Н.Дэлгэрсайхан: Хүүхэд морь унах нь СПОРТ. Хаврын уралдааныг сэргээх ёстой
-Засгийн газрын тогтоолд тусгаснаар жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээ зохион байгуулахыг хориглосон. Гэвч Сар шинийн баярын дараагаар хурдан морины уралдаан зохион байгуулах тухай мэдээлэл байгаа юм. Тухайлбал, хаврын эхэн сарын шинийн 14-нд “Топ хурд Дүнжингарав” уралдааныг зохион байгуулахаар бүртгэлийн үйл ажиллагааг эхлүүлсэн. Үүнтэй холбоотойгоор нэр бүхий хүмүүс хаврын морин уралдааныг эсэргүүцсэн. Харин хаврын морин уралдааныг сэргээх ёстой гэдэг байр суурийг “Топ угшил” адуу үржүүлгийн газрын тэргүүн Н.Дэлгэрсайхан илэрхийлж байна. Түүнтэй ярилцлаа.
Н.Дэлгэрсайхан:
-“Топ хурд Дүнжингарав” үндэсний өв соёлын наадам, хурдан морины уралдааныг хаврын эхэн сарын шинийн 14-нд зохион байгуулахаар төлөвлөсөн юм. Гэтэл хүүхдийн эрхийн байгууллага хурдан морины уралдааныг хойшлуулаач гэдэг хүсэлтийг ирүүлсэн. Хүсэлтийг хүлээж аваад байна.
Энэ асуудлыг тодорхой хэмжээнд улс төржүүлж байх шиг байна. Бид хурдан морины уралдааныг өвөл зохион байгуулна гэж яриагүй. Хаврын улирал зохион байгуулдаг байя гэж байгаа юм. Засгийн газрын тогтоол гараад жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хугацаанд хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон. Гэтэл хурдан морины уралдаан нууц хэлбэрт шилжсэн. Нууц хэлбэрт шилжихээр уралдааны үеэр цагдаа, эмнэлгийн байгууллагын ажилтан ажилладаггүй. Эрсдэл бий болдог. Хурдан морины уралдааныг нууцаар зохион байгуулахад нь төр засгаас хориглож чаддаггүй. Тиймээс хаврын уралдааныг хориглох нь илүү эрсдэлтэй.
Монгол Улс НҮБ-ын конвенцод нэгдсэн. Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр гэдэгт хүүхэд хурдан морь унахыг оруулсан юм байна. Хүүхдийн эрхийг хамгаалах, эрүүл мэнд, амь насанд нь санаа зовж буйг ойлгож байна. Гэхдээ хавар морь уралдуулахыг хориглож байгаа нь цаашид зун ч морин уралдааныг хориглох эрсдэлтэй болчихлоо. НҮБ-аас 15 настай хүүхэд хурдан морь унах ёстой гэдэг шаардлага тавьж байгаа гэж Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газрын мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Арвантаван настай хүүхэд хурдан морь унах боломжгүй. Хүүхэд 13 нас хүрээд л хурдан морь унахаар томдоод эхэлдэг. Энэ байдлаараа хурдан морины уралдаан гэдэг үндэсний өв соёл устгах юм байна л даа.
Ер нь хурдан морины уралдаан бол спорт. Хүүхэд хурдан морь унах нь хөдөлмөр эрхэлж байна гэхээсээ илүүтэй спорт гэж ойлгох ёстой.