Г.Занданшатарын тушаалаар гишүүд тойргийн “усалгаа”-ндаа мордлоо

0

Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн парламентын бүрэн эрхийн намрын отгон чуулган өчигдөр хаалтаа хийлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар хаалтын үгэндээ “Сонгогчдын саналыг авахын тулд намууд үзэл баримтлалаа хаяж гээдэг, элдэв амлалтаар ирээдүйгээ балладаг өмнөх жишиг давтагдах ёсгүй. Энэ сонгууль нэг тойрог, нэг аймгийг “услах” биш, бүс нутгийн хөгжил дэвшлийн төлөө бодлого дэвшүүлж, бодлогоор өрсөлдөх сонгууль болох ёстой” хэмээн онцолсон юм.

Ирэх парламентаас их олон зүйл хүлээж байгаа нь түүний үгээс ажиглагдана. Гэсэн ч парламентын түүхэнд хамгийн олон гишүүнээ бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн, чөлөөлсөн ийм л парламентын спикерээр тэр ажиллажээ.

Тэрээр хэлсэн үгэндээ “Гишүүд завсарлагааны хугацаанд ард иргэдтэйгээ уулзаж, бүсчилсэн хөгжлийн бодлогын ач холбогдлыг тайлбарлаж, үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулах асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж, санал бодлыг нэгтгэн, Төрийн байгуулалтын байнгын хороонд ирүүлэх чиглэл өгч байна” хэмээн мэдэгдэв.

Товчхондоо парламентад 63 суудал авсан МАН-ынхаа гишүүдийг тойргоо сайн “услаад” ир гэж захив. Захихаас өөр арга үгүй биз. Хэн хэн нь анх удаа бүсчилсэн хэлбэрээр сонгуульд өрсөлдөнө. Тиймээс өмнө нь хэн ч өрсөлдөж байгаагүй тоглоомын дүрмийг баталсан тул ядаж тойргоо сайн услаад ир хэмээн УИХ-ын тогтоолын төслөөр албажуулан мордуулж байгаа юм.

Парламентын намрын чуулганы хаалттай зэрэгцэн Засгийн газар Монгол Улсын аварга малчин, саальчин, фермер, тариаланчаас эхлээд Туулай жилийн шилдгүүдээ шалгаруулан зарлав. Сонгууль угтсан болоод ч төр үү, Х.Болорчулуун сайд хэтэрхий өгөөмөр загнасандаа ч юм уу аймаг бүрийн аваргууд энэ жил өмнөх жилүүдээс харьцангуй олон шалгарсан байна.

Аймгуудын шилдгийн шагналыг гардуулна гэдэг сонгуулийн бас нэг пи ар юм. Тиймээс бүсчилсэн тойрогт нэр дэвших сайд нар бие биенийхээ аймаг руу хамтдаа очиж шагнал гардуулъя хэмээн гуйж яваа харагдсан. Нөгөө талд нь “жалга”-наасаа аварга төрүүлэх гэсэн хүмүүсийн шагнал хүссэн хэмжээнд нь гараагүй тул уурссан гишүүд ч Төрийн ордонд багагүй тааралдав. “Болорчулуун хаана байна. Чуулганы танхимд байна уу” хэмээн “хаазлан” явах гишүүд ч байсан.

Спикерийн бүсчилсэн хөгжлийн бодлогыг тайлбарлан иргэдтэй уулзаж, хэлэлцүүлэг өрнүүлэх даалгавар дээр Засгийн газрын шагналууд яв цав нийцэж, гишүүд, сайд нар тойрог тойрогтоо өнөөдрөөс морилж эхэллээ.

Туулай жилд тун чиг олон гишүүн гэмт хэрэгт холбогдсон нь ил болж, луу жилдээ тэд ард түмэндээ дүнгээ тавиулах тул аймаг, дүүрэг бүр рүүгээ жирийлгэж байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Эдийн засгийн бодлого маань дундаж, чинээлэг давхаргыг дэмжих биш, уул уурхайгаас хамааралтай, хэт цөөнхийг дэмжсэн урвуу хамааралтай байгааг засахгүйгээр бид цааш явах аргагүй. Үүнийг засаж чадвал хэрэглэгч биш бүтээгч, импортлогч биш экспортлогч болж, өрөөс хуримтлалд, халамжаас хөдөлмөрт шилжих, баялаг бүтээгчдээ дэмжих, олон гэсэн ганц тулгуурт эдийн засгаа олон тулгууртай болгох боломж бүрдэнэ” хэмээх улигт үгээ давтана лээ.

Хөрөнгө оруулалтын хуулиа гацаанд хийж, хэний дохиогоор улсаа хорлож байна вэ хэмээх ширүүхэн үгтэй нүүр тулж байна. Монгол Улс Хөрөнгө оруулалтын хуулиар “яах юм бэ” гэдэг хариуцлагагүй мессэжийг ч энэ өдөр чуулганы танхимаас хэлчихэв. Хулгайтайгаа тэмцэж чадвал улс хөгжинө гэдгийг эрхэм спикер эрх биш мэдэж байгаа байлгүй дээ…

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *