Б.Батцэцэг: Энэ жил хоёр оронд Элчин сайдын яам байгуулна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс цаг үеийн цөөн асуултад хариулт авлаа.
-Өнгөрсөн жил манай гадаад бодлого амжилттай, мөн завгүй өнгөрлөө. 2024 онд гадаад бодлогод ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?
-Онцолж хэлэхэд Монгол Улс харьцангуй цөөхөн дипломаттай их ажлыг амжуулж байгаа. Дипломатуудынхаа ур чадвараар олон ажлын гард гарлаа. 2024 онд мөн өмнөх жилүүдээсээ мэдээж амжилт, ажилтай байхаар төлөвлөж байгаа. Өндөр дээд хэмжээний төлөвлөгөөг гаргасан. Мөн төрийн тэргүүний түвшинд нэлээд олон айлчлал авна, айлчлалд явна. Засгийн газрын түвшинд ч нэлээд их зочин хүлээж авах, аялал жуулчлалыг дэмжих, гадаад харилцааг илүү эдийн засагжуулах чиглэлээр ажиллана.
Яамны дотоод ажлын хувьд дипломатуудынхаа хөрвөх чадварыг сайжруулах, илүү мэргэшүүлэх, эдийн засгийн ойлголт, мэдлэг, мэдээлэлтэй болгох, Элчин сайдын яамд болон Элчин сайд бүрийн ажлын нарийн дүгнэж, хүмүүсээ чадавхжуулах тал дээр анхаарч байгаа. Өчигдөр бид байнгын хороогоор дөрвөн Элчин сайд томилох асуудал оруулсан. Дандаа мэргэжлийн дипломатууд томилогдож байна. Мөн Бүгд Найрамдах Узбекистан Улсын нийслэл Ташкент хотод Элчин сайдын яам байгуулах УИХ-ын тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцүүллээ.
-Энэ жил дахин хэдэн улсад Элчин сайдын яамаа байгуулах вэ?
-Манай 48 дипломат төлөөлөгчийн газар байгаа. Бидний харилцааны онцлог, ирээдүйн төлөвлөгөө, урт богино хугацааны бодлого, эдийн засгийн агуулгаар нь харилцаагаа өргөжүүлэх чиглэлээр хэд хэдэн улс оронд Элчин сайдын яам байгуулах судалгаа хийж, шийдвэр гаргасан. Эхний ээлжид Төв Азид байгуулахаар төлөвлөсөн. Учир нь Төв Ази тодорхой хугацаанд орхигдчихсон, бидний харилцаа төдийлөн сайн хөгжөөгүй. Төв Ази дотроо Узбекистан хурдтай хөгжиж байгаа, манайх шиг нээлттэй, биеэ даасан гадаад бодлого явуулдаг, эдийн засаг нь хурдтай хөгжиж байгаа, 35 сая хүн амтай улс. Узбекийн хувьд ч бидэнтэй харьцаа тогтоох, харилцан Элчин сайдын яамаа байгуулж, олон чиглэлээр хамтарч ажиллах саналыг байнга тавьдаг. Шинэ Элчин сайдын яамны төсвийг энэ оны төсөвт суулгасан.
Мөн энэ жил Индонез улсад Элчин сайдын яамаа сэргээж байгуулна. Индонез улсад Элчин сайдын яам байгуулсан байж байгаад түр хугацаагаар царцаасан. Эдийн засгийн хямралтай үеэр хаасан байсан. АССЕН-ны орнуудтай хамааралтай, бүс нутагтаа чухал орон. Хүн ам ихтэй, том эдийн засагтай олон улсын байгууллагууд байдаг. Тиймээс Индонез улсад Элчин сайдын яамаа сэргээнэ. Ийм хоёр Элчин сайдын яамыг байгуулна.
-Та Гадаад харилцааны сайдаар томилогдоод 23 Элчин сайдыг нэг зэрэг томилуулж байсан. Нэг үгээр хэлэхэд таныг ажил авахад манай гадаад харилцаа гацаанд орчихсон байсан. Тэгвэл одоо дахин шинээр томилох Элчин сайд бий юү?
-Манай улсын 32 Элчин сайдын яам, 14 Ерөнхий консул болон Консулын газар гээд нийт нийт 48 дипломат төлөөлөгчийн газартай. Нэг томилгооны хугацаа дөрвөн жил байдаг. Тэгэхээр дөрвөн жилд нэг удаа томилгоо хийгдэнэ гэсэн үг. Одоогоор 30 Элчин сайд томилчихсон байгаа. Ямар ч байсан нэг, хоёр жилдээ цөөхөн Элчин сайд томилно. Энэ жилийн хувьд шинээр байгуулж байгаа Элчин сайдын яамны Узбекистан, Индонез улсуудад шинээр Элчин сайд томилно.
-БНСУ-д манай улсын маш олон иргэн ажиллаж амьдарч байна. Гэтэл Элчин сайд нь тогтвортой сайн ажиллаж чадахгүй байгаа. Та одоо шинээр томилж байгаа Элчин сайдад ямар шалгуур шаардлага тавьсан бэ?
-Ажиллаж чадна гэдэг хүнээ л сонгосон. Би Гадаад харилцааны сайдын хувиар Элчин сайд нарыг мэргэжлийн хүн, дипломат албанд ажилладаг хүн байгаасай гэж боддог. Мэдээж улс төрийн томилгоо хийгдэх тохиолдол байдаг. Өнөөдрийн миний санал болгож байгаа С.Сүхболд захирал бол манай яамны Олон улсын гэрээ эрх зүйн газрын захирал. Маш туршлагатай. Өмнө нь НҮБ-д байнгын төлөөлөгч, Элчин сайдаар ажиллаж байсан. Хувь хүний хувьд ч нэлээд чадвартай, шуурхай.
Ер нь бол би томилсон бүх Элчин сайддаа хоёр том шаардлага тавьдаг. Бүгдтэй нь тусгайлан гэрээ байгуулж явуулсан. Гэрээг нь дүгнэж байгаа. Элчин сайд нар иргэдийн асуудал, эрх ашгийг нь хамгаалах тал дээр урд өмнөх жилүүдээс илүү идэвх санаачилгатай ажиллаж байгаа. Тэгэхээс ч өөр замгүй болсон. Өмнө бол иргэддээ анхаарал бага хандуулдаг, иргэд ч гаднын улс оронд цөөхөн байсан. Энэ шилжилтийн үе дууссан. Одоо бол бусад өндөр хөгжсөн орнуудын адил нэг иргэндээ ч гэсэн онцгой анхаарал тавьж байх ёстой. Иргэдээс гадна аж ахуйн нэгж, компаниудын хөрөнгө оруулалт, харилцаа, холбоо тогтоох, эрх ашгийг хангах, тусалж дэмжихэд онцгой анхаараарай гэдэг шаардлага тавьдаг. Мэдээж эдийн засгийн агуулгаар нь улс орондоо хөрөнгө оруулалт татах, суугаа улсдаа улс орноо эергээр сурталчлах асуудлуудад онцгой анхаарах үүрэг өгдөг. Элчин сайд нар жигд сайн ажиллаж байгаа. Дипломатуудын холбогддог байсан хэрэг сүүлийн үед байхгүй болсон. Яагаад гэхээр нээлттэй, шилэн болсон. Мөн хяналт харьцангуй сайжирсан.
-Ярилцсанд баярлалаа.