Умард Солонгосын Гадаад хэргийн дэд сайд яагаад Улаанбаатарт айлчлал хийв

0

 БНАСАУ-ын улс төрийн өндөр дээд албан тушаалтан таван жилийн дараа Монгол Улсад айлчилж байгаа нь Пёнъяны дипломат харилцаагаа өргөжүүлж буй бодлого стратегийн нэг хэсэг юм.

COVID-19 цар тахлын дэгдэлт гарсны дараа Умард Солонгос хилээ бүрэн хаасан бөгөөд урьдчилан сэргийлэх хатуу арга хэмжээ стратегийг өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн. Түүнээс хойш Пёнъяны дипломат үйл ажиллагаа эрс багасгасан.

Өнгөрсөн онд Пёнъян COVID-19 цар тахал өвчний эсрэг хязгаарлах арга хэмжээгээ тодорхой хүрээнд сулруулах шийдвэр гаргасны дараа Монгол Улс нь Умард Солонгос дахь дипломат ажилтнуудаа сэлгэн ажиллуулах зөвшөөрөл авсан дөрвөн улсын нэг болов. Нөгөө гурван улс нь Хятад, Орос, Куба юм.

Ялангуяа Орос-Украины дайны нөхцөл байдалд шилжсэн энэ цаг үед Хятад, Орос улстай харилцаагаа бэхжүүлэхийг БНАСАУ эрмэлзэж байгаа. Дэлхийн олон нийтийн анхаарал төдийлөн их татахгүй ч Пёнъян дахь Монгол, Куба болон бусад орны Элчин сайд нар Умард Солонгостой харилцах харилцааг идэвхийлэн хөгжүүлж байна. Тухайлбал, нэгдүгээр сарын сүүлээр БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Чой Рюн Хэ-д Монгол Улсаас Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Л.Эрдэнэдаваагийн итгэмжлэх жуух бичиг гардуулах ёслолын арга хэмжээний дараа түүнийг болон элчин сайдын яамны ажилчдыг хүлээн авч хоёр талын харилцааны талаар уулзалт хэлэлцээ хийв.

Умард Солонгос таван жилийн дараа анх удаа Монголд улс төрийн өндөр дээд албан тушаалтан төлөөлөгчдийг айлчлуулав. Гуравдугаар сарын 10, 11-ний өдрүүдэд БНАСАУ-ын Гадаад хэргийн дэд сайд Пак Мён Хо Улаанбаатарт хүрэлцэн ирж, дэд сайд Г.Амартүвшинтэй албан ёсны уулзалт хийсэн төдийгүй мөн Монгол Улсын Гадаад хэргийн сайд Б.Батцэцэг мөн түүнийг айлчлалтай холбоотой хүлээн авч уулзав. Түүгээр ч зогсохгүй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “хуучны анд нөхөр” хэмээн түүхэн уламжлалт найрсаг харилцаатай Умард Солонгос улсаас ирсэн төлөөлөгч дэд сайд Пак Мён Хо-д найрсаг дайллага барьж, ихэд хүндэтгэн хүлээн авч уулзав.

Монгол Улсын ГХЯ хамтран зохион байгуулах “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын IX бага хурал болон “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ад Умард Солонгосоос төлөөлөгчдөө оролцуулахыг Монголын талаас урив. Өнгөрсөн жил БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Чой Сөн Хийг Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалт арга хэмжээнд оролцохыг урьсан ч тэрээр хүрэлцэн ирж оролцоогүй. Харин түүний оронд БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд О Сын Хо тухайн үед арга хэмжээнд оролцож түүнийг төлөөлж мэндчилгээ дэвшүүлж үг хэлсэн юм.

Дэд сайд Пак Мён Хо-гийн Улаанбаатарт хийсэн айлчлалыг ач холбогдол бүхий чухал мэдээ гэж үзэх нь зүйтэй бөгөөд Пёнъян зөвхөн Орос, Хятадтай бус олон улсын хамтын нийгэмлэг бусад улс орнуудтай олон арга замаар дахин холбогдохыг эрмэлзэж буйг харуулж байна. Умард Солонгос өнгөрсөн хугацаанд АНУ-ын үнэнч холбоотон Японтой харилцахдаа Монгол дахь харилцаа холбоогоор дамжуулж байгаа гэсэн мэдээлэл гарч байсан. Үүнээс харахад, дэд сайд Пак Мён Хо-г ирэхээс хэдхэн хоногийн өмнө Монгол Улс, Япон Улсын гадаад харилцаа, аюулгүй байдал, батлан хамгаалах асуудал эрхэлсэн байгууллага хоорондын VI зөвлөлдөх уулзалт Улаанбаатарт болсон нь тохиолдлын хэрэг биш болов уу.

Зүүн Хойд Ази, Солонгосын хойгт Монгол Улсын ач холбогдол нэмэгдэж, зарим талаар Өмнөд Солонгосын зүгээс ч Улаанбаатартай хоёр талын харилцаагаа идэвхтэй хөгжүүлж байна. 2022 оны 12 сард Өмнөд Солонгос өөрийн “Энэтхэг Номхон далайн стратеги”-н хувилбараа олон нийтэд хүргэсэн бөгөөд “Монгол Улс нь Зүүн Хойд Азийн стратегийн түшиц төдийгүй ардчилсан үнэт зүйлс, хүний эрх зэрэг нийтлэг үнэт зүйлс бүхий орон” стратегийн түнш хэмээн тус баримт бичигт онцлон дурдсан байдаг.

Саяхан буюу өнгөрсөн оны 11 сард Өмнөд Солонгос аж үйлдвэрийн нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлэх дэлхийн хүчин чармайлтын нэг хэсэг болох хагас дамжуулагчийн үйлдвэрлэлд ашигладаг гол ашигт малтмалыг олборлон үйлдвэрлэх зорилгоор “Монгол, Солонгосын хамтарсан ховор металлын судалгааны төв”-ийг байгуулахаар төлөвлөж байгаагаа зарласан.

“Korean Wave” буюу “Солонгосын давалгаа” гэгддэг солонгосын поп орчин үеийн кино соёл урлагийг дэлхий дахинд түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаанны нөлөөнд автсан монгол залуус БНСУ-д сурч, ажиллах сонирхолтой байдаг. Одоогоор бүрэн бус тоо мэдээгээр Өмнөд Солонгост 5000-8000 орчим монгол улсын оюутнууд суралцаж байна. Монголд 20 гаруй их дээд сургуулиудад солонгос хэл соёлтой холбоотой мэргэжлээр оюутнууд суралцаж байгаа нь ердөө 3.3 сая хүн амтай улсын хувьд нэлээд том тоо юм. 

Дэд сайд Пак Мён Хо-гийн Монголд хийсэн айлчлалыг Сөүл бас анзаарсан бололтой. Умард Солонгосын Гадаад хэргийн дэд сайд Улаанбаатарт хэлэлцээ хийж байх үед Монгол Улсад сүүлийн 30-аад жил ороогүй цас, зуд говийн малчид болон мал сүргийг сүйрүүлсэн гамшигт үзэгдлийг даван туулахад туслах зорилгоор 200 мянган ам.долларын яаралтай хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ Өмнөд Солонгосын ГХЯ мэдэгдэв.

Сүүлийн үед Солонгосын хойг дахь хоёр улсын улс төрийн уур амьсгал улам ширүүн болж байна. Умард Солонгос энэ оны эхээр Өмнөд Солонгостой байгуулсан эдийн засгийн хамтын ажиллагааны бүх гэрээнээсээ татгалзаж байгаагаа зарласан. Энэхүү шийдвэр нь Пёнъян тус хойгийн хоёр улсыг дахин нэгтгэх зорилгоо орхиж, хоёр Солонгос хоорондын харилцааг дэмжих төрийн агентлаг байгууллагуудаа хаах болсноор Сөүлтэй харилцаагаа бүрмөсөн таслах хүсэлтэй байгаагаа харуулав.

Гэвч Өмнөд Солонгос Пёнъяны эдгээр алхамуудад цочирдсонгүй, харин санаанд оромгүй дипломат стратеги баримталж, Умард Солонгосын хувьд улс төр нийгэм эдийн засгийн том түнш орон Кубатай дипломат харилцаа тогтоож, олон улсын харилцаанд шинэ уур амьсгал авчрав. Сөүл 2-р сарын 14-нд хоёр улс НҮБ-ын дэргэд суугаа байнгын төлөөлөгчдөөрөө дамжуулан дипломат харилцаа тогтоох тухай ноот бичгийг Нью-Йорк хотноо солилцсон талаар мэдэгдэв.

Уг үйл явдлаас хойш Умард Солонгосын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Хаванагийн тухай мэдээлэхээ больсон нь Пёнъяны дургүйцсэн байдлыг илэрхийлж байна. Куба улс бол өмнө нь Умард Солонгосын хэвлэл мэдээллийн хэрэгслээр хамгийн их холбоотой мэдээлэл цацагддаг улсуудын нэг байсан бөгөөд Хятад, Оросын дараа ордог байв.

Умард Солонгос тус асуудалд хариу арга хэмжээ авч, Орос, Хятадаас гадна бусад улс орнуудтай идэвхтэй дипломат харилцаа өрнүүлэхийг эрмэлзэж байна. Куба, Вьетнам гэх зэрэг улс орнуудаас гадна бусад “хуучин анд нөхөд” улс орнуудаа Өмнөд Солонгост цаашид алдахгүй гэж Пёнъян нэлээн найдлага тавьж хичээж байгаа бололтой. Пёнъяны хувьд дэд сайд Пак Мён Хо-гийн айлчлалаар Монгол Улстай уламжлалт найрсаг харилцаагаа бэхжүүлэхээс гадна Япон улстай харилцаагаа сайжруулахыг хичээж байна. Уг стратегийн өөрчлөлт нь өнөөгийн Умард Солонгосын дипломат харилцааны хүндрэлийг арилгах олон улсын хамтын нийгэмлэгтэй ойртох, мөн АНУ, Өмнөд Солонгос, Япон зэрэг холбоотон улс орнуудын хоорондын эв нэгдлийг сарниулах оролдлого гэсэн хоёр зорилготой байгаа боловуу гэж харж болохоор юм.

Олон улсын харилцааны шатрын тавцан дээр улс орнуудын найрамдал, дайсагнал ямар ч үед өөрчлөгдөж болзошгүй бөгөөд зөвхөн үндэсний эрх ашиг өөрчлөгдөөгүй хэвээр үлддэг гэсэн гүн гүнзгий үнэнийг дээр дурьдсан үйл явдлууд харуулж байна. Дипломат шийдвэр нэг бүрийг улс орнууд үндэсний эрх ашгийг дээд зэргээр хамгаалах зорилготой нягт нямбай авч үздэг.

Шийдвэрлэх боломжгүй мэт санагдах дипломат тоглоомд улс орон бүр өөрт нь хамгийн таатай байр суурийг эзлэхийн төлөө тэмцэж байгаа бөгөөд эцсийн үр дүн нь аль ч оролцогч бүрэн таамаглаж чадахгүй шинэ нөхцөл байдлыг үүсгэж болзошгүй юм. Олон улсын харилцаанд байнга өөрчлөгдөж байдаг энэхүү нарийн төвөгтэй сорилтуудын хариултыг цаг хугацаа л харуулах болно.

Тус өгүүлэл The Diplomat сэтгүүлд 2024 оны гуравдугаар сарын 16-нд “Why Did North Korea’s Deputy Foreign Minister Visit Ulaanbaatar?” нэртэйгээр англи хэл дээр нийтлэгдсэн.

About Author

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *