Гадаадад Монголын байнгын худалдааны платформтой болох хүсэлт тавив

0

“Олон улсын үзэсгэлэн яармагаар дамжуулан уул уурхайн бус экспортыг дэмжих нь” сэдэвт уулзалт МҮХАҮТ-д өнөөдөр боллоо.

Энд төрийн болон хувийн хэвшлийн үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгчдийн төлөөлөл оролцож, гадаад, дотоодод зохион байгуулдаг үзэсгэлэн худалдаа, яармагт хэрхэн оролцож, үндэсний бараа, бүтээгдэхүүнээ сурталчлан борлуулж, ижил төрлийн үйлдвэрлэгч нартай хэрхэн түншилж хамтран ажиллах, энэ талаар үзэсгэлэн худалдааг хэрхэн ашиглах талаар хэлэлцлээ.

Үзэсгэлэн яармагт оролцогч нар тулгамдаж буй асуудлын хүрээнд доорх зүйлүүдэд анхаарч ажиллах хэрэгтэй байна гэсэн санал хүсэлтээ илэрхийлсэн юм. Үүнд:

  • Үзэсгэлэн яармагт оролцоход гарч буй зардал, төлбөрийг хөнгөлж, чөлөөлж байх,
  • Хилийн чанадад “Монголд үйлдвэрлэв” нэрийн дэлгүүрийг нээн ажиллуулах,
  • Гарч буй бараа, бүтээгдэхүүнийг төрөлжүүлж, чанар стандартад анхаарч мэргэжлийн зөвлөгөө өгч байх,
  • Нэгдсэн маркетинг, мониторинг хийж байх хүсэлт тавив.

Гадаадад “Монголд үйлдвэрлэв” дэлгүүр нээж бараа, бүтээгдэхүүнээ борлуулж байх хүсэлт тавилаа.

Олон улсын үзэсгэлэн яармагаар дамжуулан уул уурхайн бус экспортыг дэмжих нэг гарц шийдэл нь гадаад орнуудад суугаа Монгол Улсын ЭСЯ болон худалдааны төлөөлөгчийн газар, худалдааны төвийг ашиглах явдал гэдэг дээр уулзалтад оролцогч нар санал нэг байв. Өнөөдрийн байдлаар АНУ-ын Чикаго хот болон Хойд Америкийг төлөөлүүлэн Канад улсад “Монголд үйлдвэрлэв” дэлгүүр болон Европ тивийг төлөөлүүлэн Берлин хотод байнгын ажиллагаатай Монголын худалдааны төвийг нээж ажиллуулж буй талаар ЖДҮ-ийн газраас мэдээллээ.

Үүний өмнө БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот болон Эрээн хотод ийм дэлгүүр, төвийг нээн ажиллуулж буй боловч байнгын байдлаар үр дүнтэй ашиглаж чадахгүй байгаад үйлдвэрлэгч нар шүүмжлэлттэй хандаж байв.

Оёдлын “Батзүү” компанийн ерөнхий захирал Ж.Оюунчимэг энэ талаар хэлэхдээ, гадаадад “Монголд үйлдвэрлэв” нэрийн дэлгүүрийг аль болох олон байгуулвал энэ нь үндэсний үйлдвэрлэгч бид цаг хугацаа, зардал хэмнэх том боломж юм гэдгийг онцолж байв.

Гадаад орнуудад болдог үзэсгэлэн яармагт дотоодын үйлдвэрлэгч, худалдаа эрхлэгч нар бараа, бүтээгдэхүүнээ борлуулж худалдахаас гадна нэг ёсондоо эх орноо сурталчилдаг.

Ийм нөхцөлд Монгол Улсын өрсөлдөх чадварыг дээшлүүлж, эх орныхоо нэрийг хилийн гадна гаргаж, экспортыг нэмэгдүүлж буй ААН-үүдийг төр, засгаас зээл олгон дэмжих хэрэгтэй байна гэсэн саналыг арьс ширний үйлдвэрлэлийн “Мэргэн тур” ХХК-ийн захирал Г.Энхтөр хэлж байлаа.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, гадаад орнуудад болох үзэсгэлэн худалдааг аль болох Монгол Улсаа, үндэсний бараагаар дамжуулан өв соёлоо сурталчлахад чиглэнэ гэдгийг хэлж, Монголын үзэсгэлэн худалдааг сар бүрд нэг улсад зохион байгуулж байхаар төлөвлөж байна гэв.

Тэрбээр, үйлдвэрлэгч нар гадаадад болдог нэг удаагийн үзэсгэлэнд очоод, жаахан борлуулалт хийгээд ирэхдээ бус, дараагийн шатанд дэлгүүр нээх, байнгын платформтой болох талаар тавьсан бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч нарын хүсэлттэй санал нэг байгаагаа илэрхийлсэн юм. 

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *