“Түшиг” их дэлгүүрийн газрыг Т.Бадамжунай, МИАТ-ын н.Эрдэнэбилэг нар хэлмэгдэгсдийн нэрээр авч, цааш дамлажээ
Нийслэлийн газрын асуудлаар УИХ-аас хянан шалгах түр
хороо байгуулах болсонтой холбоотойгоор газар тойрсон
асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Нийслэлийн
Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар өнөөдөр “Хоёрдугаар төрөх эмнэлгийн арын газрыг 2001 онд тухайн үед Хотын Ерөнхий менежерээр ажиллаж байсан Т.Бадамжунай гуай “Хэлмэгдэгсдэд зориулсан орон сууц барина” гэж МИАТ-ын Н.Эрдэнэбилэг гадаад хүнтэй нийлж авсан байдаг.
Тэгээд Нийслэлд шилжүүлж өгөх газраа шилжүүлж өгөөгүй
Нэр шилжиж явсаар байгаад одоогийн “Тушиг” их дэлгуурт
очсон” гэж ярив. Өөрөөр хэлбэл, “Түшиг” их дэлгүүрийн газрыг Т.Бадамжунай, МИАТ-ын Н.Эрдэнэбилэг нар хэлмэгдэгсдийн нэрээр авч, цааш дамласан байж болзошгүй гэдгийг тэрбээр хэлсэн.
УИХ-ын дарга Г.Занданшатар Улаанбаатар хотын газрын
асуудлаар түр хороо байгуулах болсон талаар өнгөрсөн долоо хоногт мэдэгдэхдээ “Хууль зөрчигдөж олгогдсон газруудыг ашиглах, эзэмших зөвшөөрлийг хүчингүй болгох эрх байгаа.
Энэ нь Хянан шалгалтын түр хорооны нээлттэй сонсголын
явцад ил тод болно. Улаанбаатарын үер, газын дэлбэрэлт
газар олголттой салшгүй холбоотой. Энэ алдааг засах, үүний цаана байгаа хээл хахууль, ашиг сонирхлын зөрчил, албан тушаалын хэргийг илруулэх нь Түр хороо, ажлын хэсгийн гол чиглэл” хэмээн онцолж байсан. Тэгвэл шалгагдах, цуцлагдах эрсдэлтэй газруудын нэрс эхнээсээ ил болж байгаа бололтой.