Мөрийтэй тоглоомчдоос авлига авсан гэх мөрдөгчийн хэргийг хаажээ
Цагдаагийн алба хаагчид хууль бус мөрийтэй тоглоом зохион байгуулагчдыг хуулийн хүрээнд хамгаалж, түүнийхээ хариуд сар бүрийн орлогоос нь тодорхой хэмжээний хувь авдаг гэх мэдээлэл бий.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиг үүрэгтэй хууль сахиулагчид нь өөрсдөө баримт нотолгоотой хэргийг нуун далдалж, албан тушаалаа ашиглан удаа дараа авлига авсан үйлдэл олон нийтэд ил болсон ч хууль зөрчсөн алба хаагчдадаа арга хэмжээ авах нь бүү хэл цолыг нь нэмж, урамшуулсан тохиолдол гарсан.
Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч, ахлах дэслэгч Г.Тэмүүлэн мөрийтэй тоглоомчдоос сар бүр тогтмол онц их хэмжээний мөнгө бэлнээр авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйл буюу “мөрийтэй тоглоом зохион байгуулах” гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр зохион байгуулж буй шалгалтын явцад мөрдөгч Г.Тэмүүлэн нь хэргийн холбогдогчтой хамааралтай болохыг илрүүлсэн. Улмаар Цагдаагийн албаны дотоод хяналт, шалгалтын хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэдэг мэдээллийг Цагдаагийн ерөнхий газраас өгч байв.
Гэтэл гэмт хэрэгт холбогдон шалгагдаж буй мөрдөгч, ахлах дэслэгч Г.Тэмүүлэнгийн цолыг өнгөрөгч 2023 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр нэмж цагдаагийн ахмад болгосон.
Үүнийгээ Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс тайлбарлахдаа “Тухайн алба хаагч нь хэрэгт холбогдон шалгагдахаас өмнө цол нэмэх болзол хангасан байсан тул ийнхүү цол нэмсэн” гэдгийг хэлээд “Хэрвээ тухайн алба хаагч гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол цолыг нь хураах хууль, журамтай” гэж мэдээлсэн.
Тэгвэл Г.Тэмүүлэнг гэмт хэрэг үйлдсэн гэх үйл баримт тогтоогдоогүй гэдэг үндэслэлээр хэргийг хаасан байна.
Сануулахад, түүнийг Дотоод хяналт, аюулгүй байдлын албанаас шалгахдаа өнгөрсөн хугацаанд тайлбар мэдүүлэг аваагүй гэх бөгөөд гэрчийн мэдүүлэг бүхий хоёр хуудас баримт шалгалтын явцад алга болсон. Алга болсон гэрчийн мэдүүлэг нь “Мөрдөгч Г.Т нь хэргийн холбогдогчоос сар бүр бэлнээр мөнгө авдаг байсан гэх ба албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдаас авлига авахыг шаардсан, авлига өгөгч этгээдийг дарамталсан” гэдэг агуулгатай байсан ч ийнхүү нотлох баримт устсан байдаг.