“Халиа тошинд өртсөн айлуудыг нүүлгэх 348 байршлыг бэлдсэн”
Нийслэлийн хэмжээнд үүссэн халиа тошингийн нөхцөл байдал, хариу арга хэмжээ, шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл өгөв.
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Кадастрын хэлтсийн дарга Б.Загдсамбар “Улаанбаатарт шар усны үерийн эрсдэлтэй нөхцөл байдал үүсээд байна. Нийслэлийн дөрвөн дүүргийн 133 байршилд халиа тошин үүссэн ба шар усны үерийн эрсдэлийг үнэлсэн. Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүд маш их, Хан-Уул, Багануур дүүрэг үерийн их эрсдэлтэй гарсан. Одоогийн байдлаар төвийн дүүргүүдийн хэмжээнд 1339 айл халиа тошинд өртөх магадлалтай байгаа бөгөөд газар дээр нь ажиллаж тодорхойлсон.
Халиа тошинд өртсөн 219 нэгж талбар байна. Үүнээс долоон айл зөвшөөрөлгүй, 212 нь зөвшөөрөлтэй. Гэхдээ голын ай савд газар олгосноос халиа тошинд өртөж байна гэж зарим хүмүүс буруу ойлголттой байдаг. Усны ундарга хаанаас ч гарч ирж болно.
Давхардсан тоогоор айлуудад 2-3 удаа буюу 1277 удаа нүүх мэдэгдлийг хүргүүлсэн. Үүнээс 60 орчим айл нөхөн олговортойгоор нүүнэ гэсэн. Харин бусад нь бид нүүхгүй гэдгээ хэлсэн. ОБЕГ-ын журмын дагуу шаардах хуудас болон мэдэгдлийг тараахдаа бичлэг хийн баримтжуулдаг.
ОБЕГ-ын шаардлагын дагуу гамшгийн үед нүүлгэн шилжүүлэх 348 нэгж талбарыг бэлдээд байна.
- Баянзүрх дүүргийн Хонхор орчимд 98, Цагаан даваа орчимд 57 айлын газар
- Сонгинохайрхан дүүрэгт 22-ын товчооны хойд тал, Ногоон толгойд 145 айлын газар
- Хан-Уул дүүрэгт Нисэх орчимд 28 айлын газар
- Налайх дүүрэгт Тэрэлж явах зам дагуу буюу Их амд 20 айлд газар бэлдсэн. Эдгээр газрыг харьцангуй дэд бүтэцтэй холбогдсон гэдэг үүднээс сонгосон юм” гэлээ.