Хуульч О.Алтангэрэл: Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө хумигдах нь цаашлаад дарангуйллын нийгэм болох том дохио
Ардчилсан үндсэн хууль батлагдсаны 32 жилийн ой тохиож байгаа бөгөөд Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар 1 дүгээр сарын 13-ний өдрийг бид Монгол улсын үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэдэг. Монгол Улс 1924 онд Анхдугаар үндсэн хуулиа баталснаас хойш 1940, 1960, 1992 онуудад 3 удаа шинээр Үндсэн хуулиа баталсан түүхтэй.
Энэ хүрээнд бид хуульч О.Алтангэрэлээс Үндсэн хуулиар олгогдсон үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөний талаар тодрууллаа.
Тэрээр “32 жилийн өмнө Монголчууд Үндсэн хуулиа батлаад хэд хэдэн зорилго тавьсан байдаг. Энэ дундаас хууль дээдлэх, ардчилсан ёс, шударга ёс, тэгш байдал, эрх чөлөө нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж Үндсэн хуулийн 1.2 дугаар зүйлд зааж өгсөн. Харамсалтай нь бид хууль дээдэлдэг төр, хүний эрх чөлөө дээдэлдэг төрийг бий болгох гэж, шударга ёсыг тогтоох гэж өдий болтол чадаагүй байна. Өнөөдөр Монгол улс үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хувьд ямар байдалтай байгааг хэвлэлийн эрх чөлөөний индексээр жил бүр ухарч байгаагаас харж болно. Үндсэн хуулийн 16.16 дугаар зүйлд Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөтэй гэж заасан байдаг. Харамсалтай нь өнөөдөр үзэл бодлоо төрөл бүрээр илэрхийлсэн олон төрлийн хүн төрийн зүгээс дарамтад ордог. Маш олон иргэд үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө цагдаагийн байгууллагад эрүүгийн хэрэгт шалгагдаж байна. Зарим нь эрүүгийн хэрэгт шийтгэгдэж байна. Зөрчлийн хуулиар арга хэмжээ авхуулж байна. Энэ үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлахын харанхуй тал нь юу болдог вэ гэхээр Ардчилал хэврэгшдэг, олон талын үзэл бодол нийгэмд сонсогдохоо больдог. Төрийн эрх мэдэл хэнд байна тэр хүн, хүчин нийгмийг дарангуйлдаг тогтолцоо тогтдог аюултай юм. Тиймээс эрх баригчид, төрийн хариуцлагатай алба хашиж буй хүмүүс, иргэд биднийг төлөөлж байгаа хүмүүс, төрийн үйл ажиллагаа үндсэн зарчмаа хэрэгжүүлэх ёстой хүмүүс Үндсэн хуулийнхаа эрхэм зорилгыг санаж сэрээсэй гэж хүсэж байна” гэв.