УИХ ээлжит бусаар хуралдаж, ЭТТ ХК-ийн ногдол ашиг тараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байна
УИХ-ын намрын ээлжит чуулган нэгдүгээр сарын 17-нд хийсэн. Тэгвэл УИХ ээлжит бусаар хуралдах асуудал яригдаж байна. Учир нь УИХ-ын зарим гишүүдээс УИХ-ыг ээлжит бусаар хуралдуулах санал гаргаж байгаа аж.
Тодруулбал, цагаан сарын өмнө буюу хоёрдугаар сарын 5-нд ээлжит бус чуулганыг хуралдуулахаар төлөвлөж байгаа бөгөөд УИХ-ын ээлжит бус хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэх аж. Ингэхдээ уг хуулийн төсөлтэй уялдуудан сүүлийн өдрүүдэд олон нийтийн анхаарлыг татаад буй “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа юм байна.
Ташрамд дурдахад, УИХ-ын намрын чуулган хаахтай зэрэгцэн “Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталсан байдаг. Ингэснээр 2012 оноос хойш төрсөн 1.5 сая хүн хувьцаа эзэмших болон ногдол ашиг хүртэх боломжтой болсон юм.