Дүнжингарав орчмын газрыг Б.Наранхүүд М.Энхболдын фракц ОЛГОЖ, эргэлтийн цэг тооцоололгүй замыг нь БАРИУЛЖЭЭ

0

2024.01.24-ний шөнө “Дашваанжил” ХХК-ийн газ тээвэрлэж явсан автомашин “Ниссан Патрол” маркийн автомашинтай мөргөлдсөний улмаас дэлбэрэлт болж, онцгой байдлын гурван алба хаагч амь эрсдэж, 60 айл орох оронгүй болж, 28 автомашин шатсан харамсалтай хэрэг гарсан.

Хохирлын асуудлаас гадна хариуцлагын асуудал зайлшгүй яригдах учиртай. Товчхондоо бол төлөвлөгдөөгүй хотын асуудал.

Ингэхийн тулд галын автомашин орох боломжийг хааж барилга барих ГАЗАР олгосон асуудал болон эргэлтийн цэгийг тооцоололгүй ЗАМ барьсан асуудлыг бид хөндөн хүргэж байна.


-М.Энхболдоос хойших хотын фракц Дүнжингарав орчмын газрыг Б.Наранхүү тэргүүтэнд олгож байжээ-

Нэгдүгээрт, “Дүнжингарав” худалдааны төв орчим, галд өртсөн “Edu Apartment” барилга орчмын радиус дахь газар олголтыг ХЭН ХИЙСЭН бэ гэх асуудлыг хөндье.

Осол гарсан уулзварын дөрвөн талыг дөрвөн өөр компани эзэмшдэг байна.

Нэг. “Их Монгол” төв талын газрыг “Их үйлсийн эрэлд” ХХК группт 2000 онд М.Энхболд ашиглах эрх олгож, 2017 онд Су.Батболд эдэлбэрийн хэлбэрийг өөрчлөх захирамж гаргажээ.

Хоёр. Дүнжингарав худалдааны төвийн баруун талын газрыг “Тэгшчухаг” ХХК-нд 2000 онд М.Энхболд ашиглах эрх олгож, 2021 онд Д.Сумъяабазар сунгах захирамж гаргажээ.

Гурав. “Их Монгол” төвийн урд талын Санни таун талын газрыг “Си Си Эм Жи” ХХК-нд 2007 онд Ц.Батбаяр олгож, 2015 онд Э.Бат-Үүл зориулалт өөрчлөх захирамж гаргаж байжээ.

Тодотгоход: Дээрх “Их үйлсийн эрэлд”, “Тэгшчухаг” компаниуд болон “Дүнжингарав” ХХК-ийн газрыг 2000.08.29-нд нэг өдрийн захирамжаар Хотын дарга М.Энхболд Б.Наранхүүгийн “Мон Уран” ХХК-нд олгож байсан аж. Б.Наранхүү нь Т.Бадамжунай, М.Энхболд нарын хотын фракцын гол санхүүжүүлэгч нь байсан. Энэ үед Б.Наранхүүгийн бизнес хамгийн их өргөжиж, хамгийн их газар дамлаж зарсан билээ.

Дөрөв. Харин гал унтраах машин орж чадалгүй, галд өртсөн “Глобал” сургуулийн дэргэлдэх “Edu Apartment” барилгын газрыг онцлоё. Тус газрыг “Интернэйшнл эдүкэйшн скүүл оф монголиа” ХХК эзэмшдэг бөгөөд 2011 онд Г.Мөнхбаяр олгож, 2015 онд Э.Бат-Үүл талбайн хэмжээ, зориулалтыг өөрчлөх захирамж гаргаж байжээ.

Анх Тагнуулын ерөнхий газрын эзэмшилд байсан ч шилжжээ. “Интернэйшнл эдүкэйшн скүүл оф монголиа” ХХК нь Ерөнхий Боловсролын Глобал Иннова сургуулийнх аж. Энэхүү сургуулийг олон нийт АН-ын дарга Л.Гантөмөрийнх гэдгээр нь мэдэх билээ.


-Эргэлтийн цэгийн тооцоололгүй замыг Б.Наранхүүгийн компани хөрөнгөөрөө барьжээ-

Хоёрдугаарт, Эргэлтийн цэг нь тооцоололгүй замыг ЯМАР компани, ХЭДЭН ОНД барьж гүйцэтгэн ашиглалтад оруулж байв. Улсын төсвийн хөрөнгөөр баригдсан эсэх асуудлыг хөндье.

Тус авто зам, замын байгууламжийн зураг төсөл боловсруулах ажлыг Б.Наранхүүгийн “Дүнжингарав” ХХК-аас захиалжээ.

Захиалгын дагуу “Танил санаа” ХХК 2012 онд зураг төслийг гүйцэтгэж өгсөн байна. Гүйцэтгэсэн зураг төсөлд 2012.02.18-нд магадлал хийгдэж, магадлалын ерөнхий дүгнэлтийг Газрын харилцаа геодези зураг, зүйн газар гаргасан аж.

Ингээд зураг төслийн ажил дууссаны дараа бүтээн байгуулалтын ажлын “Дүнжингарав роуд” ХХК 2012 онд гүйцэтгэсэн байна. Ингэхдээ хувийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулжээ.

Замыг захиалсан “Дүнжингарав” ХХК, барьж гүйцэтгэсэн “Дүнжингарав роуд” ХХК нь УИХ-ын гишүүн асан Б.Наранхүүгийнх юм.

“Танил санаа” ХХК-ийн хувь эзэмшигч, Гүйцэтгэх захирлаар Зоригтын Цэндмаа гэх нэр бүртгэлтэй байна.

Дээрх ГАЗАР, ЗАМ гэсэн хоёр агуулгыг нийтэд нь базахад,

  • Ослын цэгийн ойр дөрвөн байршлын гурав нь Б.Наранхүүгийнх, нэг нь АН-ын дарга Л.Гантөмөрийн эзэмшилд байна.
  • Дээрх газрын зөвшөөрлийг анхлан М.Энхболдын тэргүүлдэг хотын фракц олгож, сунгалтыг Э.Бат-Үүл, Д.Сумъяабазар нар баталгаажуулсан байна.
  • Эргэлтийн цэгийн тооцоолол алдсан гэх замыг Б.Наранхүү хувийн хөрөнгөөрөө барьжээ.

Эх сурвалж: Eguur.mn

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *