Хийн олборлолт энэ онд нэмэгдэнэ
ДОХА, 2024 оны хоёрдугаар сарын 19 /gecf.org/. Түлшний эрэлт нэмэгдэж, үнэ буурч байгаатай холбоотойгоор энэ онд дэлхийн хийн олборлолтын хэмжээ өмнөх оныхоос 2.8 хувиар нэмэгдэж, 4.162 их наяд шоо метрт хүрэх төлөвтэй байгаа тухай Хий экспортлогч орнуудын чуулганы (GECF) жил тутмын тайланд дурджээ.
2022, 2023 онд дэлхий даяарх хийн олборлолтын хэмжээ харьцангуй тогтвортой байсныг тайланд дурджээ. 2022 онд олборлолт өмнөх оныхоос 0.2 хувиар буурч, 4.02 их наяд шоо метр болж байсан бол 2023 онд ердөө 0.8 хувиар нэмэгдэж, 4.05 их наяд шоо метрт хүрсэн байна.
Энэ оны хувьд Хойд Америкт олборлолт 2 хувиар нэмэгдэж, 1.305 их наяд шоо метр, Ойрхи Дорнодод 3.3 хувиар нэмэгдэж, 732 тэрбум шоо метрт хүрэх төлөвтэй байна.
Үүний зэрэгцээ, ТУХН-ийн орнуудад 4 хувиар өсөж, 817 тэрбум шоо метрээс давж магадгүй байгаа бөгөөд энэ нь өмнөх хоёр жилийнхээс өссөн үзүүлэлт боловч 2021 оны түвшнээс (910 тэрбум шоо метр) доогуур байна.
Ази, Номхон далайн бүс нутагт хийн олборлолт 2 хувь, Африкт 4.8 хувь, Латин Америкт 0.6 хувиар тус тус нэмэгдэж магадгүй байна. Европт 220 тэрбум шоо метрт хүрч, 2.8 хувиар өсөх төлөвтэй байгаа ажээ.