ГХО-ын тухай хууль хэлэлцэгдэж байгаатай холбогдуулан хэн юу хэлэв…

0

УИХ-ын чуулганаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байгаа. Уг хуулийн төслийг Засгийн газраас буюу ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар өргөн барьсан юм. Энэ хуулийн төслийн хэлэлцүүлэг өнгөрсөн долоо хоногт болж, УИХ санал хураалт явуулалгүйгээр хойшлуулсан юм. Энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанаар тус хуулийн төслийг дэмжих эсэх санал хураалт болох учиртай. Тэгвэл уг хуулийн төсөл хэлэлцэгдэж байгаатай холбогдуулан улс төрд нөлөө бүхий хүмүүс юу хэлснийг түүвэрлэн хүргэе.

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж: Ам нээвэл уушиг нээ гэж. Хөрөнгө оруулалтын ерөнхий хууль хэрэгтэй. Өмчийн эрхийн болон Гэрээний тухай стандарт хуульгүй бол аль ч бизнес нар харахгүй. (Property right and Contract Law) Ч.Хүрэлбаатараа энэ хоёр хуулийг хөрөнгө оруулагчид хүлээж байгаа. Одоо л цаг нь ирж байх шиг!

Дангаасүрэнгийн Энхбат: Газрыг заавал 100 жилээр ашиглуулж байж ГХО татна гэвэл дэндүү механик гаргалгаа. Жишээ нь, Тайландад газрыг гадаадынханд өмчлүүлдэггүй. Гэсэн ч 2022 онд $10B хөрөнгө орж ирсэн бдаг. Сингапурт бол бүр өгөх ч газар байхгүй. Гэтэл… Газрыг 100 жилээр ашиглуулахгүй бол очихгүй гэж чухам ямар бизнес хэлээд бгаа факт, судалгаа? ГХО-ыг сайн татахын тулд сайтар боловсруулсан бодлого шаардлагатай.

Ерөнхий сайд асан М.Энхсайхан: Гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татаж чадаж байгаа, чадахгүй байгаа улсууд: нэгд АНУ, хоёрт Хятад, гуравт Хонконг. За тэгээд Синга гэх мэт ГШХО-ийн төлөө өрсөлддөг болохоос хөрөнгө оруулагчид Монголыг гуйх байх гэж бодвол эндүүрэл аж Олон жил хэлж бна даа модон толгойнуудад.

ХҮН-ын дарга Т.Доржханд: Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг маш их дэмжиж байгаа. Гагцхүү асуудал нь хууль гарсан ч хэрэгжилт нь бидний хүлээснээр байж чадах уу гэдэг бодит байдал дээр хүлээлт өөр байгаа. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулахад яг бэлэн байгаа компаниуд байхгүй шүү дээ. Яагаад гэвэл хойд хөрш дайнтай байна. Энэ бүс нутагт хөрөнгө оруулалтын орчин маш муу байгаа. Бид хөрөнгө оруулалтыг яаж татах вэ гэдэг дээр л толгойгоо ажиллуулах ёстой болохоос биш хөрөнгө оруулагчид гаднаас орж ирээд энэ улсыг эзлэх гээд байна гэдэг үлгэр бол бүтэхгүй шүү. Эдийн засгаа өсгөе. Цалин, тэтгэврээ нэмье гээд байдаг. Тэгвэл эдийн засгийг өсгөдөг гуравхан суваг байгаа шүү дээ. Экспорт, гадны хөрөнгө оруулалт, гаднаас мөнгө босгодог ийм л гурван эх үүсвэр байгаа.

ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар: Гадаадын иргэн эрхзүйн байдлын тухай хуульд зааснаар виз авах, оршин суух, зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд ямар нэгэн өөрчлөлт ороогүй. Одоо хэлээд байгаа заалт нь өмнө байсан хуулиндаа л байсан заалт. Хоёрдугаарт. Монгол улс дэлхийн хөгжлөө яаж явах вэ гэдгээ л харах ёстой. Бүх юмаа хаагаад зөвхөн дотроо өөрсдөө юмаа хийнэ гээд хөгжүүлж болно. Гэхдээ хөгжил их л удаан байна. Монголчуудын дийлэнх нь ядуу хэвээрээ л байгаа. Яахав энд сууж байгаа олон хүний амьдрал сайхан байгаа байх. Бид энгийн ард иргэдийнхээ амьдралыг бодох ёстой. Гуравт. Ард иргэд, бизнес эрхлэгчдийн юу хийхийг бид зааж өгөх гэж оролдож яах юм. Аль нийгэмд амьдарч байгаа юм. Тэр хүмүүст сонголт нь нээлттэй байг л дээ. Бид өмнөөс нь шийдэх гэж оролдоод яах юм. Бизнес эрхлэгч, ард иргэдэд боломжийг нь олгох хуулийг л бид оруулж ирж байгаа. Эмзэг сэдэв байгаа учраас хуучин байсан зүйлийг оролдоогүй.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан: Би чуулган дээр танай АН намын лидерүүдийн нэг С.Ганбаатарын ХО хуулинд өөрчлөлт оруулахдаа ҮАБЗ нь юу гэж үзсэн бэ? гэдэг асуултанд хариулсан юм. 60+40 гэдэг өөрчлөлт 2013 онд орсон. Тэр үед Ерөнхийлөгч нь та, спикер нь З.Энхболд, ЕС нь Н.Алтанхуяг байсан. Намынхаасаа асуучих оо гэж хэлсэн санаатай. Та асуултыг нь сонсоогүй учир буруу ойлгожээ. С.Ганбаатарт хариултыг нь өгөхийг хүсье.

БХБ-ын сайд Ц.Даваасүрэн: Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр анхаарах зүйл байна. Хөрөнгө оруулалтын босгыг 50 мянган доллар болгож бууруулсантай холбоотой шүүмжилж байсан. 50 мянган доллартай бол байр, машин худалдаж аваад л Монголд байнгын оршин суух гадны эрхтэй болох нь гэж. Одоогийн энэ хуулинд бүр босгогүй болчихож. Хөрөнгө оруулалтын хэлбэр нь уг нь дөрвөн төрөл байсан. Гэтэл одоо маш олон төрөл болчихож. Энэ дотор нь барилгад хөрөнгө оруулалт буюу зүгээр нэг хямдхан байшин худалдаад авчихвал байнга оршин суух эрхтэй болж байна. Энэ асуудлыг би ЗГ-ын хуралдаан дээр ярьсан. Нэлээн сайн ярьж байж оруулж ирье гэсэн боловч энэ заалт нь хэвээрээ явж байгаа юм байна. Энэ болохгүй. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлнө.

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун: 2013 оны хөрөнгө оруулалтын тухай хууль яригдаж байхад 100 мянган доллараас дээш хөрөнгө оруулбал хөрөнгө оруулагч гэж хэлнэ гээд. Тэрийг 2013 онд 50 мянган доллар болох гэж бөөн маргаан болоод эргээд 100 мянгаараа үлдсэн. Гэтэл энэ шинэчилсэн найруулга дээр тэр 100 мянган долларын босго байхгүй байна. Энэ бол аюул дагуулна. Хөрөнгө оруулагчийн дүрээр цагаач иргэд нөмрөхвий гэсэн болгоомжлол төрүүлж байна. Монгол усад сая төгрөг хүрэхгүй дүрмийн сантай компани байгуулчихна. Барилга байшин худалдаж аваад хөрөнгө оруулагч болчихно. Машин механизм оруулж ирээд хөрөнгө оруулагч болох юм байна. Тэр зүйлс бол хэрэглээний зүйл. Хөрөнгө оруулагч гэж болохгүй. Босго байх ёстой. Энэ хуулинд чинь босго байхгүй байна. Энэ байдлаараа 40, 50 жилийн дараа биш 10 жилийн дараа гэхэд Монгол үндэстэн газар нутаг дээрээ цөөнх болоод явж байхыг үгүйсгэх аргагүй болгоомжлол төрүүлж байна.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *