12 настай охины амь насыг бүрэлгэсэн этгээдийн шүүх хурал энэ сарын 29-нд болно
2023 оны аравдугаар сард Дорноговь аймгийн Сайншанд сумаас 12 настай охин сураггүй алга болж, гурав хоногийн дараа охин бусдын гарт амь насаа алдсан байдалтай олдсон. Тус хэрэгт урьд өмнө ял шийтгүүлж байгаад магадлангаар суллагдсан этгээдийг сэжиглэн саатуулж шалгалтын ажиллагаа явуулсан бөгөөд түүнийг шүүх хурал энэ сарын 29-ний өдөр товлогджээ.
Тодруулбал,Нийслэлийн прокурорын газраас 2023 оны аравдугаар сарын 3-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумаас бага насны хүүхдийг такси үйлчилгээнд явж байгаа мэтээр хууран мэхэлж машиндаа суулган хүчээр авч явж хүчиндэн, улмаар гэмт хэргээ нуун далдлах зорилгоор амь насыг нь хохироосон Г.Г-д холбогдох хэргийг энэ оны хоёрдугаар сард яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 19-нд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, хэргийг гэм буруугийн хуралдаан руу шилжүүлэн, дараагийн хурлыг 2024 оны гуравдугаар сарын 29-ний өдрийн 09:00 цагт хийхээр товлосон байна.
Прокуророос Г.Г-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн
- 13.2 дугаар зүйлийн 2.1 /Хүн хулгайлах/,
- 12.1 дүгээр зүйлийн 4 /Хүчиндэх/,
- 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7 /Хүнийг алах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн юм.