Хятад улс 10 сайдаа Давосын чуулганд илгээжээ

0

Удирдагчид, бизнесийн акулууд дэлхийн хувь заяаны талаар ярилцахаар Швейцарийн Давос хотод цуглараад байна. Энэ жилийн Дэлхийн эдийн засгийн форум  “Итгэлцлийг сэргээе” уриан дор болж байгаа юм. Москва 2022 оны хоёрдугаар сард Украинд бүрэн хэмжээний дайн эхлүүлснээс хойш Дэлхийн эдийн засгийн форумд оролцох Оросын олигархиудын тоо эрс цөөрчээ.

Эсрэгээрээ энэ жил Хятадын өргөн бүрэлдэхүүн Давост хүрэлцэн ирсэн нь өрсөлдөгч америкчуудын санааг зовоож байна. Хятадын төлөөлөгчдийн тоо, зорилгод маш их санаа зовниж байгаа тул Дэлхийн эдийн засгийн форумд оролцож буй Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Швейцарийн албаны хүнтэй уулзахаар оролдож байна гэж “POLITICO” бичжээ. Энэ нь төвийг сахисан байр суурьтай Швейцарь улсыг Бээжингийн ятгалгад орохоос сэргийлэх гэсэн оролдлого гэж тайлбарлав. Мөн Тайванийн хувь заяаны асуудлаас болж АНУ, Хятадын харилцаа дахин зөрчилдөх вий гэсэн болгоомжлолтой ч давхцаж байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хятадаас тусгаар тогтнохыг уриалдаг намын хүн Тайванийн ерөнхийлөгчөөр сонгогдсон.

Форумд оролцохоор ирсэн Хятадын төлөөлөгчид  Швейцарийн нийслэл Берн, Давос хотод цагийг өнгөрөөх төлөвтэй байна. Харин Блинкен Мягмар, Лхагва гаригт Давост өнжиж, олон уулзалт хийж, дор хаяж нэг удаа олон нийтэд нээлттэй илтгэл тавих юм.

Ши Жиньпиний дараа орох Хятадын хоёрдугаар хүн гэгддэг төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Цян Бээжингийн төлөөлөгчдийг тэргүүлж байна. АНУ-ын Төрийн департментын нэгдүгээр сарын 12-ны өдрийн баримт бичигт дурдсанаар Хятадын төрийн 10 сайд форумд оролцоно.

Тэд Швейцарийн удирдлагуудтай уулзалт, хэлэлцээ хийх гэнэ. Гэхдээ албан ёсны хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу Хятадын аль ч сайд Давост АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Блинкентэй уулзах товгүй. Харин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Даваа гаригт Берн хотод Хятадын албаны хүмүүстэй уулзаж магадгүй гэж энэ талаар сайн мэддэг АНУ-ын албаны хүн мэдэгдэв. Түүнчлэн Блинкен Давост байхдаа Зеленскийтэй уулзахаар болсон гэж дурджээ.

ДАВОСТ ИРСЭН ТААГҮЙ ЗОЧИД

Аргентины “Дональд Трамп” гэгдэж буй ерөнхийлөгч Хавьер Милей Дэлхийн эдийн засгийн форумд оролцож буй таагүй зочдын нэгээр нэрлэгдсэн байна. Давосын чуулганд олон жил дараалан оролцож буй Милей Өмнөд Америкийн хоёр дахь том эдийн засгийн ерөнхийлөгчөөр сонгогдсоны дараа түүний либертари бодлого нь эсэргүүцлийн давалгаа үүсгэсэн. Тэрбээр сонгуулийн кампанит ажлынхаа амлалтаа биелүүлэхийн тулд төрийн алба болон төрийн зардлыг танаж, Аргентины төв банкийг хааж, песогийн ханшийг унагаад байна.

Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салман энэ жил томоохон албан тушаалтнуудын хамт анх удаа Давосын форумд биечлэн оролцоно гэсэн цуу яриа байна. Тэрбээр 2018 онд Истанбул дахь Саудын Арабын консулын газарт “Вашингтон Пост” сонины сэтгүүлч Жамал Хашоггиг хэрцгийгээр хөнөөх тушаал өгсөн гэх дуулианд холбогдсон.

“Affinity Partners” фирмийн үүсгэн байгуулагч Жаред Кашнер бол Америкийн Нэгдсэн Улсын ерөнхийлөгч асан Трампын хамгийн ойр хүн юм. Өдгөө 43  настай тэрбээр Трампын хүргэн төдийгүй, Цагаан ордонд байхад нь зөвлөхөөр нь ажиллаж байсан. Түүний зөвлөхийн карьер Ойрхи-Дорнодод голдуу төвлөрсөн байдаг бөгөөд үүсгэн байгуулсан фирм нь Персийн булангийн орнуудаас ихээхэн санхүүждэг. Үүнд бин Салман тэргүүтэй Саудын Арабын Төрийн хөрөнгө оруулалтын сангаас 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татсан  байдаг.

Азербайжаны автократ ерөнхийлөгч Илхам Алиев ОХУ-ын анхаарал өөр зүгт чиглэж байгааг ашиглан богино хугацаанд маргаантай бүсэд хяналтаа тогтоосон овсгоотой нэгэн. Түүний хувьд Азербайжаныг удирдана гэдэг нь гэр бүлийн бизнесээ эрхэлж буйгаас ялгаагүй. Тэрбээр хуучин ЗХУ-ын КГБ-ын офицер байсан эцгээсээ төрийн эрхийг залгамжилсан бөгөөд Азербайжаны үндсэн хуулийг өөрчлөх замаар эрх мэдлээ сунгасан.

“Африкийн Наполеон” хочит Руандагийн Ерөнхийлөгч Пол Кагаме 1994 онд төрийн эрхийг булааснаас хойш тус улсад эзэн суусан. Түүнийг орчин үеийн Африкийн хөгжлийн хамгийн том амжилтын түүхийг удирдан чиглүүлсэн гэж магтдаг ч тэр бол дарангуйлагч. Тэрбээр Руандагийн үндсэн хуулийг өөрчилж, эрх мэдлээ бэхжүүлсэн гэж шүүмжлүүлж, тэрс үзэлтнүүд болон сэтгүүлчдийг шоронд хорих, цөллөгдөх, эрүүдэж, шүүхийг хянадаг гэж буруутгагддаг. Гэсэн ч тэрбээр дэлхийн удирдагч нартай мөр зэрэгцэн Давосын зочдын жагсаалтад багтжээ.

Словакийн Ерөнхий сайд Роберт Фико 2018 онд нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаалын улмаас албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. Тодруулбал, 2018 онд эрэн сурвалжлах сэтгүүлч Ян Куциак болон түүний сүйт бүсгүй Мартина Кушинирова нарын амийг хөнөөсөн хэргийн дараа нийтийг хамарсан жагсаал болсон юм.  Гэвч Фико өнгөрсөн оны сүүлээр дөрөв дэх удаагаа Словакийн ерөнхий сайдаар гарч ирсэн  юм. Словакчууд Фикогоос салж чадахгүй байгаа мэт харагдаж байна. Түүний Смер нам Путинд ээлтэй кампанит ажил явуулж, Украинд үзүүлэх бүх цэргийн дэмжлэгийг зогсоохоо амласан.

2022 онд Унгарын ерөнхийлөгчөөр сонгогдсон Каталин Новак Европын холбооны төрийн далбааг мандуулсаар Давост ирэв. Өдгөө 46 настай тэрбээр Унгарын анхны эмэгтэй бөгөөд хамгийн залуу ерөнхийлөгч юм. Новакийг  гарал үүслээр нь авч үзвэл эмэгтэйчүүдийг амжилтад хүрэх урам зориг өгөхийг эрэлхийлдэг феминист гэж бодож магадгүй. Гэвч тэрбээр  үр хөндөлт, тэгш байдал, феминизмын эсрэг олон улсын хөдөлгөөний консерватив үзэлтэй “баатар” юм. Гэсэн ч Дэлхийн эдийн засгийн форумын эрэгтэйчүүд давамгайлсан зочдын дунд жендэрийн цалингийн ялгааны талаарх түүний үзэл бодолд анхаарал татах ёстой.

Камбожийн Ерөнхий сайд Хун Манетыг энэ жагсаалтад багтаасныг та гайхаж магадгүй. Баруунд боловсрол эзэмшсэн Камбожийн шинэ Ерөнхий сайдыг зарим хүрээлэлд орчин үеийн  шинэчлэгч гэж нэрлэх болсон. Гэхдээ Хун Манет бол улс төрийн “цэвэр агаар” биш, нөгөө л нэг хуучирсан түүхийн үргэлжлэл юм. Хун Манет өөрийн эцэг, автократ Хун Сенээс албан тушаалаа өвлөн авсан бөгөөд Камбожид шинэчлэл хийх хүсэл эрмэлзэл огтхон ч илрээгүй.

Катарын Ерөнхий сайд Мохаммед бин Абдулрахман бин Жассим аль-Тани бол Персийн булан дахь 2.6 сая оршин суугчтай жижиг вант улс хэрхэн ийм олон дуулиан шуугианд гол дүр болсны шалтгаан юм. Европын холбооны хэд хэдэн хууль тогтоогчдыг  мөнгөөр худалдаж авсан, Трамптай нэгдсэн Бүгд найрамдах намын хоёр ажилтанг лоббидсон,  спортоор тархи угаах оролдлого хийсэн гэх мэт олон дуулианд Катар холбогдсон. Үүгээр ч зогсохгүй өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд  Хамас бүлэглэл Израиль руу  дайралт хийхээс өмнө Катарын албаныхан юу мэдэж байсныг асуулгүй өнгөрч болохгүй. Хамас бүлэглэлд Катар улс санхүүгийн хамгийн том дэмжлэг үзүүлж буй гэгддэг.

Польшийн Ерөнхийлөгч Анжей Дудаг энэ жагсаалтад багтсан бусад хүмүүстэй харьцуулах юм бол тэр тийм ч муу залуу биш юм шиг санагдана. Гэвч Дуда бол өчигдрийн хүн. Өнгөрсөн жил олонхын давуу талаа алдсан Польшийн үндсэрхэг үзэлтэй “Хууль ба шударга ёс” намаас хамгийн сүүлд гарч ирсэн удирдагч Дуда өөрөө муу нэрийг үүсгэж, Доналд Тускийн тэргүүлсэн засгийн газрыг хорлон сүйтгэхийн тулд чадах бүхнээ хийж байна. Тэрбээр хориг тавих эрхээ ашиглах, ял шийтгүүлсэн хууль тогтоогчдыг хамгаалах зэргээр Тусктай тэмцэлдэж байгаа юм. Тиймээс Давост ерөнхийлөгч Дудатай уулзахдаа түүнийг Польшийн төлөө ярьж байна гэж битгий бодоорой.

Саудын Арабын нефть, хийн “Aramco” компанийн гүйцэтгэх захирал Амин Нассер бол дэлхийн хамгийн том эрчим хүчний фирмийн эзэн. Хэрэв  “Aramco” компанийн хэвлэлийн мэдээг уншвал ногоон эрчим хүчний шилжилтийг тэргүүлэх дэлхийн хамгийн том корпораци гэж харагдана.  Гэвч “Aramco” нь 1965 оноос хойш дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын 4-өөс дээш хувийг ялгардуулдаг гэж “Client Earth” төрийн бус байгууллагын мэдээлжээ. Ингэснээр  “Aramco” корпорацийн хамгийн том бохирдуулагч болж байна.

ЭХ СУРВАЛЖ: POLITICO

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *