Мэдээлэл, харилцаа холбооны салбарын орлого 2023 онд өмнөх оноос 21.8 хувиар өсжээ
ЦХХХЯ, “Монгол шуудан” ХК хамтран дэд бүтэц, аюулгүй байдал, цахим худалдааг дэмжих төслүүдэд “What3Words”-ийг нэвтрүүлж байна
Мэдээлэл, харилцаа холбооны салбарын нийт орлого 2023 онд 2.1 их наяд төгрөг болж, өмнөх оноос 21.8 хувиар өслөө. Үүнд утасгүй холбоо, компьютер программчлал, зөвлөгөө болон түүнд холбогдох үйл ажиллагааны орлого зэрэг өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Үүнээс гадна кабелийн телевиз, үүрэн утасны идэвхтэй хэрэглэгчид болон интернэт хэрэглэгчдийн тоо өсжээ. Харин дотоодод шуудан, илгээмж буурснаар шуудан, илгээмжийн хэмжээ 2023 онд өмнөх оноосоо 10.9 хувиар буурсан байна. Улс хоорондын гарах шуудан илгээмж нэмэгдсэн бол орох урсгал нь 43.1 хувиар буурсан аж. Шуудангийн тусгай зөвшөөрлийн тоо жилээс жилд нэмэгдсээр 99 компани үйл ажиллагаагаа явуулж байна.
Монгол Улсын хувьд олон улсын агаарын тээвэр болон боомтын тоог нэмэгдүүлсэн ч ачаа хүлээн авах бэлтгэл хангалтгүй байгааг Харилцаа холбооны зохицуулах хорооны Шуудангийн зохицуулалтын газрын дарга мэдээлж байв.
Харин дотоодод дэд бүтэц тэр дундаа хаягжилт хангалтгүйн улмаас хүргэлтийн үйлчилгээ үзүүлэхэд хүндрэл үүсдэг. Энэ утгаараа илгээмжийн хүргэлт удаашрах, хугацаандаа очихгүй байх, төөрөх бэрхшээлүүд тулгардаг аж. Сүүлд “Монгол шуудан” болон Цахим хөгжил, харилцаа холбооны яам Английн хаягжилтын чиглэлд үйл ажиллагаа явуулдаг “What3Words” компанитай хамтран ажиллаж эхэлсэн юм. Энэ хүрээнд өнгөрсөн оны 11 дүгээр сарын байдлаар нийслэлийн 2200 гаруй байршилд “What3Words” хаягийн самбар байршуулжээ.