн энэ байдал дахин давтагдахгүй гэсэн баталгаа бий юу?
– Банк зөвхөн нэг учир шалтгааны улмаас дампуурлын ирмэгт хүрнэ гэж байдаггүй. Маш олон шалтгаан нөхцөл үүссэн байж таарна. 2021 оны наймдугаар сард ажил авч байхад Хөгжлийн банк 66 зээлдэгчийн 76 зээлтэй байсан. Эдгээр зээл бүгд өөрийн гэсэн онцлогтой. Зарим нь зээл аваад зориулалтын бусаар ашиглачихсан. Нөгөө хэсэг нь зээлээ аваад ажлаа хийж байтал цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалаад эдийн засаг нь хүндэрсэн. Бүр нөгөө талд нь банкны удирдлагаар ажиллаж байсан хүмүүс хөрөнгө дутагдсан байхад нь давуу эрх олгож зээл өгсөн асуудлууд ч бий. Тэгэхээр банкны нөхцөл байдал хүндэрсэн шалтгааныг яг үүнээс болсон гэж нарийн тооцоолох хэцүү л дээ. Цаашид бид ийм нөхцөл байдлыг давтахгүйн тулд эрх зүйн шинэчлэл хийх шаардлагатай байна. Үүн дээр зөвхөн банкны хууль гэлтгүйгээр банкны дүрэм, журмыг тодорхой болгох хэрэгтэй. Тухайлбал, гүйцэтгэх захирал түүний удирдлагын баг тодорхой хэмжээний шийдвэр гаргана. Мөн ТУЗ нь тэр шийдвэрийг баталгаажуулж өгдөг. Тэгэхээр цаашид эрх үүргийг нь нарийвчлаад хариуцлага үүрүүлэх компанийн засаглалыг бий болгох хэрэгтэй.
– Хөгжлийн банкны тухай хуульд шинэчлэл хийхээр ажиллаж байгаа юм байна. Хуулийн шинэчлэлд яг ямар томоохон өөрчлөлтүүд орж байгаа вэ?
– Одоогийн мөрдөгдөж байгаа хуулийн зүйл, заалтууд дээр ойлгомжгүй, тодорхойгүй зүйлүүд байдаг. Тухайлбал, төсөл хөтөлбөрийг сонгож, зээл санхүүжилтийг олгохдоо тодорхой шаардлагуудыг хангана гэж заасан. Үүн дээр тухайн зээлдэгчийн төсөл, бизнесийн үйл ажиллагаанаас шалтгаалаад биелүүлэх боломжгүй, зохицохгүй байх асуудал үүсдэг. Хөгжлийн банкны сонсголын үеэр та бүхэн анзаарсан байх. Байгаль орчны үнэлгээ хийсэн байх ёстой гээд заачихсан. Гэтэл дамжуулан зээл олгох үед арилжааны банкны байгаль орчны үнэлгээ хийх асуудал гарч ирдэг. Энэ хүндрэлтэй асуудал шүү дээ. Тэгэхээр үүнийг хуульдаа тодорхой болгох хэрэгтэй. Ер нь тухайн зээлдэгчийн бизнесийн үйл ажиллагаа, төслөөс шалтгаалаад тавигдах шаардлагууд өөр байх ёстой юм.
Тухайн төслийн үр өгөөж өгөх хугацаанаас нь шалтгаалж шаардлагууд өөр байж болно. Одоогоор хуулийн төсөл дээр манай банкныхан болон Сангийн яамнаас ажлын хэсэг гарч ажиллаж байна.
Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг парламентад өргөн барина. Хууль батлагдсаны дараа дагаад гардаг журам, банкны дүрэмд өөрчлөлт орно.
Бидний зүгээс өр барагдуулах ажлаа зохион байгуулахын зэрэгцээ хууль батлагдахыг хүлээхгүйгээр дүрэм журамдаа тодорхой шинэчлэлийг хийж байна. 2024 оны нэгдүгээр сард гэхэд Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааг авна.
Үүгээр нэгдүгээрт, дээр дурдсан засаглалын асуудлыг шийдэх юм. Зээл өгөх төслийг сонгон шалгаруулалт дээр хэн ямар эрх үүрэгтэй байх юм, яаж хариуцлага хүлээх юм гэдгийг тодорхой болгоно. Хоёрдугаарт, бизнес моделийн асуудлыг ярина. Хөгжлийн банкны санхүүжүүлэх ёстой төсөл нь урт хугацаандаа үр өгөөжөө өгөх төсөл байдаг. Харин арилжааны банкууд богино хугацаатай хөгжлийн зээл олгодог. Тийм зээл рүү Хөгжлийн банк орох ёсгүй. Тэгэхээр дотоодын арилжааны банк болон гаднын хөрөнгө оруулагчид тэр бүр ордоггүй ийм хэсэгт Хөгжлийн банк орж ажиллах зарчимтай. Тухайн төсөл нь улс эх орны хөгжилд ач холбогдолтой, ирээдүйд үр өгөөжөө өгөх төсөл байх шалгууртай. Манай улсын эдийн засгийн мөчлөгөөс харахад уул уурхайн экспорт сайн, өндөр дүнтэй явж байгаа ч гэсэн боловсруулах үйлдвэр байдаггүй. Үүн дээр орж ажиллах сонирхолтой аж ахуй нэгж цөөхөн байна. Тэгэхээр ойрын хугацаанд Хөгжлийн банкны зүгээс энэ чиглэлд анхаарч ажиллана.
Мөн сая болсон нүүрсний сонсголын үеэр Тавантолгойн цахилгаан станцын асуудал яригдлаа. Уг нь энэ станц ашиглалтад орвол худалдан авагч нь бэлэн байдаг. Бид одоо урд хөршөөс цахилгаанаа худалдан аваад байна. Энэ төсөл дээр гэхэд импортыг орлох чиглэлд төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой гэж харж байгаа. Мөн бид 2021 онд Хөгжлийн банкны дүрмийг батлахдаа Эксим банкны чиг үүргийг гүйцэтгэнэ гэж заасан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд бид өр барагдуулах чиглэлд ажиллаад дүрмийн өөрчлөлтөө сайн хэрэгжүүлж чадаагүй. Мөн бид өнгөрсөн хугацаанд экспортыг дэмжсэн, импортыг орлох төсөл хөтөлбөрийг санхүүжүүлж ирсэн ч том зургаараа хууль, эрх зүйн шинэчлэлээ сайн хийж чадаагүй. Цаашид хууль, засаглал, бизнес моделийн өөрчлөлтийг хийснээр Эксим банкны чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллах боломж бүрдэнэ гэж харж байна. Азийн хөгжлийн банкны техникийн туслалцааг авснаар мөн тодорхой асуудлуудад шийдэлд хүрнэ. Зөвхөн хууль эрх зүйн шинэчлэл хийснээр асуудал 100 хувь шийдэгдэхгүй байх. Банк санхүүгийн бизнес гэдэг өөрөө хүмүүс дээр тогтдог бизнес тул өөрсдөө ёс зүйг эрхэмлэж ажиллахгүй бол болохгүй. Тэгэхээр олон талын оролцоо хандлага чухал гэдэгт анхаарч ажиллаж байна.
– Та банк доторх засаглалыг сайжруулах тухай ярилаа. Ирэх жил парламентын сонгууль болно. Ямар нам эвсэл олонх болох нь тодорхойгүй байна. Хөгжлийн банкны хувьд ямар ч нам эвсэл олонх болсон, улс төрийн нөлөөллөөс ангид байх тийм дархлааг бий болгож чадсан уу?
– 2017 онд Хөгжлийн банкны тухай хуульд өөрчлөлт оруулахдаа улс төрийн нөлөөллийг нэлээд багасгасан гэж үздэг. Одоо эргээд харахад асуудал 100 хувь шийдэгдээгүй л байна. Ер нь Хөгжлийн банкны үйл ажиллагаа улс төрийн нөлөөллөөс 100 хувь сална гэдэг амаргүй. Гэхдээ бага багаар, ялангуяа сүүлийн хоёр жилийн хугацаанд манай банкан дээр өрнөсөн үйл явдлуудаас хойш энэ асуудал нэлээд гайгүй болсон. Жишээ нь, өмнөх хуулийн өөрчлөлтөөр төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр зээл олгохгүй гээд заачихсан. Энэ заалт бол хэрэгжиж байна. Мөн Хөгжлийн банкны гүйцэтгэх удирдлагыг олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгож томилно гэж заасан. Олон улсын сонгон шалгаруулалтаар томилогдсон баг улс төрөөс хараат бусаар ажиллах магадлал өндөртэй. Тэгэхээр энэ заалт цаашид хэрэгжээд явах боломжтой.
– Хөгжлийн банк Монгол Улсын хөгжилд хувьд нэмрээ оруулах үндсэн зорилго, үүрэгтэй. Энэ үүргээ хэр биелүүлж чадаж байгаа юм бэ. Амжилттай хэрэгжиж байгаа төслүүдээсээ нэрлэхгүй юу?
– Нэлээд хэдэн төслийг энд нэрлэж болно. Тухайлбал, цементийн 2-3 төсөл байна. Манай барилгын салбарынхан гаднаас цемент авах шаардлагагүй болсон. Өнгөрсөн онд цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалж хомсдол үүссэнийг эс тооцвол энэ төслүүд амжилттай болсон. Жилд хоёр сая орчим тонн цементийн хэрэгцээг дотоодоосоо хангаж байна. Үүний цаана үйлдвэрлэл, ажлын байр, татварын орлого бүрдэх зэрэг давуу талтай. Мөн эрчим хүчний хэд хэдэн төсөл бий. ТЭЦ-4-ийн өргөтгөлийн ажил 2018-2021 онд үргэлжилж дууссан, одоо Монголын цахилгааны хэрэглээний 40 гаруй хувийг энэ станц дангаараа хангаж байна.
Амгалангийн дулааны станцын өргөтгөлийн төсөл Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байна, ирэх онд ашиглалтад орно. Мөн Чойбалсангийн цахилгаан станцын өргөтгөлийг манай санхүүжилтээр хийж байна, ирэх оны нэгдүгээр сард ашиглалтад орно. Ингэснээр зүүн бүсийн гурван аймгийг цахилгаанаар бүрэн хангах боломжтой болж байгаа юм. Авто замын төсөл байна. Тавантолгойн нүүрсний уурхайгаас Гашуунсухайт хүртэлх төмөр замын бүтээн байгуулалтыг мөн санхүүжүүлж байна. Газрын тосны үйлдвэрийн туслах дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг манай банкнаас санхүүжүүлж байна.
– Хөгжлийн банк энэ онд хоёр бондын өрөө төлж барагдууллаа. Бондын төлбөрийг хугацаанд нь төлөхийн тулд ямар менежмент хийж ажилласан бэ?
– Энэ онд эргэн төлөх хуваарьтай “Евро” бондын 500 сая ам.доллар, “Самурай” бондын 200 сая ам.долларын өрийг бид хугацаанд нь төлж барагдууллаа. Өр барагдуулах ажлын нөгөө талд ханшийн өсөлт, цар тахлын үеийн эдийн засгийн тааварлашгүй нөхцөл байдал тулгарч байлаа. Мөн зээлийн өрийг барагдуулахдаа улсын төсөвт ачаалал өгөхгүй байхад анхаарсан. Үнэт цаас, тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгүүд бас байсан. Түүнчлэн Хөгжлийн банк 2022, 2023 онд биржийн бус зах зээл дээр төгрөгөөр бонд гаргасан. Гаднын хөрөнгө оруулагчид худалдан авч, валютын урсгал нэмэгдсэн. Төгрөгөөр гаргасан учраас бид өнгөрсөн хугацаанд нийт 200 сая ам.доллартой тэнцэх хөрөнгө босгожээ. Энэ мэтчилэн бид өөрийн дотоод нөөц бололцоогоо ашиглан бондын эргэн төлөлтийг бүрдүүлж чадсан.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин №259 (7244)