Буудлагынхан гурван медаль, олимпын хоёр эрхтэй эх орондоо ирнэ
Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 15
Индонезийн нийслэл Жакарта хотод олимпын эрх олгох буудлагын Азийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнээс Монголын тамирчид олимпын хоёр эрх болон хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилттайгаар эх орондоо ирж байна. 2024 онд олимпын эрх олгох хоёр тэмцээн болох хуваарьтай бөгөөд эхний нь Жакартагийн ААШТ байв.
Манай улсаас гурван дасгалжуулагчийн удирдлагад 18 тамирчин оролцохдоо гар бууны дасгалд олон улсын хэмжээний мастер Э.Даваахүү, урт бууны дасгалд Н.Баяраа нар Парис зорих тийзээ өвөртөлсөн. Э.Даваахүүгийн хувьд хийн гар бууны 10 метрийн дасгалд хүрэл, спорт гар бууны 25 метрийн дасгалд мөнгөн медаль зүүлээ.
Тэгвэл эмэгтэйчүүдийн урт бууны 50 метрийн багийн төрөлд олон улсын хэмжээний мастер О.Есүгэн, Ч.Нарантуяа, О.Янжинлхам нар мөнгөн медалиар энгэрээ мялаав.
Олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн дөрөвдүгээр сард болно. Тодруулбал, Бразилийн нийслэл Рио Де Жанеро хотод болох дэлхийн цомын тэмцээнд олимпын эрх олгосноор Парисын олимпод өрсөлдөх мэргэн буучид бүрэн тодрох юм.