Б.Дэлгэрсайхан: Автобусны жолооч нар 3.4 сая төгрөгийн цалин авч, цагаан бээлий, малгайгаар жигдэрнэ
НЗДТГ-аас нийтийн тээврийн парк шинэчлэлийг цогцоор нь хийж буй. Нийтийн тээврийн 110 чиглэлд 1017 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явж байгааг 74 чиглэлд 1075 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гардаг болгохоор маршрутыг шинээр төлөвлөөд буй.
Парк шинэчлэлийн хүрээнд БНХАУ-ын “Yutong Bus” компаниас Улаанбаатар хотод 600 автобус нийлүүлэхээс 135-ыг нь хүлээн аваад байна. Ирэх сараас 600 автобус шинэчлэгдэн дуусаж, автобусны нэг удаагийн зорчилтыг 1000 төгрөг болгож, тухайн өдөртөө 4 удаа дамжин суух эрх олгох юм. Мөн нийтийн тээврийн жолооч нарын хомсдолыг арилгах зорилгоор жолооч нарын цалинг 3 саяас 3.4 сая төгрөг болгох аж.
Энэ талаар Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан:
-Орж ирж байгаа шинэ автобуснууд дотроо 8 камертай. Нэг камер жолоочийг хянана. Тэдний тамхи татахгүй, шүлсээ хаяхгүй, гар утсаараа ярихгүй байх зэргийг хянана. Цаашлаад жолооч цагаан бээлийтэй, малгайтай байх зэргээр жигд байдлаар хувцаслана.
Ингээд микрофоноор зорчигчдод буудлыг зарлан хэлэх, багтахгүй бол дараагийн автобусыг хүлээхийг зөвлөх зэргээр ажиллана. Соёлтой харилцаанд сургах ажил ч хийж байгаа гэжээ.