Монголд анх удаа уналт таталттай өвчтөнд тэнэгч мэдрэлийг өдөөх мэс засал хийжээ
П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэг Монгол Улсад анх удаа тархины байнгын уналт таталттай эмчлүүлэгчид тэнэгч мэдрэлийг цочроох, суулгац суулгах мэс засал хийжээ.
Тус эмнэлгийн мэдрэлийн мэс засал, мэдрэл, эпилепси судлаач эмч нар БНХАУ-ын профессор Чангин Лиугийн хамт уналт таталт оноштой долоон настай хүүхдээс эхлээд насанд хүрсэн нийт 12 эмчлүүлэгчийг нарийвчилсан үзлэг оношилгоонд хамруулсан байна. Тэднээс уналт таталтын олдмол шалтгааны улмаас зургаан настайгаасаа эхлэн унаж татах эмгэгээр өвдсөн, сард дээд тал нь 20 гаруй удаа унадаг, олон эмд тэсвэртэй эпилепси оноштой 26 настай эмчлүүлэгчийг сонгон энэхүү эмчилгээг хийсэн аж.
Вагус буюу тэнэгч мэдрэлийг өдөөх эмчилгээ нь гавлын ясыг нээхгүйгээр, хүзүүний хэсгийн арьсан доор тэнэгч мэдрэлийг цочроох хэрэгслийг суулган, цахилгаан өдөөлт хийх замаар эпилепсийн уналт таталтыг хянаж бууруулдаг, өвчтөнд зовуурь, эрсдэл багатай дэвшилтэт технологийн нэг бөгөөд олон улсын практикт ялангуяа эдгэрэлт муутай уналт таталт (эпилепси) өвчний үеийн эмчилгээний нэг сонголт болж өргөнөөр нэвтэрсэн юм. Гавлын мэс засал хийхэд тохиромжгүй таталтууд, эсвэл эпилепсийн голомтот тайралтын дараа үлдсэн уналтын үед илүү үр дүнтэй бөгөөд гавлын нээлттэй мэс засал хийлгэх, эпилепсийн эсрэг эмийг их тунгаар хэрэглэхээс илүү тархи болоод бие махбодод хөнөөл багатай эмчилгээ болдог ач холбогдолтой.
Эмчлүүлэгч хагалгааны дараа хоёр дахь хоног дээрээ энгийн тасаг руу шилжсэн, биеийн байдал сайн, мэдрэл цочроогч төхөөрөмж хэвийн ажиллаж байгааг албаныхан онцоллоо.