Нарийн ноост “Мерино” үүлдрийн 30 толгой хурга хүлээн авчээ
Австрали Улсын нарийн ноост Мерино үүлдрийн хонины хөврөл үрийг Үзэмчин үүлдрийн хонинд суулгасан туршилт амжилттай болж, одоогоор 30 толгой хурга хүлээн аваад байна.
Малын удмын сангийн үндэсний төв нь АДРА Олон улсын байгууллага, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн судлаачидтай хамтран Австрали улсын “Gene Movers” ХХК-иас импортолсон нарийн ноост Мерино үүлдрийн хонины хөврөл үрийг 50 толгой Үзэмчин хонинд шилжүүлэн суулгасныг ХХААХҮЯ мэдээллээ.
Төслийн хүрээнд, АДРА байгууллагын санхүүжилтээр Австралийн цэвэр нарийн ноост “Мерино” үүлдрийн 4 төрлийн хуцны 6000 тун хөлдөөсөн үрийг 2022 онд импортолжээ. Үрийн тодорхой хэсгээр Хангай үүлдрийн 150, Орхон үүлдрийн 150 толгой эм хонинд дурангийн мэс ажилбараар зохиомол хээлтүүлэг хийхэд 62-64 хувьд нь үр тогтсон аж. Үүний дараа Монголд үржүүлж болох цэвэр үүлдрийн нарийн ноост хонины 200 ширхэг үр тогтсон, хөврөл үрийг мөн импортолж 200 толгой эх хонинд суулгаж байв.