Б.Энхбаярын ERROR 404 буюу Нүүрсний сонсголын” цоорхойг хэзээ нөхөж хэлэлцэх вэ?
-“Нүүрсний хулгайн” гэх улстөржсөн сонсгол “Нүүрсний хулгайч”-ийг төөрүүлэх зорилго агуулсан юм биш биз?-
УИХ-ын 2023 оны 63 тоот тогтоолоор “Тавантолгой” ХК болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа, бусад бараа үйлчилгээ, худалдан авалтад хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өндөрлөөд удсан ч “улс төрийн утаа” нь уугисаар байна. Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг дөнгөж дуусахад тус Түр хорооны дарга, УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Бүлэглэл бүх талаар ажилласан ч нүүрсний сонсголыг амжилттай зохион байгуулж чадлаа” хэмээн мэдэгдэв. Мөн олон нийтийн сүлжээнд тэрбээр “Маргаашаас эхлэн нүүрсний мафи над руу нэг сарын турш хэвлэлийн аттак хийнэ. Одоогийн байдлаар үүнд 3 тэрбум төгрөгийн төсөв /үүний тал нь төрийн өмчийн компаниас халхавч байдлаар гарсан/ гаргаад байна” хэмээн мэдэгдсэн юм. Эдгээр нь “Нүүрсний сонсгол” гэгч нь улстөржсөн, зохион байгуулалттай “үзүүлбэр” байсан юм биз гэж санагдуулах боллоо. Учир нь,сонсголд дуудах хүмүүсээ яаж зарласан нь , сонсголын үеэр тэдэнтэй хэрхэн харилцсан нь, “Шинжээчдийн дүгнэлт” хэмээн юуг тулгасан зэргийг хараад хэлэх ч үг олдсонгүй.
“Бүдүүлэг” сонсголоос болж “гүтгүүлэгчид” Хуулийн сайдыг шүүхэд өгч эхэллээ
Улсын маань “Хуулийн сайд” төрийн байгууллагын удирдлагыг байг гэхэд иргэнийг “Чи тэрний хүүхэд”, “Чиний аав бол тэр…” гээд “тулгаад” байхыг харах амаргүй байлаа. Дээр нь компанийн регистрийг андуураад, түүгээрээ хэрэг хүлээлгэнэ гэдэг дэндүү хариуцлагагүй, бүдүүлэг биш гэж үү? Үүндээ тэд уучлал гуйгаагүй. Сонсголд дуудагдсан иргэн тухайн хэрэгт хамааралгүйгээр хэдэн удаа ял шийтгэл хүлээж байснаа яагаад орон даяар цацагдаж байгаа сонсголын үеэр “өчих” ёстойг ч бүү мэд, илтэд тохуурхан хялайж байснаа сонсгол гэнэтдуусчихсан. Тэр иргэний нэр хүнд яах вэ? Зарлаж яах гэж байгаа юм бэ? Ийм л юмс болоод өнгөрлөө. Одоогоор Түр хорооныхон болон шинжээчдэд гомдсон, нэр хүндээ сэргээлгэхээр хуулийн байгууллагад хандсан хүмүүсийн тоо олширсоор байна.
Эдгээрээс хамгийн халуун “улс төр” үнэртсэн нь Бортээгийн уурхайн гэрээт олборлогчийг сонгох тендерийн шалгаруулалтын талаарх мэдээлэл байлаа. Нэлээд хэдэн сарын өмнөөс энэ уурхайн нэрийг олон нийт мэддэг боллоо. Засгийн газрын гишүүн, ЗГХЭГ-ын дарга, МАН-ын генсек Д.Амарбаясгалантай хамааруулах гэсэн болхи оролдлогууд хэвлэл мэдээллийн хэрэгслээр хөвөрсөөр байв. “Нүүрсний сонсгол”-ын үеэр л учир зангилаа нь тайлагдах байх гэсэн хүлээлт харин “Шинжээчдийн дүгнэлт” гэгчийн уул уурхайн салбарыг “үл мэдэх” нөхцөл байдлаас болж багагүй бэрхшээлтэй тулгарлаа. Учир нь шинжээчдийн танилцуулсан нэгдсэн дүгнэлт баримтын өмнө хүчин мөхөстсөн юм. Дээр нь хэзээ ч үл батлагдах хэт их хэмжээний буюу 404 их наяд төгрөг, 5.2 сая тонн хулгайн нүүрс гэдэг том тоо гаргаад ирчихсэн, тэр “бантангаа зуурах” азгүй даалгавар нь улс төрийн шинжтэй байлаа. Шинжээчид ч 404 их наяд төгрөг гэдэг тоогоо нотолж чадсангүй. Яагаад нотолж чадаагүй вэ гэвэл Бор тээгийн төслийн нийт нөөц нь ТЭЗҮ-р 1.1 тэрбум тонн буюу үүнээс үйлдвэрийн нөөц нь 420 гаруй сая тонн буюу жилд 15 сая тонн олборлож 30 жил ашиглах орд байсан. Гэтэл Түр хорооны гишүүд 2.3 тэрбум тонн нөөцийг дээрх түншлэлд өгсөн мэтээр ард түмэнд худал мэдээлэл өгсөн. Компанийн ТУЗ-өөр батлагдсан төсөв болон тендерийн баримт бичигт 17 сая тонн нүүрс олборлохоор шалгарсан компани 36 сарын хугацаанд хөрс хуулалт болон нүүрс олборлохоор байсан. Тэгэхээр товчхондоо 420 сая тонн дотор ярих нүүрсний ордын тухай ярихдаа 404 их наяд төгрөг “нэхээд” байгаа юм. Энэ тоог яаж гаргаж ирснийг бүү мэд, магадгүй өөрсдийн олсон, түүндээ бат нот итгэсэн 2.3 тэрбум тонноороо л өнөөдрийн байдлаарх нүүрсний үнийг үржүүлээд олборлолтын зардлыг нь хасаад гаргачихсан тоо юм болов уу даа гэж тааж байна. Түр хорооны гишүүн, УИХ-ын гишүүн Г.Ганболд ч “Шинжээчид энэ яриад байгаа тоо дүнгээ нягталсан уу? Бид нийгэмд зөв ойлголт өгөхгүй бол ард түмэн дахиад нэг том тооны араас хөөцөлдөх талцалд хүргэх вий? Уужимсанаа бол гурван жилийн хугацаанд 17 сая тонн нүүрс олборлох тендэр шалгаруулсан гээд байна шүү дээ…” гэхэд “Манай шинжээчид рүү хэн ч халдахгүй шүү, юу ч ярихгүй шүү та нар…” гээд дуу хорьж байв. Иргэн танд шүүгч 500 граммын шил үзүүлээд энэ дотор байсан 500 литр сүүг яасан бэ гэж ял тулгаад байвал хэцүү биз дээ? Иймэрхүү л юм боллоо. Энэ мэтчилэн Хяналтын Түр хорооныхон болон тэдний шинжээчдийн танилцуулсан нэгдсэн дүгнэлтүүдтэй холбоотой зарим тайлбарыг үнэн бодитоор олон нийтэд болон улсын архивт үлдээх нь зөв гэж бодлоо. Энэхүү тайлбар нь холбогдох албан ёсны баримт бичгүүдээр нотлогдох тул түр азная. Товчхондоо худал мэдээллээр нийтийн сонсгол хийж болохгүй! Энэ бол зарчим.
“Бортээг” л нүүрсний хулгайн сонсгол “Жинхэнэ нүүрсний хулгайчдыг” хамгаалах үүрэгтэйг ойлгуулав!
Харин энэ үеэр Бортээгийн төсөлтэй холбоотой жинхэнэ сонирхолтой холбоос харагдсан шүү. Энэ бол олоон жилийн өмнө улс төрийн сонгууль угтаад медиа групп байгуулсан хэвлэлийн хэдэн “жаал”-ын “Топ медиа” компани нүүрсний хулгай хийгээд 404 их наяд төгрөг залгичихлаа гэж үү гэж бодтол тэр “Топ медиа” нь бараа хүргэж өгдөг онлайн худалдаа л юм байсан юм байна лээ шүү дээ. Үүндээ тулгуурлаж тулгасан нүүрсний хулгай нь батлагдсан ч үгүй, ЗГХЭГ-ын дарга, сайд нь ХЗДХ-ийн сайдаа шүүхэд өгснөөр дуусах юм даг уу даа.
Юу гэвэл наад “хулгай” гэгч чинь гарсан 2021 оны худалдан авалтын төлөвлөгөөг чинь 2020 оны 4 улиралд буюу урд онд нь тогтоол гаргаж баталсан юм байна лээ. Төрийн өмчит компанийн холбогдох хууль дүрэм журмын дагуу жилийн худалдан авалтын төсөв, төлөвлөгөөг компанийн холбогдох газар нэгж боловсруулж захирлуудын зөвлөл бүгд танилцаж хамгийн сүүлд компанийн ТУЗ-өөр батлуулдаг. Тэгсэн чинь Бортээгийн төслийн нэгжийн дарга нь Б.Мөнхбаатар юм байна шүү дээ. Одоо энэ нөхөр хаана ажилладаг гээч? Засгийн газрын 2022 оны 5 дугаар сарын 31-ний 217 тоот тогтоолоор байгуулагдсан “Эрдэнэс Баянбогд” компанид ажилладаг. Энэ бол 34 хувийг нь “Эрдэнэс Монгол”, 66 хувийг нь “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” ХКэзэмшдэг, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт ашигт малтмал хайх XV-022117 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшдэг компани. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдаас Улаанбаатар хотын дарга болчихоод Д.Сумъяабазарын хийсэн хамгийн том ажлуудын нэг энэ юм. Ногоон автобус, нүүрсний хулгай, алинаас нь зугтсаныг бүү мэд, энэ хүн Хотын даргын ажлаа өөрийн хүсэлтээр өгсөн. Саяхан нүүрсний сонсгол дээр хүрэлцэн ирэхдээ “Эрдэнэс Тавантолгой майнинг улстөржилтөөс болж зогссон. Хүний өөөрийн ААН-үүд эсэргүүцээд зогсоосон” гэж ууртайхан мэдэгдчихээд явсан. Зөв хө, Д.Сумъяабазар аа! Бортээгийн төслийн нэгжийн захирал Батбилэгийн Мөнхбаатар чинь таны яриад байгаа “Эрдэнэс Тавантолгой майнинг”-ийн уул уурхай хариуцсан дэд захирлаар ажилласан шүү дээ. Гэтэл одоо “Эрдэнэс Баянбогд”-ын захирал. Сонин байгаа биз?
Түр хорооны дарга, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр Бортээгийг яагаад тэднээс асуусангүй вэ? Д.Сумъяабазар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд байхдаа “Эрдэнэс Баянбогдыг” маш сайн судалсан, улмаар Улаанбаатар хотын дарга болж, “дургүй царайлан дуртайяа” орныхоо хүнээр Х.Нямбаатарыг УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайдын суудлаас нь салгаж улстөрчийнх нь хувьд асар том золиос хийлгээд холдон одсон Д.Сумъяабазарыг ХЗДХ-ийн сайд тун ч энэрэнгүй хандлаа даа. Энэ чинь л “Жинхэнэ нүүрсний хулгай” гэж юу байдгийг харуулах хүсэл зоригийг бадраалаа. Их хачин юм болоод өнгөрсөн шүү дээ. Ямартай ч Д.Амарбаясгаланд “тохоод” байгаа Бортээгийн төслийн нэгжийг тухайн үеийн сайд Д. Сумьяабазар сайн мэднэ. Тэр ч байтугай “уурхайг нээх ажлыг эрчимжүүл” гэсэн гэж тухайн үеийн Бортээгийн төслийн нэгжийн дарга Б.Мөнхбаатар нь хэлж Цанхийн баруун, Цанхийн зүүн уурхайн ТЭЗҮ хийлгэж байсан ММ Маркет компанийнхантай уулзаж Бортээгийн ТЭЗҮ боловсруулах ажлыг үнэ төлбөргүй нэмэлт гэрээ хийж тус компаниар батлуулсан байдаг юм. Энэ бол нотлох баримтын хүрээнд татаж аваад л шалгачих зүйл. Хүсвэл маш амархан.
“Админерал”-ын адлагдсан шалтгаан буюу 220 сая тонн хаягдал “нүүрсэн уул” шатаж байх нь хэнд хэрэгтэй юм бэ?
За тэгвэл “Админерал” гэгч компани ямар хамааралтай вэ? Түр хорооны Шинжээч хэлэхдээ “Нүүрс баяжуулах үүрэгтэйгээр түншлэн тендерт орж ирсэн “Админерал” компани 2020 онд биш сүүлд 2021 оны 07 дугаар сарын 02-ний байгуулагдсан” гэсэн. Бүр тусгайлсан этгээдэд зориулсан” гэж дахин дахин хэлээд байна билээ. Бортээгийн төслийн нэгж 2021 онд байгуулагдсан бөгөөд бие даасан бодлого төлөвлөгөөтэй гүйцэтгэх удирдлага, орон тооны бүтцээр ажиллаж байсан. Өөрөөр хэлбэл Д.Уужимсанаа гэдэг залууд “тулгаад” байсан Уул уурхай технологийн газарт шууд хамааралгүй байсан юм. Харин УУХҮЯ хувьцаа эзэмшигчийн хувиар төлөөлж шууд удирдлагаар хангаж байлаа. УУХҮЯ гэхээр Д.Сумъяабазар, Бортээг төслийн нэгжийн дарга Б.Мөнхбаатар! Яаж Д.Амарбаясгалан, Ц.Чулуунзагд вэ? Арай алиа байгаа биз дээ? Энийгээ тэр Бортээг төслийн нэгжийг байгуулсан тогтоол шийдвэрүүд болон Бортээгийн ордын ТЭЗҮ, 2021 оны худалдан авалтын төлөвлөгөөг нь баталсан ТУЗ-ийн тогтоол, Б.Мөнхбаатарын гаргасан шийдвэрүүдээс татаж аваад харчих л даа. “Эрдэнэс Баянбогд”-оос гүйж ирээд өөрөө ч тайлбарлаад өгчихнө шүү дээ.
Давуу байдал яаж үүсгэсэн байх вэ?
За давуу тал олгосон эсэхийг харцгаая. Түр хорооны шинжээчид танилцуулахдаа “Тендер шалгаруулалт зохион байгуулахдаа эхний тендрийг тодорхой үндэслэлгүйгээр цуцалсан, 2 дахь тендер шалгаруулалтыг хуулийн хүрээнд зохион байгуулсан үнэгээний хороог 3 дахь тендрийн шалгаруулалтыг зохион байгуулахаас хоёр өдрийн өмнө өөрчилсөн нь “Админерал”-д давуу байдал үүсгэчихлээ гээд байгаа юм. Бортээгийн төслийн нэгж тендер шалгаруулалтын ажлын даалгавар боловсруулан 2021 оны 02 дугаар сарын 16-ний өдөр Бараа ажил үйлчилгээ худалдан авах журмын нэгдүгээр хавсралтын дагуу захиалгын хуудас тойруулж холбогдох газраар батлуулахдаа Уул уурхай технологийн газраар оруулаагүй батлуулсан байдаг. Үүнээс нь үүдээд “ЭТТ” ХК-ийн 2021 оны 03 дугаар сарын 05-ний өдөр А/45 дугаар бүхий үнэлгээний хороо байгуулах тушаал болон Тус үнэлгээний хорооны дарга Ц.Анх-Одын 2021 оны 03 дугаар сарын 15-ний өдөр Бортээг төслийн нэгжийн дарга Б.Мөнхбаатарт хаягласан албан бичиг зэргийг үзлээ. Эхний зарласан ажлын даалгавар нь шаардлага хангахгүй байсан тул зарласан тендерийн материалаа төрийн худалдан авах цахим тендерээс татан авч дахин тус үнэлгээний хороо 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр зарласан байдаг. Тус үнэлгээний хорооны гишүүн Г.Бат-Эрдэнэ тендер зарлаад өөрийн хүсэлтээр компаниас гарч үнэлгээний хороонд С.Анхбаяр (Энхбаяр сайдын хамаарал бүхий этгээд) орж ажилласан байдаг. Үүнийг анх нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал байгаад эрүүл мэндийн шалтгаанаар өөрчлөгдөн О.Бат-Амгалан болж өөрчлөгдсөн, Үнэлгээний хорооны гишүүн Г.Бат-Эрдэнэ өөрийн хүсэлтээр ажлаас гарч оронд нь С.Анхбаяр орж өөрчлөгдсөн тухай сүүлд байгуулагдсан 2021 оны 9 дүгээр сарын 15-ны тушаалаас нь л харчихаач дээ. Ер нь эрхэм шинжээчид тэр ТЭЗҮ-ийг уншсан бол хэн нэгэнд давуу байдал олгосон гэхээс илүү харин ч өрсөлдөөнийг бий болгож тусгайлан брэнд зааж өгөөгүй, эдийн засгийн үр ашгийг нь дээшлүүлэх, хаягдал нүүрсээ байгаль орчныг хордуулж шатаж байхаар мөнгө болгоё гэсэн үзэл санаатай байсныг ойлгомоор л юм.
Мөн шинжээч үйлдвэр худалдан авах тендер зохион байгуулсан мэтээр илт худал дүгнэлт гаргаж нүүрсний сонсгол зохион байгуулж байсан УИХ-ын гишүүд үйлдвэр худалдан авах мэтээр ойлгож асуулт асууж байсан.Энэ бол үйлдвэр худалдан авах тендер биш байсан. Ер нь эрхэм шинжээчид уул уурхайн ажлын талаар хэр мэдээлэл, мэдлэгтэй хүмүүс байв аа? Яагаад нүүрс баяжуулах дээр энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг компани Монголд байхгүй учраас тендерт орсон компани шинээр байгуулагдаж орж ирж таарна гэдгийг тендерийн баримт бичиг, анх боловсруулсан ажлын даалгавар, Бортээгийн ТЭЗҮ-ийг хараад ойлгоогүй юм бол? Хэрэв ойлгосон бол тендерт шалгарсан компани ямар шаардлагуудыг хангаад түншлэлд шалгарсныг баримтаа хараад л дүгнэлт хийчих байлаа. Энэ хэл амтай түншлэлтэй байгуулсан гэрээг ЭТТ ХК-ийн сайтаар ороод харах нь хэнд ч нээлттэй байна. Харамсалтай нь, шинжээчид харахыг хүсээгүй байх. Гэрээнд төр нэг ч төгрөг гаргахгүйгээр тухайн аж ахуйн нэгжүүд нь зам, дэд бүтэц, цахилгаан эрчим хүч, гааль хяналтын талбай, нүүрс баяжуулах үйлдвэрийг өөрсдөө бүрэн хариуцан гурван л жил ажиллахыг тусгасан байсан. Баахан хөрөнгө оруулалт, дэд бүтцийн ажил зааж оруулсан мөртлөө Цанхийн баруун, зүүн уурхайн хөрс хуулж, нүүрс олборлох гэрээт компаниудын гэрээний дүнгээс ч бага нь олзуурхууштай.
Эцэст нь хэлэхэд “Нүүрсний сонсгол” нийгмийн захиалга байлаа. Гэвч дээрх алдаануудаас болоод урам хугарлаа. Дашрамд хэлэхэд шинжээчдийг их гайхлаа. Б.Энхбаяр сайд аа, шинжээчдийг тань шүүмжлээгүй шүү, гайхаж байгаа юм. “Гайхаж” болно биз дээ? Шинжээчдийн алдаа, амжилтын аль нь ч сайд Танд хамаатай. Ямар ч байсан түүхэнд энэ удаагийн “Нүүрсний сонсгол” бол “Б.Энхбаярын ERROR 404” гэдгээрээ тэмдэглэгдэн үлдэнэ. Алдаа заахад 404 гэж гарч ирдэг. Таны 404 их наяд төгрөг гэдэг “шоу” алдаа байсан болов уу гэж айж байна. Дараагийн “Нүүрсний сонсгол” хүртэл түр баяртай, нуугдаж чадсан “Нүүрсний хулгайнхан”! Аз дандаа таарахгүй байх аа.