Ерөнхий сайд асан С.Баяр: Цагийг эзэлсэн их аварга тухайн үед 51% авах ёстой гэж байсан
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Хөрөнгө оруулалтын хууль болон бусад цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөх үеэр “Оюутолгойн 34 хувьд нь асар өндөр хүүтэй зээлээр авах гэрээг С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж нар хийсэн. Ийм эрсдэлтэй гэрээг эсэргүүцсэн биднийг 2008 оноос хойш 15 жил гүтгэж, харлуулж байна” гэж хэлсэн. Харин түүний хэлсэн үгэнд Ерөнхий сайд асан С.Баяр “2009 онд Оюутолгойн төсөл УИХ-р хэлэлцэхэд энэ гишүүн тэгэхэд “бүр 51% авах ёстой” гэж байв. Одоо буруутан нь Ерөнхий сайд асан би. “Цагийг эзэлсэн их аварга” бол буянтан. Хувь заяаны шоглоомоо гэж…” гэх тайлбар өгчээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Оюутолгойн 34 хувьд нь асар өндөр хүүтэй зээлээр авах гэрээг С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг, Ц.Элбэгдорж тэр үеийн ажил хариуцаж байсан хүмүүс хийсэн. Хүнийх өөрийн гэх юм байхгүй алга ташаад ийм зүйл рүү явсан. Ийм эрсдэлтэй гэрээг эсэргүүцсэн биднийг 2008 оноос хойш 15 жил гүтгэж, харлуулж байна. Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг зарчмаар анхны өөрчлөлтийг тэмцэж зүтгэж байж хийж чадсан” гэх мэдээллийг өгсөн юм.
Тэгвэл Ерөнхий сайд асан С.Баяр цахим хуудсаараа дараах хариу тайлбарыг өгсөн байна.
Ерөнхий сайд асан С.Баяр:
-2009 онд Оюутолгойн төсөл УИХ-р хэлэлцэхэд Ерөнхий сайд байсан би “Энэ 34% авч яах юм. Гарах бүх зардлын гуравны нэг. Бидэнд тийм мөнгө алга. Зээл авна, өрөнд орно. Тэрний оронд АМНАТ-аа ахиухан авъя. Уул уурхайн төсөл угаас эрсдэлтэй” гэхэд хэсэг гишүүд түрсээр байгаад хувьцааны 34% заавал авах тухай УИХ-ын 57-р тогтоол баталсан.
Энэ гишүүн тэгэхэд “бүр 51% авах ёстой” гэж байв. Энэ тухай “60-60” номонд тодорхой бий. Одоо буруутан нь Ерөнхий сайд асан би. “Цагийг эзэлсэн их аварга” бол буянтан. Хувь заяаны шоглоомоо гэж…” бижээ.