Улсын арслан М.Бадарчид ногдуулсан допингийн асуудлыг хэрэгсэхгүй болгох өндөр магадлалтай

0

Монголын олон улсын ба үндэсний спортын Арбитрын дэргэдэх допингийн давж заалдах комиссын хуралдаан нэгдүгээр сарын 23-ны өдрийн 10 цагт болохоор тов зарлагджээ. Тус хуралдаанаар Улсын харцага М.Бадарчийн барилдах эрхийг сэргээх асуудлыг хэлэлцэх юм. 

Улсын баяр наадамд ес даван түрүүлсэн улсын арслан М.Бадарчийг сэргээшийн төрлийн бодис хэрэглэсэн гэсэн дүгнэлт гарсан. Үндэсний бөхийн салбарын хороо 2023 оны есдүгээр сарын 26-нд хуралдаж, түүний барилдах эрхийг дөрвөн жилээр хасах санал гаргаж, Монгол Улсын ерөнхийлөгчид уламжлаад байгаа юм.

Харин улсын арслан М.Бадарч Үндэсний бөхийн салбарын хорооны тогтоолыг хүчингүй болгуулахаар Монголын олон улсын ба үндэсний спортын Арбитрын дэргэдэх допингийн давж заалдах комисст хандаад байгаа юм.

М.Бадарч допинг хэрэглэсэн, хэрэглээгүй гэдэг дээр гомдол гаргаагүй, харин шинжилгээ авахдаа хууль хүчний байгууллагаас байлцсан нь олон улсын хууль зөрчсөн гэдгээр маргаан үүсгэсэн юм.

Монголын олон улсын ба үндэсний спортын Арбитрын дэргэдэх допингийн давж заалдах комиссоос өмнө нь Монгол Улсын харцага Ц.Мөнхбаяр, аймгийн арслан Б.Өсөхбаяр нарын барилдах эрхийг сэргээж байсан юм. Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүлэгчид №69 дугаар тогтоолоороо тус хоёр бөхийг допинг хэрэглэсэн болохыг баталгаажуулж, барилдах эрхийг нь дөрөв, дөрвөн жилээр хасах шийдвэрийг гаргаж байсан. Тухайн хоёр бөх шинжилгээг авахдаа олон улсын дүрэм, журмаар аваагүй гэдэг маргааныг үүсгэснийг Монголын олон улсын ба үндэсний спортын Арбитрын дэргэдэх допингийн давж заалдах комисс хүлээн авч, тэдний гомдлыг хангаж шийдвэрлэсэн нь энэ юм.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *