Ж.Ганбат: “Эрдэнэс Тавантолгой“ ХК 2023 онд 2.7 их наяд төгрөгийг татварт төлсөн. Үр дүнд нь төсвийн орлого давж биеллээ

0

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбаттай ярилцлаа.

-Таны хувьд 2022 оны аравдугаар сарын 26-нд Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон. Анх ямар нөхцөл байдалтай таныг угтаж байв. Өнгөрсөн хугацаанд ямар голлох үр дүн гарсан бэ. Та БЭТ-өөр ч үргэлжлүүлэн ажиллаж байгаа шүү дээ?

-Онцгой дэглэм тогтоосны гол зорилго бол валютын урсгалыг нэмэгдүүлж, санхүүгийн сахилга батыг мөрдүүлэх мөн нүүрсний экспортыг нэмэгдүүлэх үндсэн үүрэг юм. Яг онцгой дэглэм тогтоож, намайг БЭТ-ийн ажил авах үед нийтдээ 4.3 их наяд төгрөгийн өртэй байсан. Урьдчилж авсан орлого нь 603 сая ам.доллар байлаа. Өөрөөр хэлбэл, урьдчилж төлбөрөө аваад, дараа нь нүүрсийг нь ачуулах байдлаар хийсэн гэрээ юм. Бүх гэрээ аман нөхцөлтэй. Нүүрсээ сорчилж, сайн чанарын нүүрсээ хямд үнээр зардаг, санхүүгийн сахилга бат тааруу, мэдээллүүд нь хаалттай гээд олон асуудал үүссэн байсан. Эхний ээлжид нүүрсний экспортоо нэмэгдүүлэх арга хэмжээг авч ажилласан. 2022 оны аравдугаар сарын 26-нд бид очоод, эхний хийх ажил валютын урсгалыг нэмэгдүүлэх байв. Жишээлбэл,

2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний дотор 500 сая ам.долларын валютыг оруулж ирэх үүрэгтэйгээр ажиллаж эхэлсэн. Энэ хүрээнд 2022 оныг дуустал 470 гаруй сая ам.долларыг Монгол Улсад оруулж ирсэн байдаг. Улмаар валютын урсгал нэмэгдэж, ам.долларын төгрөгтэй харьцах ханш суларсан. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь 13 жилийн түүхтэй. Энэ 13 жилийн хугацаанд 120 гаруй сая тонн нүүрс гаргасан байдаг. Үүний 30 сая тонныг онцгой дэглэмийн хугацаанд гаргаад байна. Үүнээс 2023 онд 34.5 сая тонныг экспортлоод байгаагийн 9.8 сая тонныг нь биржээр борлуулсан.

Өнгөрсөн оны хоёрдугаар сараас туршилтын арилжааг эхлүүлсэн. Уул уурхайн биржийн тухай хууль мөн оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлээд байгаа. Өмнө нь ам нөхцөлтэй гэрээгээр хамгийн сайн нүүрсийг дунджаар 100 гаруй сая ам.доллароор зардаг байсан бол онцгой дэглэм тогтсоноор дээд тал нь 187 сая ам.доллароор зарагдлаа. Зах зээлийн үнээс хамаарч, 50-90 ам.долларын нэмэлт орлого олсон. Нийтдээ 600 гаруй сая ам.долларын нэмэлт орлого олсон байна.

2023 оны хоёрдугаар сард биржийн арилжаа эхэлж байхад багагүй хүндрэлтэй асуудлууд үүссэн. Тухайлбал, зарим худалдан авагчид санасан хэмжээнд орохгүй, биржийн арилжааны талаар сөрөг зүйл ярьж унагаах гээд таагүй хандацгааж байсан. Мэдээж, олон жил ам нөхцөлтэйгөөр нүүрсээ авч байсан хүмүүс таатай хандахгүй нь ойлгомжтой л доо. Үүний дагуу бид эрчимтэй ажилласнаар биржийн арилжаа тогтворжоод байна. Долоо хоног бүр Хөрөнгийн бирж дээр нүүрсээ арилжиж байгаа. Хамгийн оргил үедээ бидний дуудсан үнээс 40 гаруй хувиар нэмэгдэж зарагдсан тохиолдол ч бий. Энэ онд нийт нүүрснийхээ 50 хувийг нь биржээр гаргах зорилт тавиад байна.

Онцгой дэглэм тогтоосон дараагийн зорилго бол “ЭТТ” ХК бүрэн хүчин чадлаараа ажиллавал хэчнээн тонн нүүрс олборлож, хэдийг нь борлуулж, ямар хэмжээний орлого олох вэ гэдэг асуудлыг жигдрүүлэх ажил юм.

Монгол Улсын хэмжээнд 69.5 сая тонн нүүрс экспортолсны 50 хувийг “ЭТТ” ХК дангаараа эзэлж байна

“ЭТТ” ХК 2022 оны эцэст 1.2 их наяд төгрөгийн ашигтай ажилласан. 2023 онд урьдчилсан байдлаар 3 их наядын ашигтай ажилласан дүн гарахаар байна. Ирэх хоёрдугаар сарын 10-нд санхүүгийн тайлан гарч, аудитын дүгнэлт гарснаар тодорхой болно. Өнгөрсөн онд “ЭТТ” ХК улс, орон нутгийн төсөвт 2.7 их наяд төгрөгийн татвар төлсөн. Ингэснээр төсвийн орлого даван биелэсэн. Монгол Улсын хэмжээнд 69.5 сая тонн нүүрс экспортолсны 50 хувийг “ЭТТ” ХК дангаараа эзэлж байна. Ер нь Монгол Улс түүхэндээ хамгийн дээд тал нь 36 сая тонныг л экспортолж байсан. Эндээс харахад, бид өөрсдөө зөв зохион байгуулалтад ороод, мэдээллээ ил тод болгочихвол экспортоо үүнээс ч илүү нэмэгдүүлэх боломжтой. Нөгөөтэйгүүр, энэ компанийн үйл ажиллагааг цаашид ил тод, нээлттэй болгох зорилгоор ажлуудыг хийсэн. Вэбсайтаар экспортын мэдээллийг ил болгосон. Мөн дурын хүн Хөрөнгийн биржээс “ЭТТ” ХК-ийн арилжааны мэдээллийг ил тод авах боломж бүрдээд байна. Өмнө нь ямар компани, хэн гэж хүн, ямар үнээр авч буй нь тодорхойгүй буюу хэт далд хэлбэрээр явж ирсэн юм билээ.

Түүнчлэн, өр төлбөр буурсаар байна. Цаашид энэ онд ч дахин бууруулах зорилт тавиад, ажиллаж байгаа. “ЭТТ” ХК 2019 онд нэг тэрбум ам.долларын борлуулалт хийж, түүхэн амжилт тогтоож байсан. Харин өнгөрсөн 3.5 тэрбум ам.долларын борлуулалт хийснээр өмнөх амжилтаа шинэчлэн тогтоолоо. Бид Засгийн газраас өгсөн үүрэг, зорилтуудыг дандаа 2-3 дахин илүү биелүүлж ажилласан. Тухайлбал,

1.5 их наядын татвар төлнө гэж байсан 2.7 их наядын татвар төлөөд байна. Энэ амжилтаа цааш нь урт болон дунд хугацаанд яаж тогтворжуулж, компанийн үйл ажиллагааг хэрхэн тогтвортой үргэлжлүүлэх үү гэдэг дээр голлон анхаарч байгаа. “Эрдэнэс Тавантолгой” ХК үнэхээр хуулийнхаа дагуу ашигтай ажиллаж чадвал ногдол ашгаа тараадаг.

-Ногдол ашиг ярьсан дээр нь асууя. Яг энэ цаг үед 1072 хувьцааны ногдол ашиг олгох асуудал яригдаж байна. Нэг иргэнд хэдэн төгрөгийн ногдол ашиг олгох боломжтой вэ. Нэг хэсэг нь 200 мянга гэж байгаа бол нөгөө хэсэг нь 500 мянгыг ч олгох боломжтой гэж тайлбарлаад байна л даа. Бодит тооцоолол нь хэд юм бэ?

-Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын тогтоол батлагдсан. Тэр тогтоол батлагдахаас өмнө “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 18.4 хувийг 2012 оны дөрөвдүгээр сараас өмнө төрсөн 2.5 сая иргэн эзэмшдэг байсан. Харин 2012 оны дөрөвдүгээр сараас 2023 оныг дуустал хугацаанд төрсөн нэг сая гаруй иргэнд 1072 хувьцааг эзэмшүүлэх УИХ-ын тогтоол батлагдсанаар Монгол Улсын 3.5 сая иргэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 27 хувийг эзэмшихээр боллоо.

Урьдчилсан байдлаар тооцож үзэхэд, нэг хүнд 116 мянган төгрөг олгогдохоор байгаа

Өнөөдрийн байдлаар 2022 оны ногдол ашгийг хуваарилаагүй байна. 2022 онд “ЭТТ” ХК 1.2 их наядын ашигтай ажилласан. Үүнээс ногдол ашгаа ямар хэмжээгээр хуваарилахыг урьдчилсан байдлаар тооцож үзэхэд, нэг хүнд 116 мянган төгрөг олгогдохоор байгаа. Болж өгвөл цагаан сараас өмнө олгох байр суурийг баримтлан ажиллаж байна. Харин 2023 онд гурван их наядын ашигтай ажилласан гэх урьдчилсан тооцоолол гарсан. Иргэд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй.

Хуулиараа, хоёрдугаар сарын 10 гэхэд компани санхүүгийн тайлангаа эцэслэнэ. Үүний дараа аудит орж, тайланг баталгаажуулдаг. Баталгаажуулснаас хойш 1-2 сарын хугацаа шаардана. Ингээд дөрөвдүгээр сард 2023 оны ашгаасаа хэдий хэмжээний ногдол ашиг хүртээхийг ТУЗ болон хувьцаа эзэмшигчдэд танилцуулснаар шийдэх юм. Тиймээс яг одоо 2023 оны ногдол ашиг хэдэн төгрөг тараана гэдгийг хэлэхэд эрт байна.

-Зарим хүмүүс ярихдаа “Ногдол ашиг тараахын оронд нүүрс угаах үйлдвэрээ яаралтай ашиглалтад оруул” гэдэг. Энэ үйлдвэрийг 2024 оны зургадугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байгаа. Хугацаандаа амжих уу?

-“Эрдэнэс Тавантолгой” ХК дээр хамааралтай, хамааралгүй 11 төсөл хэрэгжиж байна. Энэ компани бол өөрийн үндсэн үйл ажиллагаанд хамаарах төслүүдийг л санхүүжүүлэх нь зүйтэй. Нөгөө талдаа нэн шаардлагатайгаар хэрэгжиж төсөл нь таны хэлсэн нүүрс угаах үйлдвэр. Жилд 10 сая тонн нүүрс угаах хүчин чадалтай. График хугацаагаараа 2024 оны зургадугаар сарын сүүлээр ашиглалтад орох товтой байгаа. Гэхдээ хугацааг нь наашлуулж, тавдугаар сар гэхэд ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Ингэснээр Монгол Улсад орж ирэх валютын урсгал нэмэгдэнэ. Түүнчлэн, төмөр замын холболтуудаа яаралтай хийх шаардлагатай байна. Тэгж байж нүүрсний экспорт нэмэгдэж, тээврийн зардал ч буурна. Мөн Тавантолгой ДЦС ч тулгамдсан асуудлуудын нэг болоод буй. Энийг санхүүжүүлэх хэрэгтэй. Нүүрсээ угаагаад борлуулахад, нэг тонн нүүрснээс 40-50 ам.доллар нэмж олох боломжтой гэж үзэж байгаа. Энэ хэмжээгээр ч манай улсад орж ирэх валютын орлого нэмэгдэх юм.

-2024 оны тухайд валютын нөөцийг ямар хэмжээнд хүрнэ гэсэн хүлээлт, тооцоололтой байгаа вэ?

-Эдийн засаг, хөгжлийн яаман дээр гол тооцоолол хийгдэж байгаа. Би компани талаас тооцоход, өнгөрсөн оны түвшин буюу 1.5-1.6 тэрбум ам.долларыг хамгийн бага үзүүлэлт гэж харж байна. Ер нь валютын нөөц 4.7-4.9 тэрбум ч гэдэг юм уу, ерөнхийдөө дөрвөн тэрбумаас доош буухгүй үзүүлэлттэй байгаа шүү дээ. Үүний үр дүнд ханш буурч байгаа гээд эерэг үр дүнгүүд олон байна.

“ЭТТ” ХК-д ажилдаа ирдэггүй хэрнээ цалин авдаг 20-оос дээш хүн байсан

-БЭТ-өөр ажиллаж эхэлснээс хойш халаа, сэлгээ хэр хийв. Хийсэн халаа, сэлгээ нь ямар үндэслэлтэй байсан бол?

-“Эрдэнэс Тавантолгой” ХК нийт 1100 ажилтантай. Үндсэн баг бол уурхай дээр бий. Миний хувьд төв оффис дээр байсан онцын шаардлагагүй буюу дөрвөн хүний нэг нь дарга байгаа явдлыг таслан зогсоохын тулд цомхтгол хийсэн. Мөн ний нуугүй хэлэхэд, ажилдаа ирдэггүй хэрнээ цалин авдаг 20-оос дээш хүн байсан. Хүн ер нь ямар нэг байдлаар ажил хийж, хөдөлмөрлөж байж, цалингаа авна биз дээ. Тиймээс тэдгээр хүмүүсийг халсан. Үүгээр ч зогсоогүй. Санхүүгийн сахилга бат алдагдуулсан хүмүүсийг ч халсан. Тэдгээрээс зарим нь шүүхэд хандсан байна лээ. Тэр бол хуулиараа шийдэгдээд л явах байх. Ер нь цаашид оффисийг нүүлгэх, удирдлагын түвшинд 100 хувь оновчтой бүтэц хийх зэрэг ажлууд байна л даа. Гэхдээ эхний ээлжид экспортоо нэмэгдүүлэх, компанийн үйл ажиллагааг жигдрүүлэхэд л онцгой анхаарч байна.

-ТНБД, БЭТ-өөр хамт ажиллахад ачаалал ямар байна. Хүндрэлтэй зүйл байна уу?

-Ачаалал мэдээж нэмэгдэлгүй яах вэ. Төрийн нарийн бичгийн дарга гэдэг бол яамны аппарат гэсэн үг шүү дээ. Сангийн яам өөрөө ажил ихтэй. Нэг үеэ бодвол “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа харьцангуй жигдэрчхээд байна. Тус компанийн удирдлагууд, захирлуудын зөвлөлийн гишүүд нь гол ажлуудаа хариуцаж байгаа болохоор 2022 оны сүүл, 2023 оны үеэ бодвол жигдэрээд байгаа. Цаашид сайжруулах ажил чамгүй олон байна. Тухайлбал, биржийн нүүрсний хүргэлтэд онцгой анхаарах, түрүүн ярьсан угаах үйлдвэрээ ашиглалтад оруулах, шинээр уурхай нээх гэх мэтчилэн нэлээдгүй бий.

-Цаашид БЭТ гэдэг албан тушаал байсаар байх уу. Хэдий хүртэл БЭТ-өөр ажиллах шаардлагатай бол?

-Энд би өөрийн байр сууриа илэрхийлэхэд, төрийн ч бай, хувийн ч бай компани өөрийн зарчмаараа л явах ёстой. Гүйцэтгэх захирал нь томилогддог, хариуцлагаа хүлээдэг, ТУЗ нь ажилладаг байдлаар гэсэн үг. Хамгийн гол нь Төрийн өмчит компаниуд дээр засаглалын хувьд маш зөв байх хэрэгтэй. Нөгөөтэйгүүр, мэдээлэл нь ил тод байх шаардлагатай. Ер нь мэдээлэл нь ил тод байж л засаглал нь зөв явна. Эсрэгээрээ бүх юм нь хаалттай тохиолдолд хэн ч явагдаж буй процессыг мэдэхгүй. Хэзээ нэг өдөр дэлбэрч л байгаа байхгүй юу.

Захын нэг хүн вэбсайт руу ороход л эдний нүүрсийг энэ компани авдаг юм байна. Хөрс хуулалтын ажлыг энэ компани гүйцэтгэдэг юм байна, хэчнээн компанитай гэрээтэй ажилладаг зэрэг мэдээлэл ил тод байвал ямар нэг асуудал байхгүй. Тиймээс ил тод байдлыг хэвшүүлэхээр зорьж байна. Ингэсэн тохиолдолд компанийнхаа засаглалаар үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой. БЭТ-ийн бүрэн эрхийг сунгасан зургаан сарын хугацаа ирэх тавдугаар сард дуусна. Би тэр үед тайлангаа олон нийтэд тавина. Тэгээд ажлаа хүлээлгэж өгнө дөө.

-Цаашид ямар бодлого чиглэл баримтлах вэ?

-“Эрдэнэс Тавантолгой” ХК хүрсэн амжилтуудаа нэн яаралтай бататгаад, гүйцэтгэх захирал очсон ч үйл ажиллагаа нь хэвийн жигд, ил тод нээлттэй, хэн нэгэн очход, үйл ажиллагаа нь доголддоггүй л байх ёстой. Мөн стратегийг өөрчлөх шаардлагатай. Дэлхийн нийтийн хандлага бол нүүрсээ түүхийгээр бус боловсруулж экспортолж байна. Технологио байгальд ээлтэй болгох зайлшгүй шаардлага үүсээд байна. Эдгээрийг цэгцлээд, үйл ажиллагаагаа цааш нь үргэлжлүүлэх бүрэн боломж бий.

-Ярилцсанд баярлалаа

Эх сурвалж: Ubn.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *