Ц.Адъяасүрэн: Шинэ Үндсэн хуулийг баталж чадсан нь ХХ зууны нэг бахархал

0

1992 онд Монгол Улсын Шинэ Үндсэн хуулийг баталснаас хойш 32 жил өнгөрч байна. Үндсэн хууль батлалцсан депутат, БНМАУ-ын Ардын Их Хурлын орлогч дарга асан, Үндсэн хууль тогтоогч, доктор, профессор Ц.Адъяасүрэнг шинэ оны анхны “Өглөөний зочин”-оор урилаа. 

-Шинэ Үндсэн хууль батлахын өмнөх тухайн үеийн байдал, жирийн бус өдрүүд, хүмүүсийн нүдийг орой дээр  гаргасан онцлог  үйл явдлууд юу байсан бэ?

-1980-аад оны сүүлчээр Английн Ерөнхий сайд Маргарет Тетчер, АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейган нар тухайн үеийн социалист системийн толгойлогч ЗХУ-ын Ерөнхийлөгч М.С.Горбачевийг ятгаж, зах зээлийн тогтолцооны давуу талыг ойлгуулан, улмаар хүйтэн дайныг хамтдаа зогсоож, Берлиний ханыг нураан дэлхий ертөнцийг донсолгож байсан маш сонирхолтой цаг үе.

Шинэ Монгол Улсын анхны Ардчилсан Үндсэн хуулийг баталсан 1992 он бол Монгол Улс төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн харилцаанаас зах зээлийн эдийн засгийн харилцаанд буюу социалист нийгмээс капиталист нийгэмд шилжих үе тохиож байснаараа бас онцлог. Учир нь 1990 онд БНМАУ-д ялсан ардчиллын төлөөх эрх чөлөөний хувьсгалын ололтыг баталгаажуулж, дэлхий дахинд шинэ ардчилсан Монгол Улс бий болсныг харуулах асуудал хамгийн чухал байлаа.

Нөгөө талаар дарга удирдсан нийгмээс иргэд өөрсдөө аж амьдралаа мэдэж, өөрийнхөө төлөө ажиллаж амьдардаг нийгэм байгуулах асуудал ч бас дотоод гол зорилго байсан. 1992 оны Үндсэн хууль нь Монгол Улсын түүхэнд хамгийн анх удаа хүний эрхийн бүх зарчмуудыг багтаан оруулж хуульчилж чадсанаараа иргэдээс төртэй байгуулах гэрээнийхээ жинхэнэ үүргийг харуулж чадсан гэж хэлж болно.

-Бид Ардчилсан хувьсгал гэцгээдэг. Харин та “Эрх чөлөөний хувьсгал” гэж нэрлэж байгаа нь ямар учиртай бол?

-Яагаад гэвэл, социализмын үед хуурмаг зохиомол эрх чөлөөгөөр халхавчлан иргэдийн жинхэнэ ёсны эрхийг эдлүүлэхгүй үргэлж хавчиж, мөрдөж, хянаж, дарамталж байсан тул 1989-1990 оны өөрчлөлт нь хүний эрхийг монгол хүн бүрд эдлүүлэхийн төлөөх эрх чөлөөний хувьсгал болсон юм шүү дээ. Энэ хувьсгалын үр дүн нь ардчилсан төрийн тогтолцоог бүрдүүлсэнд оршино. Ардчиллын төлөөх эрх чөлөөний хувьсгалаар Монгол Улсын бүхий л бодлого өөрчлөгдөж байгаа хэрэг. Хүнийг номхон хүлцэнүй байлгаж, дарангуйлах маягаар айлгаж ажиллуулдаг тогтолцоо устаж, хүн өөрийнхөө авьяас чадварыг хөгжүүлж, өөрийнхөө аж амьдралын төлөө ажиллах, зүтгэх нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Ингэснээр хүн эрх чөлөөний амтыг мэдэрч, түүндээ урамшиж илүү хөгжих бололцоо бүрдэнэ. Сайхан хэрэг шүү. 

1989 оны эцсээр дэлхийн хоёр системийн хоорондын “хүйтэн дайн“ төгсгөл болсноор хуучин социалист систем задран унаж БНМАУ-ыг зээлдүүлэн тэтгэж, удаан хугацааны өрийн барьцаанд унагаж  байсан ЗХУ нь хөрөнгө санхүүгийн тусламжаа  бүрмөсөн зогсоосон. 1989 оны тавдугаар сард ЗХУ-ын Ерөнхийлөгч М.С.Горбачев БНХАУ-д айлчлахын тулд тэдний зүгээс тавьдаг гурван шаардлагын нэг болох Монголоос 100.000 цэргээ гэнэт тавдугаар сарын эхээр нэг орой команд өгч гарган, мөн Монголоос барилгачдаа ч татаж, Монголд элдэв зээл, тусламж өгөхөө хаасан. Тэр үед Монгол Улсын эдийн засаг элгээрээ хэвтэж, өвлийн хүйтнийг давж чадахгүй болж байхад донор орнууд дэмжлэг үзүүлэн Монгол Улсыг аварсан. Ялангуяа дэлхийн хамгийн хүйтэн өвлийг даван туулах, нүүрсний уурхайнууд болон цахилгаан станцуудаа хангахад Япон улс жил бүр 25 саяас давсан ам.долларын буцалтгүй тусламж үзүүлж, Монголын ард түмнийг хүндрэл бэрхшээлээс аварсныг бид хэзээ ч мартаж болохгүй. Ийн нөхцөл байдалд Монгол Улс ямар засаглалтай улс орон болж, ямар замаар хөгжих тухай алсын хараагаа тодорхойлж, дэлхийн хамтын нийгэмлэгт ойлгуулах асуудал хамгийн чухал байлаа. Тэр зорилтыг Монгол Улсын анхны Ардчилсан Үндсэн хуулийг баталж чадсанаараа харуулсан хэрэг. Нөгөө талаар хуучнаа санагалзаж, эрх мэдлээ авч үлдэх санаатай хуучинсаг хүчин, нийгмийн тогтолцоог өөрчлөн шинэ нийгмийг байгуулахын төлөө эрс зоримог тэмцэж буй Монголын ирээдүйг тодорхойлж байсан шинэ залуу ардчилсан хүчнүүдийн хоорондох цусгүй тэмцлийн үр дүнд энэ Үндсэн хууль батлагдаж өнөөг хүртэл шинэ Монгол Улсын нүүр царай нэг ёсондоо “гоёл” чимэг болж, дэлхийн хүн зон биднийг 32 жилийн турш ардчилсан Монгол Улс хэмээн хүндэтгэн үзэж байна. 

-Та бүхэн тэр үед  эдийн засгаа тэлнэ гэж харж, мэдэрч байсан уу?

-Үндсэн хуулийг баталсан 430, Ардын Их Хурлын депутатын  50-аас илүү хувь нь нэгдэл, сангийн аж ахуйн дарга нар, төлөөлөл байсан тул тэдний мэдлийн эдийн засгийн харилцаа нуран унах нь ойлгомжтой байсан. Иймд уг нь 10 гаруйхан хоногт багтааж батлахаар гэнэн бодож, төлөвлөж байсан хугацаа аяндаа сунаж 76 хоног хуралдана гэдэг бол танхим дотор том хэмжээний улс төрийн тэмцэл явагдаж байсан байгаа биз дээ. Эхний үед яваандаа эрх мэдлээ алдахаа мэдэрсэн нөхдүүд ихээхэн зууралдаж, Үндсэн хуулийн төслийг  элдвээр муушааж  байсан боловч хоног өнгөрөх тусам улс төрийн сургуульд суралцаж, зөвшилцөл олон удаа хийсний үр дүнд  бас ч ирээдүйгээ зөвөөр мэдэрч сүүлдээ зөөлөрсөөр Шинэ Үндсэн хуулийг баталж чадсан нь монголчуудын ХХ зууны нэг бахархал гэж хэлэх үндэстэй.

Бид нийгмийн харилцааг өөрчилж байгаа тул төрийн мэдлийн социалист өмчүүдийг аль болох түргэн хугацаанд хувьчилж, иргэдийн хувийн өмчийн эдийн засагт эзлэх жинг нэмэгдүүлэх ёстой гэдгийг ярилцаж, ойлгож байсан. Иймд өмч хувьчлалд депутатууд ямар нэгэн саад бэрхшээл учруулаагүй юм шүү. Тэр үед ажиллаж байсан Ерөнхий сайд Д.Бямбасүрэн гуайн Засгийн газар өмч хувьчлалын эхлэлийг зоригтой тавьж, эрчимтэй явуулсан. Ирээдүйн Монгол Улс бол хувийн өмчид илүүтэй тулгуурласан улс орон байх болно. Иргэд өөрсдөө аж ахуй эрхлээд татвараа төлж, улс орноо аваад явчихна гэж үзэж байсан. Хувийн өмч гэдэг бол иргэний эрх чөлөөний баталгаа болдог учир бидний  дэвшүүлсэн зорилготой нийцэж байгаа юм. Хувийн өмчид хэн ч халдаж болохгүй, иргэний эрх чөлөөг төр хумьж бас болохгүй гэдгийг Үндсэн хууль баталгаажуулсан.

-Өнөөгийн Үндсэн хуульд  оруулсан нэмэлтүүдийн талаар таны бодлыг сонирхоё? 

-Үндсэн хууль бол яг хатуу хөдөлшгүй зүйл биш ээ. Цаг хугацааны явцад амьдралаас ургаж гарсан санаагаар Үндсэн хуульдаа нэмэлт оруулж сайжруулан илүү төгс төгөлдөр болгож байх ёстой. Энэ санаагаар нэмэлт оруулж болно. Гэхдээ гол зарчмаа алдаж болохгүй.

Өнгөрсөн 32 жилд Үндсэн хуульд янз бүрийн нэмэлтүүд хийж, олон ч удаа шүүмжлэл өрнөж байсан. Одоогоос нэг жилийн өмнө бас  нэмэлт оруулчихаад л явж байна. Гэхдээ улс орноо,төрөө удирдах урлагийг эзэмшиж чадахгүй эсвэл элдэв бэрхшээл тохиолдоод ирэхээр эрх баригчид өөрсдийн буруугаа олж харахгүй гагцхүү Үндсэн хуульд л өө сэв байна гээд Үндсэн хуульдаа ойр ойрхон гар хүрээд байх нь маш зохимжгүй, зарчимгүй хэрэг. 

-Үндсэн хуульд анх удаа хүний эрхийн асуудал гол байр суурь эзэлж орсон байдаг. Гэтэл “Мал сүрэг төрийн хамгаалалтад байна” гээд орчихсон нь ямар учиртай вэ? 

-Шинэ Үндсэн хуулийн хамгийн гол ололт бол хүний эрхийн бүх заалтуудыг Монгол Улсын түүхэнд анх удаа Үндсэн хуульдаа тусган оруулж чадсан. Энэ хэсэг дээр депутатууд нэг их ярьж цаг алдаагүй. Учир нь энэ бол Хүний эрхийн түгээмэл тунхаглалаар нэгэнт тогтсон зүйл тул бид илүү нэмэх зүйл юу байх вэ  дээ. Бид иргэдийн төртэй харилцах гэрээг буюу хүн гэдэг бодьгалын  асуудал агуулсан гэрээ буюу Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан л даа. Гэтэл нэгэн нэгдлийн дарга ард түмэндээ сайн хүн болж харагдах гэсэн үү бүү мэд гэнэт “Мал сүрэг үндэсний баялаг бөгөөд төрийн хамгаалалтанд байна“ гэсэн санал оруулсан. Бусад нь эргээд удахгүй учрах малчдаасаа бэргээд эсэргүүцэж чадахгүй дуугүй л баталж байлаа. Гэхдээ энд бас тэр үеийнхээ ухамсарын түвшинд бид  дутуу харсан юм ч бий.

-Тэр нь юу билээ?

-Газрыг Монгол Улсын иргэнд өмчлүүлэх асуудал дээр олон хоног маргалдаж мэтгэлцсэн. Газар гэдэг үл хөдлөх хөрөнгийг монгол хүн бүхэнд өмчлүүснээр иргэдээ хувийн өмчтэй болгох эхний гарааг тавих ёстой юм. Хүүхэд Монгол Улсын иргэн болж төрөхдөө эцэг эхээсээ нэрээ, эх орноосоо  өөрийн өмчийн газраа авах эрхийн бичиг авдаг бол хэчнээн сайхан байхсан. Тэдний ирээдүй баталгаатай байх болно. Бас бэлчээрийн газрын тодорхой хэсгийг малчдад, мөн ойн зарим хэсгийг нутгийн иргэдэд буюу ойн нөхөрлөлүүдэд өмчүүлэх эрх нээлттэй байсан бол тэдгээрийн хамгаалалт нь хэчнээн сайн байх билээ.

Саяхан хэвлэл, мэдээллийн хэрэгслээр “Өмнөговь аймагт газрыг гадаадын иргэнд эзэмшүүлсэн” гээд шуугиад л байна. Газраа Монгол Улсын иргэд өмчлүүлсэн бол нийтийн эзэмшлийн газрыг хэн нэгэн дарга бусдад дур мэдэн эзэмшүүлэх боломж хаагдах ёстой юм л даа. Нийтийн эзэмшил гэдэг бол эзэнгүй хөрөнгө л  гэсэн үг. Газар шиг үнэ цэнтэй байгалийн баялгийг Монгол Улсын иргэнд өмч болгон өгч хамгаалуулах нь зарчмын асуудал.

-Үүгээр та “Монгол хүн газраа аваад явчихгүй шүү дээ” гэсэн санааг хэлж байна уу?

-Мэдээж. Тиймээс газар  өмчлөлийн асуудлыг дахин эргэн харж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний хүчээр хамгаалуулах асуудал чухал хэвээр л байна. Үндсэн хуулийг батлахдаа бид төрийн тогтолцооны асуудал дээр олон хоног маргалдаж, ухаан санаагаа уралдуулсан. Гэхдээ бид төрийн тогтолцоог парламентын засаглалтай байхаар олон хоног “хэрэлдсэн”-ний хүчинд хуульчилж чадсан нь нэг том ололт гэж үзэж болно.

Өнөөдөр манай хоёр хөрш ерөнхийлөгчийн засаглал тогтоогоод ард иргэд нь ямархуу байдалтай байгааг та бүхэн мэдэрч байгаа байхаа. Бид парламентын улс учир ямар ч гэсэн нэг хүнд хэт их эрх мэдэл олгочихоогүй тул олон улсын харилцаан дээр тэнцвэрт байдлаа хадгалсан хэвээр байна.

-Та АИХ-ын орлогч дарга байсан. Тэр хоёр жилд ямар ажил амжуулав. Санасандаа хүрсэн үү?

-1990 онд анхны чөлөөт сонгууль хийсэн нь эрх чөлөөний хувьсгалын том амжилт болсон. Миний бие  Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хууль боловсруулах ажлын хэсэгт 1990 оны гуравдугаар сард Монголын Социал Демократ намаас журмын нөхөд Энэбиш, Энхтайван, Галбадрах нарын хамт оролцож ажиллаж байсан. Тэр үед улс төрийн намуудын зөвшилцлийн үр дүнд тэр нэмэлтийн тухай хуулиар парламентыг бараг хоёр шатлалтай байгуулахаар тогтсон байдаг. Тэгээд намуудын төлөөлөл бүхий ажлын хэсэг байгуулан “Үндсэн хуулийн нэмэлтийн тухай хууль” боловсруулсан. Тэр хуулиар анхны чөлөөт сонгууль хийсэн.

Шинэ Үндсэн хуулийг боловсруулах, Улсын Бага хурлаар хэлэлцэх явцад оролцож байлаа. Шинэ Үндсэн хуулийн төслийг Ардын Их Хурлын депутатуудад хүргэх, зөвөөр ойлгуулах, тэдний оролцоог нэмэгдүүлэх зэрэг олон ажил амжуулсан. 1991 оны наймдугаар сард Үндсэн хуулийн төслийг Ардын Их Хурлын депутатуудаар бүсчлэн хэлэлцүүлэх ажлыг зохион байгуулж Архангайн бүсийн хуралдааныг даргалж, тэдний  саналыг тусгаж  байв.

Эдийн засгийн яг шилжилтийн үе байсан болохоор манай депутатууд чинь ард түмнийхээ бухимдлыг өвөрлөн ирж Д.Бямбасүрэнгийн Засгийн газрыг огцруулах, Улсын Бага Хурлыг тараах гээд байнга орж ирнэ. Тэдгээр депутат нөхдүүдийнхээ бухимдлын халуун галыг АИХ-ын дарга, орлогч нар хүлээн авч, депутат нөхдүүдээ тайвшруулах,тэдэнд зөвөөр ойлгуулах, нөхцөл байдлыг тайлбарлах зэргээр цаг хугацаа хожих нэлээд халуун ажлыг амжуулж байлаа. Депутатуудын олонх нь санал нэгдээд Ардын Их Хурлын чуулганыг зарлан хуралдуулах санал гаргах бол нээлттэй асуудал байлаа. Хэрэв Үндсэн хуулиа баталж чадахгүй төрөө хямруулбал асуудал хүндрэх нь ойлгомжтой.

-Та бас Ардчиллын Засгийн газрын сайд байсан, тэр үедээ өөрийн батлалцсан  Үндсэн хуулийнхаа  хүрээнд  ямар ажлыг амжуулсан бол? 

-Тэр үед улсын үйлдвэрийн газрууд нь ямар ч ашиггүй ажилладаг. Дарга нар нь үйлдвэрээ тонож иддэг тийм л үе байсан. “Ард банк” гэгч нь цалин, тэтгэврийн мөнгийг бусдад зээлүүлж мөнгө хүүлдэг тийм л улс орныг М.Энхсайханы Засгийн газар хүлээж авсан. Засгийн газрын бүтцийг  хумьж, 14 яамыг ес болгон Шадар сайд, дэд сайдуудын орон тоог цомхотгож, улсын төсөвт асар их хэмнэлт гаргаж, өрийн сүлжээнд ороод байсан эрчим хүч, дулааны үнийг чөлөөлж, орон сууцыг иргэдэд хувьчилж, гаалийн татварыг тэглэж, авилгыг үгүй хийж, картын барааг зогсоож, ажлын өдрийг тав болгож, цахилгааны саатлыг арилгаж, өргөн хэрэглээний бараа хямдарч байсан түүхтэй. Тэр амаргүй ажлыг амжуулж байсан М.Энхсайхан гэдэг хүнийг огцруулсан нь Монголын түүхэнд хамгийн харамсалтай, хүний нөөцийн том хохирол болсон. Улс орныхоо алсыг ухаалгаар харж, зөвөөр хөтлөх тийм хэмжээний бодлого баримталж чадах Ерөнхий сайд өнөөдөр болтол дахин гарч ирээгүй байна. Тийм учраас энэ их хулгай, зэлгий, авлига  үүсэж бий болоод байна. Улс орны төрийн удирдлага зөв менежменттэй байвал доод, дунд түвшиндээ ийм алдаа завхрал гарахгүй. Алдаа завхралын эхлэл бол төрийн дээд удирдлагын чадвартай холбоотой. М.Энхсайханы үед холыг харж эхлүүлсэн эдийн засгийн зөв хөрс суурин дээр  Монгол Улс 20 гаруй жил тэлчигнэлээ. Одоо ямар ч потенциал байхгүй болсон. Магадгүй хоёр намынхны үхтэлээ айдаг С.Баярцогт эргэж ирж улс орны эдийн засгийг зөв замаар хөтөлбөл арай нэг дээшилж болох юм. Өөр гэрэл гэгээ харагдахгүй байна даа.

-Таны үед эхлүүлсэн бодлого одоо байгаль орчны салбарт хэрэгжиж  байна уу?

-Засгийн газрын гишүүнээр ажиллаж байхдаа “байгалийг ашиглагч нь хамгаалах, бохирдуулагч төлбөр төлөх” эрх зүйн орчныг бүрдүүлж, “Төрөөс экологийн талаар баримтлах бодлого” хэмээх үндсэн бодлогыг УИХ-аар батлуулсан нь өнөөг хүртэл байгаль орчны бодлогыг чиглүүлсээр байна. Мөн тэр үед вагон вагоноор урагшаа зөөж байсан модны экспортыг гаалийн татварын аргаар зогсоосноор дотоодын модон материалын хэрэгцээг хангах нөхцөл бүрдэж мөн ой руу шунах хандлагыг бүрмөсөн зогсоосон.

Жил бүр мод тарих өдрийг бий болгож, ойжуулах ажилд иргэдийн оролцоог нэмэгдүүлсэн. Ой, ус хамгаалах хөтөлбөрүүд, тусгай хамгаалалтай газрын хөтөлбөрийг гаргаж байв. Монгол Улсын нийт нутгийн 30 хувийг улсын тусгай хамгаалалтанд авах зорилтыг дэлхий дахинд дэвшүүлэн тавьж олон улсын байгууллагаар дэмжүүлж байлаа. Одоо энэ зорилго хэрэгжихэд их дөхөж байх шиг. Өнөөгийнх шиг Богд уул, Горхи, Тэрэлж гэх мэт газруудад нэг ч ам метр газар олгоогүй. Хамгаалалтын горимыг хатуу сахиулж иргэдийн оролцоог нэмэгдүүлж байв. Газрын төлбөрийн хуулийг УИХ-д оруулан батлуулж, бэлчээрийн газрыг төлбөртэй болгох саналыг оруулсан боловч УИХ-ын гишүүд малчдад тал засаад тухайн үед баталж өгөөгүй. Мөн агаарын бохирдлын төлбөрийн хууль, газрыг Монгол Улсын иргэнд өмчлүүлэх хууль зэргийг УИХ-аар хэлэлцүүлсэн боловч улс төрийн нөлөөгөөр хойшилж байлаа. Гэвч тодорхой хугацааны дараа эдгээр хуулиуд гарсан,  гэвч  концепцийн хувьд бидний бодож, төлөвлөж байснаас өөрөөр гарчихсан даа.

Арчаагүй АН, ХҮН-ынхан  үг дуугүй  эрх баригчдад буугаад өгчих юм. Улс төрийг ингэж хийхгүй л дээ…

-Цаашид Монгол Улс Үндсэн хуулийн чиглэлээр  ямар ажил хийх ёстой вэ?

-Үндсэн хуулиа сайн судлах, сурталчлах асуудал их хоцрогдож байна. Бүх шатны сургуулийн хөтөлбөрт хялбаршуулан оруулж, залуу үеийнхэнд Үндсэн хуулийн агуулга, ач холбогдлыг маш сайн ойлгуулж байх хэрэгтэй байна.

Нөгөө талаар ой бүхий зарим нутаг, бэлчээрийн зарим газрыг нутгийн иргэдэд хувьчлах асуудлыг Үндсэн хуульд нэмж тусган энэ том нутгийн бэлчээр нутгийг хамгаалах, бас хүчилтөрөгчийн үйлдвэрлэл, уурхай болсон ойгоо нутгийн иргэдээр хамгаалуулах нөхцөлийг бүрдүүлэхээс өөр тохиолдолоор Үндсэн хуульдаа гар хүрэлгүй түүнийгээ хамгаалж баймаар байна.

-2024 онд сонгууль болно. Саяхан УИХ томсгосон тойргоор санал авахаар шийдэж байх шиг. Энэ талаар та юу хэлэх вэ?

-За яах вэ, энэ бол зарим талаар дэвшил. Уг нь улс орноороо нэг тойрог болбол зөв байхсан. Гэвч тэгж чадахгүй л дээ. Тойрог томсгосон боловч нэг тойргийн сонгогчдын тооны харьцааг бас тооцсонгүй. Хүн амын талаас илүү хувь нь амьдарч буй бас маш олон асуудалтай Улаанбаатар хотод дэндүү цөөхөн мандат ногдож байгаа нь хамгийн буруу зүйл. Эрх баригчдын хувьд  бол ашигтай л байх. Гэтэл сөрөг хүчин гэгдэх арчаагүй АН, ХҮН-ынхан  үг дуугүй л эрх баригчдадаа буугаад өгчих юм. Улс төрийг ингэж хийхгүй л дээ. Бас энэ томсгосон тойрогт сонгогч нарт төдийлөн танигдаж чадаагүй хөөрхий шинэ залуучууд, эмэгтэйчүүд сонгогдох магадлал тун бага болчихов уу даа гэж харж байна. Цөөхөн хоногт тэд  өөрсдийгөө яаж “сайн хүн” гэдгээ ойлгуулах юм бэ. Дандаа телевизээр гарч байдаг хоосон попордог хуучин аваргуудад бол завшаан болж байх шиг. Бас нэр дэвшигчийн ухуулагчийн мөнгө гээд бас л мөнгөний сонгууль өрнөх нөхцөл хэвээр байна.

-Үндсэн хууль дахь хүний эрхийн заалт хэр зэрэг хэрэгжиж байна гэж боддог вэ?

-За энэ чинь харин хэцүү болчихоод байна даа. Үг хэлэх, санал бодлоо чөлөөтэй хэлэх зэрэг заалтууд хэрэгжээд байгаа юм шиг боловч сүүлийн үед төр, засгаа шүүмжилсэн залуусыг янз бүрээр барьж хорих ч юмуу шийтгээд байгаа харагдах юм. Жагсаал цуглаан хийх гэхээр цэрэг цагдаа болоод байх шиг байна. Бас Төрийн банкны хэрэг, цэргийн нас баралт зэргийг олон түмэнд илчилж хүргэсэн сэтгүүлчийг ямар нэгэн аргаар шоронд хийчихлээ.

Нийт иргэдийн хувьд бол цэвэр эрүүл орчинд амьдрах эрх хамгийн ихээр зөрчигдөж, өдөр бүр өмхий хүхрээр амьсгалж байгаагаа мэдэрч л байгаа байх бүгдээрээ. Бас тэр Зайсангийн хорооллын ундны ус нянтай ч гэх шиг, хөрс дээд зэргээр бохирдсон, хөхөө өвлийн хүйтэн, хөр цасны хайрууд өдөр бүр хэдэн цагаар нийтийн тээвэр хүлээж даарна, өөрийн өмч ухааны машинтай ч дугаарын хязгаарлалтанд орж хавчигдсаар байна. Улаанбаатарын иргэд Үндсэн хууль, газар өмчлөлийн хуулийн арай гэж олдсон хамгийн нэг том эрхийнхээ дагуу өмчилж авах ёстой газраа одоо болтол олж авч чадахгүй, заавал төрийнхний зааж өгсөн дэд бүтэцгүй, алслагдмал газраас авах, эсвэл бүүр хоосон хоцрох зэрэг бидэнд иргэний эрхээ бүрэн эдлэх боломжийг хаасаар байна. 1992 онд асар их сайхан мөрөөдлөөр байгуулах гэсэн хүнлэг энэрэнгүй иргэний нийгэм маань төрөөс хулгайлдаг нөхдийн гарт орчих шиг боллоо. Одоо бидэнд амьд явах ч сонирхол бараг алга болж байна. Муу амьдрахаар сайн үх гэдэг л болоод байна гэж хэлбэл хатуудахгүй байх хэмээн бодож байна. Би нийт зовсон иргэдээ төлөөлж хэлж байгаа юм шүү. Заримдаа яах ч гэж ийм худлаа мөрөөдлийн Үндсэн хууль батлав даа гэж бодох үе тохиолдож байгаа шүү.

Хамгийн чухал зүйл бол энэ улсад байгалийн баялгийн буян, хишгээр үүсэж байгаа энэ их хөрөнгө, мөнгийг хүн ардын төлөө зөв менежмент хийж, эхний ээлжинд нийт хүн амын талаас илүү хувь аж төрж байгаа нийслэл хотын хүрээлэх орчныг эрс цэвэршүүлмээр байна. Иргэдэд итгэл төгс амьдрах хүсэл зориг ундруулмаар байна.

Энэ талаар эрх баригчид болон УИХ-ын гишүүд ухаан санаагаа уралдуулж, хамгийн зөв шийдэлд хүрэх хэрэгтэй. Мэдээж бүгдийг орон сууцжуулахад чамгүй хугацаа орох тул эхний ээлжинд Япон, Солонгост бэлэн байгаа шахмал түлшний технологийг шууд худалдаж авах хэрэгтэй. Өөрсдөө чадахгүй байж хайран мөнгө үрж, хүн амыг өвчлүүлж, олон хүнийг угаартуулж үхүүлж байгаа асуудал бол гэмт хэрэг мөн шүү дээ. Элдэв худлаа юм ярьж, сониуч хүмүүсийн чихэнд цэцэг ургуулж байхаар бодитой ажил хийгээсээ гэж бодож байна. Яагаад тэр сайн технологийг шууд аваад ашиглаж болдоггүй юм бэ.

Би 2009 онд Улаанбаатар хотын менежер Г.Мөнхбаярт Японы шахмал нүүрсний цэвэр технологийг танилцуулахад манайхан “Төгрөг нуур энержи” ч гэнэ үү компаниар шахмал түлш хийлгэнэ, бас дээрээс нь оросын нэг компани ДЦС-2-ыг  өгч зэрэгт шахмал нүүрс хийлгэнэ гэж хэлээд хэдэн тэрбумаар мөнгө өгөөд юу ч бүтээгүй алдсан даа. Одоо тэднээс мөнгөө ч олж авч чадаагүй үлдсэн байх. Энэ бүхэн хүний эрхийн дээд зэргийн зөрчил. Үндсэн хуулийг хамгийн бүдүүлгээр гажуудуулж буй гэмт хэрэг үзэж байна.

Ч.Үл-Олдох

Эх сурвалж: Өглөөний сонин 2024.01.06 001. /4014/

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *