Шар усны үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн дараах үүрэг, даалгаврыг өглөө.
“Улаанбаатар хотын эдийн засгийн форум”-ыг зохион байгуулах ажлын хэсэг, төлөвлөгөө боловсруулж танилцуулах.
Форумын агуулга, сэдэв, танилцуулгыг боловсруулан, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийн оролцоог хангаж, Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран зохион байгуулах бэлтгэл хангах.
Гамшгаас хамгаалах команд штабын дадлага, сургууль, бэлэн байдлын үзлэгийг хуваарийн дагуу өндөр түвшинд зохион байгуулах, бэлтгэл ажлыг хангах.
Барилга угсралтын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, барилгын норм, дүрэм, стандартын хэрэгжилтийг хангуулж, барилга угсралтын ажлын орчин тойрны өнгө үзэмжийг сэргээх ажлыг эрчимжүүлэх.
Шар усны үер болон хөрсний усны халиа үүсэх эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, үерийн хамгаалалтын далан сувгийн цас, мөс, лаг шаврыг цэвэрлэх.
Халиа тошин ихээр үүсдэг байршлуудад үерийн хамгаалалтын барилга байгууламж дээр баригдсан гүүр, гүүрэн байгууламжид үзлэг шалгалт зохион байгуулан, стандартыг мөрдүүлэх.
Улаанбаатар хотын цахим шилжилтийн хүрээнд Замын хөдөлгөөний нэгдсэн системийн ажлуудыг эрчимжүүлэх зэрэг үүргийг холбогдох байгууллагын удирдлагуудад өгөв.