Парисын олимпоос Монголыг 1 мөнгө, 4 хүрэл медаль хүртэнэ гэж таамаглав
Парисын олимп нээлтээ хийхэд зургаа хүрэхгүй сар үлдсэн энэ үед өгөгдөл дээр суурилсан судалгаа хийдэг “Gracenote” компанийн зүгээс ирэх олимпийн виртуал медалийн хүснэгтийг танилцуулж, улс орнууд хэчнээн медаль авахыг таамаглажээ. Тэд өнгөрсөн Токиогийн олимпод ч зориулан ийм төрлийн таамгийг танилцуулж байв.
Энэ таамаг, судалгаа нь сар бүр шинэчлэгдэх гэнэ.
Өмнөх Токиогийн олимпоор “Gracenote”-ийн зүгээс Монгол Улсыг олимп эхлэхээс өмнө нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэнэ гэж таамагласан. Тодруулбал, жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -73 кг-ын жинд Ц.Цогтбаатар мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн -48 кг-ын жинд М.Уранцэцэгийг хүрэл медаль тус тус хүртэнэ гэж үзсэн. Харин олимп эхэлсний дараах байдлаар Монголыг хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртэнэ гэж амжилтыг нь ахиулсан. Энэ удаад М.Уранцэцэгийн медалийн өнгийг хувиргаж мөнгө, боксын Э.Цэндбаатарыг хүрэл, жүдогийн Ё.Басхүүг хүрэл тус тус хүртэнэ гэж таамаглаж байв.
Үнэн хэрэгтээ Монгол Улс Токиогийн олимпоос нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн. Медалийн тоо нь таарсан ч зарим медалийн эзэд өөрчлөгдөв. Тухайлбал, зургадугаар байрт орно гэсэн Саид Моллаей мөнгөн медаль хүртэж, тооцоонд байгаагүй чөлөөт бөхийн Б.Болортуяа хүрэл медаль авсан. Харин таамагт байсан М.Уранцэцэг, Ц.Цогтбаатар хоёр хүрэл медаль хүртсэн түүхтэй.
МОНГОЛ УЛС ПАРИСЫН ОЛИМПООС НЭГ МӨНГӨ, ДӨРВӨН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЭНЭ
“Gracenote” компанийн судалгаагаар Монгол Улс ирэх зуны олимпоос нэг мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэх аж. Судалгаанд харуулснаар Монголын бокс, жүдо, чөлөөт бөхийн есөн тамирчин медалийн төлөө дайралт хийх төлөвтэй байна. Харин дараах тамирчдыг медаль авна гэж таамаглажээ.
- Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 50 кг – Д.Отгонжаргал мөнгөн медаль
- Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг – Б.Болортуяа хүрэл медаль
- Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг – Э.Дэлгэрмаа хүрэл медаль
- Жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 66 кг – Ё.Басхүү хүрэл медаль
- Боксын эрэгтэйчүүдийн 63.5 кг – Б.Чинзориг хүрэл медаль
Мөн чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 125 кг-д М.Лхагвагэрэл, эрэгтэйчүүдийн 65 кг-д Т.Тулга, жүдо бөхийн эрэгтэйчүүдийн -73 кг-д Ц.Цогтбаатар, жүдо бөхийн эмэгтэйчүүдийн -48 кг-д Б.Баасанхүү нарыг медалийн төлөө хүчтэй өрсөлдөнө гэж таамаглажээ. Харин медалийн тоо, чанараараа 50 дугаар байрт Киргизстан, Аргентин, Египет, Австри, Болгар, Катар тэргүүтэй улсуудын дээр жагсана гэж тооцсон аж. Дахин сануулахад энэ судалгаа, таамаг сар бүр тамирчдын амжилт, бэлтгэлжилт, бэртэл гэмтэл зэргээс шалтгаалан өөрчлөгдөнө гэдгийг сануулъя. Энэ бол цэвэр өгөгдлийн шинжлэх ухаан дээр суурилсан тооцоолол.
Монгол Улс Лондонгийн олимпоос таван медаль хүртэж, түүхэн амжилтаа үзүүлсэн. Тэгвэл энэ амжилтаа Парист давтана гэх таамгийг “Gracenote”-ийн зүгээс дэвшүүлж байна.