Л.Оюун-Эрдэнийн хаврын УЛС ТӨР!

0

Бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж буй УИХ-ын сүүлчийн чуулган энэ сарын 15-нд нээлтээ хийнэ. Ингэснээр хөшигний арын улс төр албан ёсоор ил гарч, улстөрчид камерын өмнө хэлэлцэх сэдэв, хийх хэрүүлтэй болно.

Хэзээ байтлаа Монголын хавар салхи шуургагүй, хэзээ байтлаа хаврын улс төр жагсаал цуглаангүй, хэзээ байтлаа манай улстөрчид хэрүүл, тэмцэлгүй байлаа. Энд тэнд эрээвэр хураавар жагсаал тэмцэл өрнөж, “эх орныхоо төлөө” гэж цээжээ бяц нүдэх улстөрчдийн шоу утгаа алдах биз. Дөрвөн жилийн циклтэй Монголын улс төрийн хамгийн оргил жил тул хаврын синдром нь хөдөлсөн намууд, намчид харин ч нэг дураараа галзуурцгааж байна. Тэд тэгээд галзуурцгааж л байг уу?!.

Гэснээс энэ хаврын гол тоглолтыг эрх баригч нам хийх нь тодорхой. Л.Оюун-Эрдэнийн “гоол хийх” хаврын улс төрийн үндсэн сэдэв нь үндсэндээ газрын наймааны сонсгол, Хөрөнгө оруулалтын тухай болон Шүүх байгуулах тухай хуулийн төсөл, Баялгийн сан байгуулах асуудал байхаар байна.

Улстөрчид, тэдний хамаарал бүхий хүмүүс уулын амыг ус, модтой нь өмчилсөн атал хуульд заасан 0.07 га газраа олж, хашаа хатгаж чадахгүй суугаа “улны олон”-ы зовлон их.  Улаанбаатарт газар олголт утгаа алдсан, улстөр-бизнесийн бүлэглэлийн авлига, хулгай болж хувирсны үр дагавар нь утаа угаар, үер ус, түгжрэл бухимдал, өвчин зовлон болоод удаж байна. Товчхондоо, Улаанбаатар аз жаргалтай хот биш авлигажсан хот болсон. ДЭМБ-аас гаргасан стандартаас Улаанбаатарын агаарын бохирдол 80 дахин их, жилдээ Улаанбаатарын агаарын бохирдлоос болж 3700 хүн нас бардгаас 15 хувь нь хүүхдүүд гэсэн судалгаа бий.

Үүний буруутнуудыг холоос хайх хэрэггүй. Л.Оюун-Эрдэнэ анд нөхөд, Ардын нам, “ах нар” дундаасаа хайхад хулгайч, авлигачдаа олно. “Шилэн” сайтаас нь харахад МАН-ын ахмад гишүүн Т.Билэгт нь 2007 оны арванхоёрдугаар сараас нийслэлийн Засаг даргаар томилогдон ажиллаж  байх хугацаандаа 516 газрыг олгожээ. Тэрбээр иргэнд 167, хувийн компанид 126 газар олгожээ. Тэгвэл газрын мафийн “загалмайлсан эцэг” гэгддэг М.Энхболд 1999-2006 онд нийслэлийн Засаг даргаар ажиллахдаа нийт 7374 газрын зөвшөөрөл олгожээ. Түүний үед Улаанбаатарт  хууль бусаар олгосон газар болон барилгын зөвшөөрлүүд олширсон гэдэг нь ор, мөргүй гүтгэлэг биш биз.

Газрын наймаа хийж хөлжсөн, гарын үсгээ худалдаж баяжсан хүмүүс өнөөдөр хотын захиргаанаас холдож гараагүй байна. Жишээ нь, НИХТ-ын дарга Ж.Батбаясгалан 2020 онд нэг жилийн хугацаанд хотын даргаар томилогдон ажиллахдаа 66 газар олгосноос 40 иргэнд амины орон сууцны газар өгчээ. Л.Оюун-Эрдэнийн танхимын сайд С.Амарсайхан хотын даргаар нэг жил ажиллахдаа 919 газар олгожээ. Эдгээрээс 196-г нь хувийн хэвшлийн компани, 296-г нь иргэнд олгосон гэхмэтчилэн Л.Оюун-Эрдэнийн хувьд энэ сэдэв намдаа болон улс төрд сонгуулийн субботник хийх сайхан шалтгаан, тордож томруулах сайн далим болох биз. Угаасаа ч улс төрд үүрдийн дайсан, үүрдийн найз гэж үгүй хойно. Улстөрчдийн, улс төрийн намуудын толхилцоонд улс орон харин хожиж үлдэх ёстой.

Ямар ч байсан Хөгжлийн банкны шүүх хурал, нүүрсний сонсголоор улстөр-бизнесийн бүлэглэл улс орноо хэрхэн луйвардаж, тонож ирснийг баримт, нотолгоотой нь дэлгэлээ.  Удахгүй хэн, хэн Улаанбаатарт хэчнээн хууль зөрчин газар авсан болон хууль зөрчиж газар олгосон асуудал нийгэмд нээлттэй болох нь.

Энэ бүгдээс захын чавганц төрийн өмч хөрөнгө эрх мэдэлтнүүдийн хулгай луйврын үүр овоохой байсныг, “ард түмний өмч” хэзээ ч ард түмний өмч байгаагүйг хагас хугас ч гадарладаг бодсон байх.

Үндсэндээ, баялгийн жинхэнэ эзэд, газрын гол наймаачид нь Төрийн ордонд суудаг төлөөллүүд нь байсныг сонгогчид нүдээрээ үзэж, чихээрээ сонсох нь зөв. Ядаж зургадугаар сарын 28-нд нэр дугуйлахдаа эрх биш энэ бүгдийг бодож үзэх биз.

Баялгийн сан байгуулах асуудлаар УИХ-д суудалтай улс төрийн намууд зөвшилцөлд хүрч. хуулийн төсөл хамтран боловсруулахаар болсон юм. Өнгөрсөн хугацаанд МАН тэнд суугаад нэг төсөл боловсруулж, АН энд суугаад бас нэг төсөл бичиж байсан. Тэгэхээр хоёр талд суугаад хоёр өөр төсөл бичих биш нэг төсөл хамтран боловсруулахаар намуудын дарга нар гарын үсэг зурснаар Үндэсний баялгийн сантай болох яриа нэг алхам урагшилсан гэсэн үг. Нэг ёсондоо Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл шиг улс төрөө даахгүй унахаас сэргийлж, парламентад суудалтай намуудын дарга нар баталгаа гаргаж өгсөн гэж ойлгочиход болно.

Монголын улстөрчид дунд Норвеги явж, баялгийн сангийн туршлагатай нь танилцаагүй хүн бараг байхгүй. Байсхийгээд УИХ-ын гишүүд бөөнөөрөө Норвеги явж, туршлага судалдаг. Гэсэн хэдий ч баялгийн сан нь хоосон, “баялгийн эзэд” нь ядуугаараа байна.  Монголд цөөн хэдэн гэр бүл нүүрс, зэс, алт мөнгийг ердөө цүнхлээд явж байдаг болсон нь бодит үнэн.

Тэгээд зогсохгүй тэд уул уурхайг нь улс төртэй нь улс төрийг нь хууль шүүхтэй нь худалдаад авчихсан байдаг. Тиймээс том мөнгөний хэргүүд шүүх дээр очоод тоосонд дарагддаг, “шударга ёсны” шүүх нь тэдний тэрэгний морь болдог нь бас худлаа биш. Хөгжлийн банк, нүүрсний хулгайн хэрэг үнэндээ “чоно цатгалан, хонь бүтэн” гэдгийн үзүүлэн болсон. Шүүх засаглалын түүхэнд хожмоо муугийн жишээ болж яригдах нь гарцаагүй. “….Хууль дээдлэх, шударга ёс, ардчилсан ёсыг бэхжүүлэх”-ийг эрхэм зорилгоо болгосон шүүгчид нь гурван тэрбумаар шударга ёсоо зарчихдаг болсны жишээ нь Д.Эрдэнэбилэг юм. Бусдаас гурван тэрбумын авлига авсан нь баримтаар нотлогдсон байтал “Эрдэнэс силвер ресурс”-ийн Т.Мөнхбаяр, Б.Жаргалсайн нарыг 27 саяар л торгочихдог шүүхтэй улс шүү дээ. Гурван тэрбум төгрөг авлигад авсан хүмүүст 27 сая төгрөг ёстой задгай мөнгө байлгүй. Л.Оюун-Эрдэнийн авлигатай тэмцэх “мөрөөдөл” энэ мэт шүүхийн хаалга мөргөөд унадаг.

Худалч хүнд Монголын хууль шүүхээс шударга ёс хүлээж сууснаас хөрөнгө мөнгөөр худалдаад авчих нь амар хялбар болсон.

УИХ-ын сүүлчийн чуулганы гал дагуулсан нэг төсөл нь Шүүх байгуулах шинэчилсэн найруулга байх нь нэн ойлгомжтой. Засгийн газраас Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдуулан авлигын хэргийг хянан хэлэлцдэг шүүх байгуулах тухай хуулийн төслийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сард өргөн барьсан нь багагүй шүүмжлэл дагуулсан. Учир нь авлигын хэргийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхүүд хэлэлцдгийг үүнийг болиулж шууд давж заалдах шатны шүүх дээр хэлэлцэхээр төсөл суулгаж өгсөн. Авлигын хэргийг дагнасан шүүхтэй болсноор авлига хэдэн хувиар буурах вэ гэдэг нь нэг асуулт. Аль эсвэл шүүгчдэд өгөх авлигын хэмжээ нэмэгдэж болзошгүй гэдэг хоёр хардлага. Хуулийн засаглал биш хувь хүний засаглал байгуулчихвал авлигатай тэмцэх биш ардчиллаа тавьж тууж мэднэ. Төрийн ордны гурван давхраас шүүх, прокуроруудад ял захиалдаг байсныг хуулийн сайд асан Х.Нямбаатар өөрийн амаараа батлаж асан удаа бий. Гэхмэтчилэн шүүх байгуулах төслийг ултай суурьтай хэлэлцэхгүйгээр улстөр хөөвөл улсаа бүр авлигачдын гарт атгуулж мэднэ.

Намрын чуулганы хаалтын сэдэв болсон газрыг зуун жилээр эзэмшүүлэх тухай маргаан хаврын чуулганы нээлтийн сэдэв байх нь гарцаагүй. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг эдийн засгийн хөгжил, улс орны аюулгүй байдал талаас нь судалгаа, нотолгоотой ярих ёстой байтал сонгуулийн шоу болгочихлоо. Тэр тусмаа Х.Баттулга, Ч.Хүрэлбаатар гэх хоёр хүний хоорондын хонзонгоо тайлах хэрүүл болоод хувирсан нь уг төсөл улс төрөө даахгүйд хүргэв.

Энэ мэтээс илүүтэйгээр улстөрчдийн сонирхлыг хамгийн ихээр татаж буй ганц сэдэв нь Л.Оюун-Эрдэнэ хэнийг нэр дэвшүүлж хэнийг тэтгэвэрт суулгах вэ гэх асуулт. Тэгвэл МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Авлига албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүдийг намаасаа нэр дэвшүүлэхгүй” гэж аль эрт зарлачихсан. Тэрбээр амлалтдаа хүрэх эсэхийг харин харах үлдэж байна. Айвал бүү хий, хийвэл бүү ай гэдэг!

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *