Олон улсын үзэсгэлэн худалдаагаар 4 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн борлуулжээ
Монголын худалдаа эрхлэгч, үйлдвэрлэгч нар өнгөрсөн онд болсон олон улсын үзэсгэлэн худалдаанд нийт 4 тэрбум төгрөгийн бараа, бүтээгдэхүүн борлуулжээ. Энэ бол 6 үзэсгэлэн яармагт оролцсон дүн гэдгийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ЖДҮ-ийн газраас мэдээллээ.
Монголын үндэсний компани, үйлдвэрлэгч нар олон улсын үзэсгэлэн худалдаанд оролцоход тулгарч буй зүйлийн талаар өчигдөр хэлэлцсэн юм. Үүнд:
- Үзэсгэлэн худалдаан оролцож цааш нь худалдаагаа үргэлжлүүлэхэд эргэлтийн хөрөнгөөр дутагддаг,
- Экспортод бараа, бүтээгдэхүүнээ гаргахад уул уурхайн компаниудтай өрсөлдөж чаддаггүй,
- Бараа, бүтээгдэхүүнээ сурталчлах нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй байна гэсэн юм.
Бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч нар олон улсын үзэсгэлэн яармагт дан дангаараа оролцох бус, Монгол Улсын гэсэн нэг цонхны бодлогоор хамтран оролцож нэгдсэн зохион байгуулалтад орох нь илүү үр дүнтэй байна гэдгийг чухалчилж байлаа.
Үзэсгэлэн худалдаа, яармагт оролцох нь төрийн оролцоогүйгээр зах зээлийнхээ эрэлт нийлүүлэлт зарчмаар хувийн хэвшил өөрөө авч явах ёстой гэдгээ илэрхийлж байсан юм. Тиймээс төр, засаг үүнийг бодлогоор дэмжиж, Экспортыг дэмжих зөвлөлийг ажиллуулж, баталгааны сан байгуулах шаардлагатай байгааг хэллээ.