Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр “GoMongolia” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа

0

Швейцарийн Холбооны Улсын Давос хотноо болж буй Дэлхийн эдийн засгийн 54 дэх чуулга уулзалт амжилттай үргэлжилж байна. Монгол Улс 2024 онд “GoMongolia” уриан дор аялал жуулчлалыг идэвхжүүлэхээ албан ёсоор зарласан. Үүнтэй холбогдуулж Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын томоохон зочид, оролцогчдыг хамруулсан арга хэмжээг 2024 оны нэгдүгээр сарын 18-нд Давос хотод зохион байгууллаа.

“Go mongolia” брэндийн ач холбогдол, өнгөрсөн онд зохион байгуулсан “Welcome to Mongolia”-ийн хүрсэн үр дүн, Монгол Улсын эдийн засгийн орчин сэргэж буй зэргийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр олон улсын төлөөлөгчдөд дэлгэрэнгүй танилцуулаад жил бүр Улаанбаатар хотноо болдог Монголын эдийн засгийн форумд 2024 онд хүрэлцэн ирэхийг урилаа.

2023 онд Монгол Улсын эдийн засагт олон эерэг үр дүнгүүд гарч, хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдсэн. Аялал жуулчлалыг дэмжих цогц бодлогын хүрээнд агаарын тээврийн либералчлалыг амжилттай хэрэгжүүлж, 42 улсын 155 цэгт нислэг үйлдэх боломжтой болсон. Дотоод нислэгийн чиглэлүүдээ нэмэгдүүлж, үнийг нь хямдруулсан. Гадаад сурталчилгаанд анхаарснаар Монголын тухай контентуудыг дэлхийн 155 сая хүнд хүргэсэн. Энэ бүхний үр дүнд Монгол Улс 650 мянган жуулчин хүлээн авч, 1.2 тэрбум ам.долларын орлогыг аялал жуулчлалын салбараас бүрдүүлж, Монголын талаарх эерэг ойлголт 40 орчим хувиар нэмэгдэн гадаад нэр хүнд өсөж, аялахад таатай улсын жагсаалтыг анх удаа өнгөлснийг Ерөнхий сайд онцоллоо.

Давос хотод зохион байгуулсан “GoMongolia” арга хэмжээнд Дэлхийн эдийн засгийн форумын Ази, номхон далай бүсийн тэргүүн, Гүйцэтгэх хорооны гишүүн Жөү-Өүк Лий, Дэлхийн эдийн засгийн форумын Ази, номхон далайн асуудал хариусан дэд дарга Пиамит Бинг Чомпрасоб, Лондонгийн металлын биржийн гүйцэтгэх захирал Матью Чэмберлэйн, Транспэрэнси Интернэшнл байгууллагын ерөнхий захирал Франсуа Валериан, “Air Asia” компанийн үүсгэн байгуулагч Тони Фэрнандэс, “Rio Tinto” группын гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм, “Partnership for Central America”-ийн гүйцэтгэх захирал Жонатан Фантини Портер, CNN сувгийн сэтгүүлч Ричард Квэст зэрэг нэр хүндтэй олон зочин, бизнесмэн, хөрөнгө оруулагчид уригдан оролцлоо.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *