Хүүхдүүд цахим хичээлээр камераа хаагаад унтдаг гэв
Хүйтний улиралд сурагчдын амралтыг наашлуулж, ингэхдээ цахимд шилжүүлсэн. Бодит байдал дээр нэр төдий, хүүхдүүд хоцрогдолтой болж байна. Тэр дундаа бага ангийнханд цахим хичээл үр дүнгүй байдгийг тэд нуугаагүй. 18 дугаар сургуулийн бага ангийн сурагчид цахим хичээлийн тухай “Цахимаар хичээл ороход хүүхдүүд камераа хаагаад унтдаг. Эсвэл тоголно. Зарим хүүхэд микропоноо хаагаагүй хичээлээ хийхээр аав ээж нь загнаад, дүү нар нь уйлалдах нь сонсогддог” гэж NTV телевизид ярьжээ.
Сурагчдын хичээл эхэлснээс хойш 18 дугаар сургуулийн бага ангийн сурагчид долоо хоногоор ээлжлэн танхим болон цахимаар хичээллэж байгаа юм. Гэтэл хүүхдүүдийн хувьд цахимаар хичээллэх нь үр дүнгүй байгааг тэдний ярианаас харж болохоор. 3100 хүүхэд суралцдаг энэ сургууль өргөтгөл барьсан ч найман сар үргэлжилж сунжирсан тул ийн ачааллаа дийлэхгүйд хүрч байна. Тус сургуулийн зохион байгуулагч С.Ариунаа “Ангийн ачаалал их. Нэг хүнд ногдох талбай багасахаар амьсгалж байгаа агаар хэтэрхий бохирддог. Тиймээс олон хүүхэдтэй бүлэг ангийг хувааж шинэ хоёр анги нээсэн” гэж телевизид ярьжээ. Сургуулийн зүгээс өргөтгөлийн барилга цагаан сарын дараа гуравдугаар сар гэхэд ашиглалтад орох тухай мэдээллийг өгч байгаа юм.