Валю инвестор Ө.Ганзориг: Мандал бол Монголын “Berkshire Hathaway”
Мандал Санхүүгийн Нэгдэлийн Чэйрмэн Өлзийбаярын Ганзоригтой ярилцлаа. Тэрээр олон улсын санхүүгийн зах дээр арилжаа хийж эхэлснээсээ хойш 20 гаруй жилийн турш санхүүгийн салбарт ажилласан билээ. Өдгөө Мандал Санхүүгийн Нэгдэл нь даатгал, хөрөнгийн зах зээл дээр нийт 7 компанитайгаар үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэхүү хоёр салбартаа хамгийн том групп болсон байна.
– Таныг анх мэргэжлийн трейдерээр ажлын гараагаа эхэлсэн гэж сонссон. Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд санхүүгийн захаас олж авсан туршлагаа дүгнэж бидэнтэй хуваалцахгүй юу?
– Даатгал, Банк, Хөрөнгийн зах гээд санхүүгийн захын 3 тулгуур баганыг дамнаж ажиллах боломж олдсон нь том хувь завшаан байсан гэж би боддог. Ихэнх санхүүчид аль нэг салбараар нь дагнадаг бол би гурван салбарт ажилласан нь онцлог байлаа.
Эхэндээ би мэргэжлийн трейдер, дилер байсан болохоор ханшийн хөдөлгөөнөөс ашиг олохоор ажилладаг байв. Ийм төрлийн хүмүүсийг “спекулятор” гэж нэрлэдэг шүү дээ. Яваандаа би ойлгож эхэлсэн. Валю Инвестор болох нь Спекулятор байхаас хэдэн зуу дахин илүү үр дүнтэй гэдгийг.
Спекулятор нь ханшийн хөдөлгөөнийг харж, богино хугацаатай арилжаа хийдэг бол Валю Инвестор нь урт хугацаанд, дүн шинжилгээнд үндэслэсэн хөрөнгө оруулалт хийдгээрээ онцлогтой.
Тэгээд том зургаар нь харахаар дэлхийн хамгийн амжилттай хөрөнгө оруулагч нар нь дандаа Валю Инвестор байх юм.
За ингээд энийг ойлгосон би, Валю Инвесторын гол төлөөлөл болох Уоррен Баффетийг судалж, Монголд энийг яаж хэрэгжүүлэх билээ гэж бодож эхэлсэн.
– Тэгвэл Мандалыг яаж байгуулсан түүхээ сонирхуулаач?
– Анх 2004 онд валю инвестор болохоор шийдсэн би Мандал Санхүүгийн Нэгдэлийг байгуулах бизнес төлөвлөгөөг бичсэн юм. Тэр үеэс хойш 20 жил өнгөрсөн байна. 2024 онд 20 жилийн ой болох нь байна шүү дээ. /инээв/
Өдийг хүртэл тэр төлөвлөгөөнөөс гажсан юм алга. Анх би хэдэн нөхдийн хамт тэг цэгээс эхэлж байсан бол одоо олон зуун тэрбум төгрөгийн хөрөнгө удирдаж байна. 50,000 гаруй хөрөнгө оруулагч нарын итгэлийг дааж ажиллана гэдэг хариуцлага өндөртэй ажил. Өнөөдөр манай компаниуд монголын даатгал ба хөрөнгийн зах зээлд хамгийн том болсон. Цаашид бид бүс нутагт тэлэх арга замуудыг эрэлхийлж байна.
Мандал Монголын анхны валю инвестор болох зорилготойгоос гадна бидний суурь философи нь анхнаасаа нийгэмд эерэг нөлөөлөл үзүүлэхэд оршиж байсан. Бид хэд чинь монголын нийгэмд эерэг өөрчлөлт авч ирнэ гээд бие биедээ тангараг өргөөд ажлаа эхэлж байлаа шүү дээ.
Ойрын ирээдүйд Мандалын хэмжээ хэдэн их наядаар яригдах болно. Бидний нийгэмд оруулах хувь нэмэр ч тэр хэмжээгээр өснө гэж хардаг. Бидний хийж буй алхам бүр нийгэмд эерэг өөрчлөлт оруулахад чиглэдэг. Энэ утгаараа нэг талаас бизнесийн байгууллага шиг, нөгөө талаас төрийн бус байгууллага шиг ажилладаг гэж хэлж болно.
– Berkshire Hathaway эсвэл Уоррен Баффет гэхээр уншигчид маань хэр их мэдэх бол, та энэ талаар тайлбарлаач?
– Та бид дэлхийн хамгийн баян хүн, хамгийн алдартай хөрөнгө оруулагч Уоррен Баффетийг бүгд мэднэ. Уоррен Баффетийг жирийн хүмүүс нэг баян хүн мэтээр төсөөлдөг бол үнэн хэрэгтээ тэр маш олон зуун мянган хүний мөнгийг өсгөх ажлыг хийж байдаг. Түүний гол зорилго өөрөө баян болоход биш, харин бусад хүмүүсийг баяжуулахад оршдог гэж хэлж болно.
Энэ ажил нь түүний Berkshire Hathaway хөрөнгө оруулалтын корпорацаар хэлбэржиж байдаг билээ. Жишээ нь 1965 онд Дороти Крипке гэгч 35 настай эмэгтэй өөрийн тэтгэвэрт зориулсан 67,000 ам.доллароо Уорренд хөрөнгө оруулсан байна. Сүүлдээ энэ мөнгө нь 150,000,000 ам.доллар болж өссөн байдаг. Энэ мэтчилэн түүх зөндөө.
Тэгэхээр Валю Инвестор бол хөрөнгө оруулалтын нэг төрлийн стиль болохоос гадна Валю Инвестор нь бусад хүмүүсийн мөнгийг өсгөх ажлыг тасралтгүй хийж байдаг хүн гэж ойлгож болно.
Berkshire Hathaway корпорац өнөөдөр 90 бизнес, 17 даатгалын компанийг 100% эзэмшихээс гадна Apple, Coca Cola зэрэг дэлхийн хамгийн үнэ цэнтэй компаниудын хамгийн том хувьцаа эзэмшигч юм.
Мандал Санхүүгийн Нэгдэл ч мөн адил Валю Инвестор философийг дагаж байгаа учир хөрөнгө оруулагчдынхаа өмнөөс хамгийн үр ашигтай хөрөнгө оруулалт хийх нь бидний зорилго юм.
– Та түрүүн Мандал нийгэмд эерэг нөлөөлөл оруулах тухай ярилаа, энэ бол мэдээж өнөөгийн нийгэмд тун хэрэгтэй зүйл гэж бодогдож байна?
– Мандалчууд бид өнөөдөр Боловсролын Реформ, Тэтгэврийн Реформ гээд нийгмийн суурь асуудлуудыг барьж авч байна. 1990 оноос хойш “компани бол зөвхөн ашгийн төлөө байгууллага” гэсэн ойлголтыг хэт дэвэргэн тарааж. Компанийн захирал, эзэн гэхээр мөнгөнөөс өөр юм боддоггүй, ер нь бол бодох ч хэрэггүй гэх маягаар хэт туйлширсан ойлголт явсан нь өнөөдрийн хорт үр дагаварт хүргэсэн гэж боддог.
Гэтэл нөгөө бидний шүтээд байдаг Америкт чинь компаниуд л улс орны асуудлаа шийдэж, нийгмийн өмнө хариуцлага хүлээн ажиллаж байна шүү дээ. Гэтэл монголын зарим компаниуд “татвар төлчихсөн, хүн ажилд авсан, боллоо” гэх маягаар асуудалд хандаж байгаа нь учир дутагдалтай санагддаг.
Бид улс орноо мөр зэрэгцэн хамтдаа босгож ирэх ёстой гэдэгт би итгэдэг. Татвар төлөх, хүн ажилд авахаас илүү ихийг хийх ёстой. Харилцагч нарынхаа өмнө маш их хариуцлагыг хүлээх ёстой гэж боддог. Энэ л бидний итгэл үнэмшил юм.
– Эргээд бизнесийн яриандаа оръё. Голомт Банк санхүүгийн хувьд тийм ч сайн биш байх үед нь та Гүйцэтгэх захирлаар нь очсон. Тухайн үед яагаад тийм шийдвэр гаргасан бэ?
– 2015 он гэхэд Голомт Банк зах зээлд тэргүүлэх байр сууриа алдаж, ухарсан байсан. Мэдээж санхүүгийн хувьд ч бас том сорилтод орсон байлаа.
Валю Инвестор хүн аливаа бизнесийг босгож ирэх чадалтай байх ёстой. Хэрэв монголын эдийн засагт чухал хувь нэмэр оруулдаг системийн банкийг босгож ирж чадвал Мандалын философи улам баталгаажна л гэж бодсон доо.
Бид өмнө нь 2008-2011 онд алдагдалтай байсан Тэнгэр Даатгалыг босгож ирж нэг туршилт хийсэн нь амжилттай болсон байв. Мэдээж Голомт Банк бол өөр зэрэглэлийн, маш хүнд хэцүү сорилт байсан.
Ингээд манай менежментийн баг дөрвөн жилийн хугацаанд 62 төсөл хэрэгжүүлж, Монгол Улсад өмнө нь огт хэрэгжиж байгаагүй хамгийн орчин үеийн менежментийн арга технологиудыг хэрэглэсэн. Голомт хэд хэдэн банкнуудыг ардаа хол хаяж Хаан Банкны ард очсон. Тэгээд бид ялалт байгуулж Мандал дээрээ эргэж ирсэн. Цаашид зөвхөн Монголдоо төдийгүй, бүс нутгийн хэмжээнд хөрөнгө оруулалт хийгээд явахад асуудалгүй гэдэг нь ойлгомжтой болсон.
Учир нь Валю Инвестор нь хэдэн санхүүгийн тоо дэлгэц дээр харж байгаад хөрөнгө оруулахаас илүү өргөн, гүн гүнзгий ойлголт юм. Хөрөнгө оруулж байгаа компанийнхаа бүхий л менежментийн үйл хөдлөлийг нэвт харж, удирдаж чаддаг байх ёстой юм.
– Мандалчуудынхаа философийг бидэнтэй хуваалцсан танд баярлалаа, Амжилт хүсье ээ.