Парламентын түүхэнд ийм олон гишүүн нь гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ байхгүй

0

76 гишүүнтэй сүүлчийн парламентын бүрэн эрхийн хугацаа дуусах дөхөж байна. Монголын парламентын түүхэнд өмнө нь ийм олон гишүүн нь гэмт хэрэгт холбогдсон УИХ байгаагүй. Парламентад 76 гишүүн ажиллах ёстой ч энэ УИХ 72 л гишүүнтэй. Нүүрсний хэрэгт долоон гишүүн, Хөгжлийн банкны хэрэгт дөрвөн гишүүн яллагдагчаар татагдаж зарим нь ял аваад буй. МАН үнэмлэхүй олонхоор ажилласан энэ парламентын үед УИХ-д итгэх иргэдийн итгэл хамгийн ихээр буурсан. “Сант марал” сангийн 2023 оны судалгаагаар иргэдийн 66.9 хувь нь парламентад итгэдэггүй гэжээ. Сонгуулиар худлаа амлаж, сонгогдсон хойноо гэмт хэргийн сэжигтэн, яллагдагч болоод байхаар хэн итгэх билээ. Ийм нэгэн саарал түүх, хар толботой парламентын төгсгөлийн чуулган маргааш эхлэх гэж байна.

-Шүүхээс ял сонссон гурав-

Чингэлтэй дүүргээс сонгогдсон Т.Аюурсайхан

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нүүрсний хэрэгт холбогдож, шүүхээс 3 жилийн хорих ял сонссон.  Шанага нүүрс ч аваагүй гэж мэлзсэн ч хуулийнхан Т.Аюурсайханы туслах, зөвлөхөөс нь эхлээд хамаарал бүхий хүмүүсийн гэр, албан өрөө, объектод нэгжлэг хийж эд мөрийн баримтуудыг хурааж авсан гэдэг. Улмаар өнгөрсөн нэгдүгээр сард шүүхээс гурван жилийн хорих ял сонссон юм. Т.Аюурсайхан 461 дүгээр ангид хорих ялаа эдэлж буй.  

Архангай аймгаас сонгогдсон Ё.Баатарбилэг

Хөгжлийн банкны гэх хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт шүүхээс 6 жилийн хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг 4 жилээр хассан. Улсын ерөнхий прокурор Ё.Баатарбилэгийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал гаргасан боловч энэ асуудал шийдэгдээгүй өнөөдрийг хүрээд буй. УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрхийн ачаар шоронд хоригдолгүй үлдсэн. Шүүхийн шийдвэртэй санал нийлээгүй Ё.Баатарбилэг давж заалдаж яваа. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг НВЦ компанийг Хөгжлийн банкнаас зээл авахад дэмжлэг үзүүлж, 2017 оны есдүгээр сарын 19-ны өдөр 100 мянган ам.доллар буюу 246 сая төгрөгийн хахууль авсан гэж буруутгасан байдаг.

Говь-Алтай аймгаас сонгогдсон Б.Энх-Амгалан

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Зам тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболдын хамаарал бүхий “Страто” компанид давуу байдал олгосон үндэслэлээр АТГ-т 2 жил шахам шалгагдаж шүүхээс өчигдөр /2024.03.13/ ял сонслоо. Түүнд 40 сая төгрөгөөр торгох ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хассан юм.

-Сэжигтэн, яллагдагчаар татагдсан гишүүд-

УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн нүүрсний хэрэгт нэр холбогдож, яллагдагчаар татагдан АТГ-т шалгагдаж буй. Түүнийг нүүрс тээврийн компанидаа “С” зөвшөөрөл авахын тулд Авто тээврийн үндэсний төвийн нэр бүхий албан тушаалтанд 100.000 ам долларын авлига өгсөн гэх хэрэгт буруутгадаг. Сүүлийн үед А.Адъяасүрэн гишүүний хэрэг прокурор дээр гацсан тухай мэдээлэл дуулдах болсон. Шалтгаан нь А.Адъяасүрэнгээс хахууль авсан гэх АТҮТ-ийн албан тушаалтны хэрэг шүүхэд шилжсэн. Хахууль өгсөн, авсан хоёрыг хамтад нь шүүхгүй байгаа нь А.Адъяасүрэн гишүүний хэрэг прокурор дээр гацсан гэж хардах шалтгаан болоод буй.

АТГ-аас УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож, хохирол учруулсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэн шалгаж буй. Нүүрсний хэрэг эд өндрөө авч байх үед Ж.Мөнхбат өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж, шалгуулахаа мэдэгдэж шударга хүний дүр үзүүлж байв. Гэхдээ түүний үнэн төрх удалгүй ил болсон байдаг. УИХ-аас зохион байгуулсан нүүрсний сонсголд Ж.Мөнхбатыг дуудсан боловч тэр оролцоогүй. Түр хорооны дарга нь Ж.Мөнхбатыг 10 сард хилээр гараад Монголд эргэж ирээгүй гэдэг мэдээг тухайн үед хэлж байв. Мөн тэрээр 2022 оны хөрөнгө орлогын мэдүүлгээ АТГ-т өгөөгүй, нуун дарагдуулсан гэх мэдээлэл байдаг.

Нүүрсний хэрэгт дээрх улс төрчдөөс гадна Ш.Раднаасэд, Ц.Сэргэлэн, Н.Наранбаатар, Б.Баттөмөр шалгагдсан.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *